Ажил эрхлэлт Ажил амралтын цаг

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл цаг байхаар хуульчилсан бөгөөд уг хязгаарыг баримтлан байгууллага хөдөлмөрийн дотоод журмаараа ажлын өдрийн үргэлжлэх цагийг тогтооно. Ажил олгогчийн санаачилгаар буюу хөдөлмөрийн дотоод журмын тогтоосон ажлын цагийн хуваарийн дагуу ажилтныг өдөрт 8 цагаас хэтрүүлэн ажиллуулсан бол илүү цагаар ажиллуулсан гэж үздэг.

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар бүлэгт ажил, амралтын цагийг зохицуулсан байдаг.

Ердийн ажлын цаг

Ердийн ажлын өдөр 8 цаг үргэлжилнэ. Бямба, ням гарагт амарна.

Тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, үйлчилгээний   байгууллага, төмөр зам, нисэх, уурхай болон ажлын онцлогоос  хамаарч 8 цагийн ажлын өдрийг үргэлжлэлийг баримтлах  боломжгүй тохиолдолд “Ажлын цагийг нэгтгэн бодох журам”-ыг хэрэглэх бөгөөд ажилтны долоо хоногийн ажлын цаг 40 цагаас, сарын ажлын цаг 160 цагаас илүүгүй байхаар ээлжийг зохион байгуулна. “Ажлын цагийг нэгтгэн бодох журам”-ыг Засгийн газар баталдаг.

Ажилтанд амрах, хоолоход зориулж үдийн завсарлага олгоно. Үдийн завсарлага эхлэх, дуусах хугацааг байгууллага нь Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоодог.

Илүү цаг

Хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ.

Өдөрт 8 цагаас, долоо хоногт 40 цагаас, сард 160 цагаас  илүү ажилласан цагийг өөр өдөр нөхөж амруулна. Нөхөж амруулаагүй бол илүү ажилласан цагт цалинг 1,5 дахин нэмэгдүүлж олгоно.

Ажлын цагийг богиносгох

18 насанд хүрээгүй хүүхдийг богиносгон ажлын цагаар ажиллуулна. 14-15 насны хүүхдийн долоо хоногийн ажлын үргэлжлэл 30 цаг, 16-17 насны хүүхдийнх 36 цагаас илүүгүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны долоо хоногийн ажлын цагийн үргэлжлэл 36 цагаас илүүгүй байна.

Зарим өвчний үед Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комисс ажилтны ажлын цагийг богиносгох тухай шийдвэр гаргадаг. 

Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол энэ нөхцөлд ажиллаж байгаа ажилтныг богиносгосон  цагаар ажиллуулна.

Чөлөө

Ажилтан хувийн болон бусад шалтгаанаар чөлөө авах эрхтэй. Чөлөө авах хугацаанд цалин, тэтгэмж хэрхэн олгохыг ажил олгогч хөдөлмөрийн дотоод журмаар эсвэл Үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээгээр зохицуулна.

Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаанаар ажилдаа ирээгүй бол түүний ажил, албан тушаалыг ажил олгогч хэвээр хадгалах үүрэгтэй бөгөөд тэр тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлээр зохицуулсан.

Ажилтан чөлөө авах хүсэлтээ албан ёсоор ажил олгогчид гаргах үүрэгтэй бөгөөд ажилд ирээгүй шалтгаанаа ажил олгогчид урьдчилан мэдэгдэх, боломжгүй бол аль болох богино хугацаанд мэдэгдэх ёстой.

Ажил, албан тушаалыг хэвээр хадгалах

 Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлд ажилтан дараах шалтгаанаар ажилдаа ирээгүй бол түүний ажил, албан тушаалыг ажил олгогч хэвээр хадгалах үүрэгтэй гэж заасан:

  • төрийн байгууллагын сонгуульт үүрэг гурван сар хүртэл хугацаагаар гүйцэтгэж байгаа;
  • ээлжийн амралттай байгаа;
  • эмнэлгийн шинжилгээ хийлгэх, донорын үүрэг гүйцэтгэх, эмчийн магадлагаагаар болон захиргааны чөлөөтэй байгаа;
  • жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа;
  • хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, хэлэлцээ хийхэд ажилтнуудыг төлөөлөн оролцож байгаа болон хууль ёсны ажил хаялтад оролцож байгаа;
  • цэргийн зарлан дуудах хуудас авсан ажилтан цэрэг татлагын комисст очих, эмнэлгийн үзлэгт орох үед;
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээнд хамрагдсан үед;
  • хууль тогтоомж, хамтын ба хөдөлмөрийн гэрээнд заасан бусад тохиолдолд. Тухайлбал, халдварт өвчин дэгдсэний улмаас хорио цээр тогтоогдсон, эсхүл гамшигтай тэмцэхтэй холбоотой арга хэмжээнд дайчлагдсан үед нь ажилтны ажил албан тушаалыг хэвээр хадгалах ёстой.

Ажил, албан тушаал нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны оронд өөр хүн ажиллуулбал ажил олгогч түүнтэй хугацаатай гэрээ байгуулна.

Ээлжийн амралт

Ажилтан ажлын жил тутамд нэг удаа олговортой ээлжийн амралт эдлэх эрхтэй.

Ажлын жилийг тухайн байгууллагад ажилд орсон өдрөөс эхэлж тоолно. Жишээ нь 2018 оны 10 дугаар сарын 5-нд ажилд орсон ажилтны эхний ажлын жил  нь ажилд орсон өдрөөс эхэлж 2019 оны 10 дугаар сарын 5 хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд ажилтан 1 удаа ээлжийн амралт биеээр эдлэх эрхтэй.

Ээлжийн амралтыг ажлын өдрөөр тооцож олгоно.  Ажлын өдөрт Бямба, Ням гариг болон нийтээр амрах амралтын өдөр орохгүй.

Ээлжийн амралтын доод хугацаа нь ажлын 15 өдөр байна. Цаашид ажилласан жил, хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарч ээлжийн амралт нэмэгдэнэ. Тухайлбал ажилтан хэвийн нөхцөлд ажилладаг бол ээлжийн амралт дараах хоногоор нэмэгдэнэ:

  • 6-10 жилд ажлын 3 өдөр;
  • 11-15 жилд ажлын 5 өдөр;
  • 16-20 жилд ажлын 7 өдөр;
  • 21-25 жилд ажлын 9 өдөр;
  • 26-31 жилд ажлын 11 өдөр;
  • 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр

Нэмэгдэл амралтыг ажилтны тухайн байгууллагад ажилласан хугацаанаас биш нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласан нийт хугацаанаас тооцож олгоно. Жишээ нь Та компанидаа эхний жил ажиллаж байгаа ч нийтдээ хэвийн нөхцөлд  9 жил ажилласан бол ажлын 18 өдрийн ээлжийн амралт эдлэх эрхтэй гэсэн үг.   

Ээлжийн амралт олгох заавар

Ажил олгогч нь ажилтанд ээлжийн амралт олгохдоо Хөдөлмөрийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон “Ээлжийн амралт олгох заавар”-ыг удирдлага болгоно.

“Ээлжийн амралт олгох заавар” болон “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ыг Эрүүл, мэнд нийгмийн хамгааллын сайдын тушаалаар баталсан байдаг.  

Нийтээр амрах баярын өдөр

Монгол Улсад дараах баярын өдөр нийтээр амарна:

  • Шинэ жил: нэгдүгээр сарын 1;
  • Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8;
  • Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1;
  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15;
  • Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;
  • Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26;
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29.

Нийтээр амрах өдөр ажилласан ажилтныг нөхөж амруулна. Амруулаагүй тохиолдолд цалинг 2 дахин нэмэгдүүлж олгоно.

Хөдөлмөрийн тухай хууль (1999 он) ЭНД дарж үзнэ үү.

Нэг. Ажлын цаг, 7 хоног бүрийн амралтын тухайд

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл цаг байхаар хуульчилсан бөгөөд уг хязгаарыг баримтлан байгууллага хөдөлмөрийн дотоод журмаараа ажлын өдрийн үргэлжлэх цагийг тогтооно. Ажил олгогчийн санаачилгаар буюу хөдөлмөрийн дотоод журмын тогтоосон ажлын цагийн хуваарийн дагуу ажилтныг өдөрт 8 цагаас хэтрүүлэн ажиллуулсан бол илүү цагаар ажиллуулсан гэж үздэг.

Мөн тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний байгууллагаас бусад байгууллагад ажил олгогчийн санаачилгаар нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр /бямба, ням гарагт/ ажилтныг ажиллуулахыг хуулиар хориглосон боловч ажил олгогч, ажилтан 2 хөдөлмөрийн гэрээгээр харилцан тохиролцож дээрх өдрүүдэд ажиллаж болохоор заажээ.

Ажлын онцлогоос болж долоо хоногийн хоёр амралтын өдөр ажилладаг ажилтныг өөр дараалсан 2 өдөр амраана. Ийнхүү долоо хоногийн амралтын өдөр ажилладаг ажилтныг өөр дараалсан 2 өдөр амруулаагүй бол 1,5 дахин нэмэгдүүлсэн цалин хөлс олгохоор хуульчилсан байна.

Тиймээс илүү цагаар ажилласан, нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амраах тушаал гаргах, эсвэл цалинг олгохдоо дээрх нэмэгдэл хөлс олгосноо баримтжуулаагүй бол эрх бүхий байгууллагаас нэмэгдэл хөлсийг олгоогүй гэсэн шийдвэр гаргах магадлалтайг анхаарна уу.

Хөдөлмөрийн гэрээ, тушаалд бичигдсэн ажилтны үндсэн цалинд илүү цагаар ажилласан, нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг оруулан тооцдоггүй. Харин уг үндсэн цалинд үндэслэн дээрх 1,5 болон 2 дахин нэмэгдэл цалин хөлсийг сар бүр бодож олгох ёстой юм.

Хэрэв танай байгууллага хөдөлмөрийн гэрээ, тушаалд бичигдсэн ажилтны үндсэн цалинд илүү цагаар ажилласан, нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны нэмэгдэл хөлсийг оруулж тооцож байгаа бол уг зөрчлөө энэ зөвлөмжийн дагуу засах нь зүйтэй.

Хоёр. Нийтээр тэмдэглэх баярын амралтын өдрүүдийн тухайд

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажилтныг амраах ёстой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажил олгогчийн санаачилгаар дор дурдсанаас бусад тохиолдолд ажиллуулахыг хориглоно. Үүнд:

  1. улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;

  2. байгалийн болон нийтийг хамарсан гамшиг, үйлдвэрлэлийн ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;

  3. нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;

  4. урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх;

  5. тасралтгүй ажиллагаатай үйлдвэрлэл, хүн амын үйлчилгээний болон хойшлуулшгүй засвар, ачиж буулгах ажил гүйцэтгүүлэх.

Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулж болно. Хэрвээ ажиллуулсан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.

Асуулт 1: Ажилтныг нийтээр амрах баярын өдөр болон 7 хоног бүрийн амралтын өдөр ажиллуулсан бол нөхөж амрах боломж байдаг уу?

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт “Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулж болно” гэж заасан бөгөөд ийнхүү ажиллуулсан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно хэмээн мөн зүйлийн 78.3 дахь хэсэгт заасан байдаг.

Асуулт 2: Би хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг. Бүх нийтийн амралтын өдөр ажилласан бол нөхөн амрах уу?

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажилтныг амраах ёстой. Харин ажил олгогчийн санаачилгаар тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дах хэсэгт зааснаар “Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулж болно” гэж заасан байдаг. Ажиллуулсан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно. Хэрэв нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.

 

Асуулт 3: Ээлжийн амралтаа эдэлж байх хугацаандаа эмнэлэгт хэвтсэн тохиолдолд листний мөнгө олгогдох уу?

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд зааснаар Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалд зааснаар ээлжийн амралт үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар алдсан (эмнэлэгт хэвтсэн хугацаа), ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулдаггүй. Тиймээс ээлжийн амралтаа эдэлж байх хугацаандаа эмнэлэгт хэвтсэн тохиолдолд листний мөнгө авах эрхтэй.

Асуулт 4: Ээлжийн амралтын олговрыг хэрхэн тооцдог вэ?

Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгохдоо тухайн ажилтанд амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах ба гарсан тоог байгууллагын мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Ингээд нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлсэн дүн нь ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговор болно. Хэрэв ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно.

 

Асуулт 5: Манай компани улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг. Үйл ажиллагаанаас хамааран хөдөлмөрийн тухай хуулинд зааснаас илүү цагаар ажиллах шаардлагатай байдаг. Өвлийн улиралд бараг ажилгүй байдаг. Энэ тохиолдолд ажлын цагийг хэрхэн хууль ёсны дагуу ажлыг алдагдуулахгүйгээр явуулж болох вэ?

            Засгийн газрын 1999 оны 122 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан
ажлын цагийг нэгтгэн бодох журмыг баримтална.

1. Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан өдрийн болон долоо хоногийн ажлын цагийг баримтлах боломжгүй аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны ажлын цагийг нэгтгэн бодоход энэ журмыг мөрдөнө.

2.Ажил, үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан тодорхой хугацаанд буюу оргил ачааллын /тухайлбал ургац хураах, хадлан тэжээл бэлтгэх, мал нядлах, хээрийн нөхцөлд нүүдэллэн явж худаг ус гаргах, засварлах, ашигт малтмал ашиглах, хайгуул хийх, зам засах, барилгын угсралт, засварын ажил хийх, богино хугацаанд их хэмжээний ажлын захиалга биелүүлэх болон эдгээртэй адилтгаж болох цаг үеийн, улирлын чанартай ажил эрхлэх/ үед ажлын өдрийн үргэлжлэлийг уртасган тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 70.2-т зааснаас хэтрүүлэн ажилласан ажлын цагийг оргил ачааллын бус үед ажилтныг нөхөн амраах замаар зохицуулахад ажлын цагийг нэгтгэн бодох журмыг хэрэглэнэ.

3.Ажлын цагийг нэгтгэн бодож тооцох асуудлыг хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд тусгана.

4. Ажлын цагийг нэгтгэн бодож тооцох хугацаа, ажлын өдрийн үргэлжлэх цагийг тухайн ажил олгогчийн тушаалд тодорхой дурдсан байна.

5. Оргил ачааллын үед ажлын өдрийн үргэлжлэлийг 12-оос илүүгүй цагаар тогтооно.

6. Оргил ачааллын үед жинхэнэ ажилласан цагийг тооцохдоо тухайн хугацаанд жинхэнэ ажилласан өдрийн тоог ажлын өдрийг уртасган тогтоосон цагаар үржүүлж тодорхойлно.

7.Оргил ачааллын үед ажлын цагийг хэтрүүлэн ажилласан цагийг тодорхойлохдоо жинхэнэ ажилласан цагийн нийт дүнгээс тухайн хугацааны ердийн ажлын үргэлжлэлээр тооцсон ажлын цагийг хасна.

8. Тооцоот хугацааны ажлын цагийн фондоос хэтрүүлэн ажилласан цагийг оргил ачааллын бус үед дараах байдлаар зохицуулна:

а/ ачаалал багатай үед ажлын өдрийн үргэлжлэлийг богиносгох;

б/ долоо хоногийн ажлын өдрийн тоог цөөрүүлэх;

в/ ээлжийн амралт дээр нь нэмэгдэл амралт олгох;

г/ сул зогсолт гарвал өмнөх хугацаанд хэтрүүлэн ажилласан цагт нь тооцож нөхөн амрааж болно.

9. Тооцоот хугацааны ажлын цагийн фондоос хэтрүүлэн ажилласан цагаа бүтнээр, эсвэл тодорхой хэсгийг нь биеэр нөхөн амралгүйгээр ажиллах хүсэлтээ албан ёсоор гаргасан ажилтныг ажил олгогч ажиллуулж болно.

10. Тооцоот хугацааны ажлын цагийн фондоос хэтрүүлэн ажилласан цагийг энэ журмын 8-д зааснаар нөхөн амруулахаар зохицуулж чадаагүй, 9-д дурдсанаар биеэр нөхөн амруулаагүй тохиолдолд хэтрүүлэн ажилласан цагт ногдох цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасны дагуу цагийн тарифт цалинг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлэн тооцож олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлд заасан нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын ба хөдөлмөрийн гэрээгээр тогтооно.

11. Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг мөрдөж байгаа үед нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд зааснаар цалин хөлсийг олгоно.

12. Ажлын цагийг нэгтгэн бодох журмыг мөрдөж ажилласан бол ажлын цагийн тооцоог тухайн ажлын жилд нь багтаан хийнэ.

Агуулга анх оруулсан: 2019-01-31 Шинэчилсэн: 2019-01-31

Мэдээ мэдээлэл