Гэр бүлийн харилцаа Эцэг, эх тогтоолгох

Эцэг, эх тогтоолгох

Онцгой ажиллагааны журмаар эцэг, эхийг тогтоох ажиллагаа нь тухайн асуудал маргаангүй байх нөхцөлд явагдана. Хүүхдийн эцэг, эхийг тогтоох хүсэлтийг эцэг, эх, асран хамгаалагч, сонирхогч этгээд, иргэн болон хуулийн этгээд, 14 насанд хүрсэн хүүхэд шүүхэд гаргана. Хүүхдийн эцэг, эхийн талаар маргаантай бол ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцээний үндсэн дээр явуулж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шийдвэр гаргадгаараа онцгой ажиллагааны журмаар хүүхдийн эцэг, эхийг тогтоож буй ажиллагаанаас ялгагдана. Хүүхдийн эцэг, эхийг тогтооход талууд маргаангүй бол өөрсдөө өргөдөл гаргаж, Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар захиргааны журмаар эцэг, эхийг тогтооно.

Та эцэг, эхийг тогтоолгох хүсэлтэй байгаа бол нэхэмжлэлээ

  1. хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд
  2. гэрлэгчид хэний оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргахаа харилцан тохирч
  3. нэхэмжлэгч бага насны хүүхэдтэй буюу тахир дутуу, хүндэтгэн үзэх бусад шалтгаан байвал өөрийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргана. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 126 дугаар зүйл/ 

/“бага насны хүүхэд” гэдэгт Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.-д заасан 0-7 насны буюу иргэний эрх зүйн чадамжгүй, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.-д заасан 7-14 хүртэлх насны буюу иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээдийг тус тус ойлгоно. Мөн заалтын тахир дутуу этгээд” гэдэгт төрөлхийн болон олдмол өвчний улмаас Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадваргүй гэж тооцогдон, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ тогтоолгосон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хамааруулна. Харин мөн заалтын “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт хариуцагчийн оршин суугаа шүүхэд очих боломжгүй, эсхүл хүндрэлтэй байгаа, нэхэмжлэгчийн эрүүл мэнд, эд хөрөнгө, цаг хугацаа болон бусад байдлаас шалтгаалсан бодит, тодорхой нөхцөлийг ойлгох нь зүйтэй. / / Улсын Дээд Шүүхийн зөвлөмж, Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай 2.1-т /

Эцэг тогтоолгохоор иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад бүрдүүлэх материал:

 Иргэний үнэмлэхний хуулбар / нотариатаар баталгаажуулсан /

  1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар / нотариатаар баталгаажуулсан
  2. Хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурдаг бол сургуулийн тодорхойлолт
  3. Ам бүл, аж байдлын талаар багийн даргын тодорхойлолт
  4. Өрхийн эмчийн тодорхойлолт
  5. Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг тушаасан баримт
  6. Нэхэмжлэл – 2%

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1 дэх хэсэг/ ба хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Хэргийг тухайн шүүхийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор дахин сунгаж болно. /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйл/

Эцэг тогтоох шинжилгээ ажлын 10 хоногт Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс гаргана.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймаг, нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрхэх тухай хуулийн 161 дүгээр зүйл/. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч дээрх заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол хугацаа сэргээлгэх хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргах ба хүсэлтийг хангах эсэхийг шүүгч захирамж гарган шийдвэрлэнэ. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 167 дугаар зүйлийн 167.6 дахь хэсэг/

Эцэг тогтоолгох шинжилгээг зөвхөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хийлгэсэн шинжилгээний хариу хууль зүйн ач холбогдолтой байна. Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлт байна. / Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйл /

Асуулт 1. Эцэг, эх тогтоолгох шинжилгээг хувийн генетикийн шинжилгээ хийдэг газар хийлгэсэн юм. Тэгэхээр энэ шинжилгээний хариугаа хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлдээ хавсаргаж болохгүй гэсэн үг үү?

Шүүхийн шинжилгээ хийх үндэслэл нь шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, прокурор, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, төрийн эрх бүхий байгууллагын хүсэлтээр /Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйл/ Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, эрдмийн зэрэг, цол, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид шинжилгээ хийлгэхээр даалгана. /Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т/  Иймд өөр хувийн байгууллагаар хийлгэсэн шинжилгээг хавсаргах боломжгүй юм.

Асуулт 2. Эцэг, эх тогтоолгох шинжилгээг төрөөд удаагүй байгаа хүүхдэдээ хийлгэхээр бол заавал хүүхдийн цуснаас авдаг уу?

Шүүхийн шинжилгээний үндэсний хүлээлэнгээс шинжилгээний дээжинд ихэвчлэн цус авдаг ч зарим тохиолдолд нялх хүүхдээс шүлс авдаг.

Асуулт 3. Эцэг, эх тогтоолгох шинжилгээний төлбөр нь хэд байдаг вэ?

Эцэг, эх тогтоох шинжилгээний хийлгэхийн тулд 147000 төгрөг төлөх ба энэ мөнгө нь Төрийн сан руу шилждэг.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл