Газрын харилцаа Хувийн өмчийн газар

Хувийн өмчийн газар

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд өмчлүүлж болно”.

Тайлбар: Төрөөс газрыг аж ахуйн нэгж байгууллага болон гадаадын иргэнд өмчлүүлэхгүй гэсэн үг. Монгол Улсын иргэд ч хувийн өмчийн газрынхаа өмчлөх эрхийг аж ахуйн нэгж байгууллага, гадаадын аливаа этгээдэд шилжүүлж үл болно! Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар "Монгол Улсын иргэнтэй гэр бүл болсон гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөх эрх эдлэхгүй."

Тайлбар: Газрыг гэр бүлийн хамтын буюу ахуйн хэрэгцээний зориулалтаар үнэгүй, харин аж ахуйн буюу бизнес (газар тариалан, үйлдвэрлэл үйлчилгээ гэх мэт)-ийн зориулалтаар бол зохих үнэтэйгээр өмчлүүлнэ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 7.1-д зааснаар Монгол Улсын иргэнд гэр бүлийн хэрэгцээний хамтын зориулалтаар нэг удаа үнэгүй өмчлүүлэх газар нь байршлаасаа хамаарч дараах хэмжээтэй байдаг.

                    Нийслэлд                                                                       0,07 хүртэл га

                    Аймгийн төвд                                                                 0,35 хүртэл га

                    Сумын төв, тосгонд                                                       0,5 хүртэл га

                    Нийслэлийг аймгийн төвтэй холбосон

                    улсын чанартай авто замын дагуух газарт

                    /сумын төвөөс бусад/                                                    0,07 хүртэл га

 

 Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэн нь дараах эрхтэй:

  • Иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;
  • Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах; /Энэ хугацаа г 2028 он хүртэл үргэлжлэхээр хуульд заажээ./
  • Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж байгаа газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бол тухайн иргэний хүсэлтээр уг газрыг түүнд үнэгүй өмчлүүлэх (МУГӨТХ-ийн 5.1.5.2);
  • Иргэний хувийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгө (өмч хувьчлал болон иргэний хуулийн дагуу олж авсан)-ийн доорхи эзэмших эрхтэй газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бөгөөд тухайн иргэн хүсэлт гаргасан тохиолдолд тухайн газрыг зохих үнээр нь өмчлүүлнэ (МУИГӨТХ-ийн 5.1.6.1);
  • Иргэний шинээр барьж байгуулах, эсхүл хуульд заасны дагуу хувьчилж авах үл хөдлөх эд хөрөнгийн доорхи газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдэд өмчлүүлэхээр тусгагдсан бол тухайн газрыг дуудлага худалдаа зохион байгуулах замаар өмчлүүлнэ (МУИГӨТХ-ийн 5.1.6.2).

Иргэн газар өмчилж авахыг хүссэн иргэн өргөдлөө Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар (хуучин нэрээр)-ын даргын 2008 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тушаалаар батлагдсан загварын дагуу тухайн газрыг харьяалах орон нутгийн газрын албанд хандаж гаргана. 

 
ГАЗРЫН АЛБА

Өргөдөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан дараахь бичиг баримтыг хавсаргана.

  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;
  • Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар;
  • Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг.

Газар өмчлөх эрх зөрчигдсөн гэж үзвэл

 
Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учируулсан гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана.

Гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж иргэнд бичгээр хариу өгнө.

 
Дээрх  хугацаанд хариу аваагүй бол гомдлоо шүүхэд гаргана.

 

1

Газар өмчилж авах тухай өргөдөл гаргах, түүнийг хянах

(Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйл)

Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах зүйлийг тусгана:

 

 Иргэн газар өмчилж авах тухай өргөдөлд дараах баримт бичгийг хавсаргана:

  • Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ийн тодорхойлолт;
  • Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөх бол өмчлөгч бүрийн хувьд оногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/.
  • Сум, дүүргийн Засаг дарга өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна. (Иргэн та хүсэлт хүлээн авсан талаар тодорхойлолтоо шаардан авч хадгалаарай!!!)

Тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас иргэдэд өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээний талаарх зохих шийдвэр гарсны дараа иргэдээс газар өмчилж авах тухай хүсэлтийг хүлээн авна.

Тайлбар: Шийдвэр гэдэг нь тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухай жилийн төлөвлөгөө батлах тухай ИТХ-ыг тогтоолыг хэлж байгаа болно.

Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга газар өмчилж авах тухай иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.

 

2

Газар өмчлүүлэх тухай шийдвэр гаргах

(Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйл)

Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана.

 

 

3

Газар өмчлөх эрхийг баталгаажуулах

(Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйл)

Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг даргын гаргасан шийдвэр болон газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон нэгж талбарын дугаарыг үндэслэн  иргэнд өмчлүүлсэн газрыг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль  тогтоомжид   заасны дагуу улсын бүртгэлд бүртгэж тухайн иргэн уг газрын хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ /цаашид “Улсын бүртгэлийн гэрчилгээ” гэх/-г улсын бүртгэлийн байгууллагаас олгоно.

Шийдвэр гэж Газрыг өмчлөх эрх төрөөс иргэнд шилжсэн болохын нотлох үндсэн баримт бичиг;

Нэгж талбарын дугаар гэж 2018 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэн газар өмчлөх эрх болон үл хөдлөх хөрөнгийг нэгж талбарын дугаарыг үндэслэн улсын бүртгэлд бүртгэх болсон. Нэгж талбарын дугаарыг тухай газрын кадастрын зургийг баталгаажуулах эрх бүхий газрын алба даамлын зүгээс олгох бөгөөд нэгж талбарын дугаар нь тухай газар төдийгүй уг газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн төр болон бусад этгээдийн зүгээс ялгаж таних “гол түлхүүр” болон цаашдаа хэрэглэгдэх юм.

Мөрдөж байгаа журам ёсоор нэгж талбарын дугаар нь 10 оронтой тоо бүхий дугаар байгаа болно.

Жишээ нь: Завхан аймгийн Их-Уул суман дахь нэгж талбарын дугаар нь 81010ХХХХХ дугаарлалттай байна 8 кадастрын баруун бүс, 81 кадастрын мужийн дугаар буюу завхан аймаг 010 кадастрын тойргийн дугаар буюу Завхан аймгийн Их-Уул сум. ХХХХХ нэгж талбарын хувийн дугаар болно.

Улсын бүртгэлийн гэрчилгээ гэж Тухай газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсэн болохыг баталгаажуулж, Улсын бүртгэлийн ерөнхий газар, түүний харьяа хэлтэс, газраас иргэнд олгож байгаа баримт, иргэд энэхүү гэрчилгээний үндсэн дээр өмчийн газар төдийгүй үл хөдлөх хөрөнгөө албан ёсоор бусдад худалдаж, бэлэглэж, барьцаалах боломжтой болдог. 2018 оны 11 сарын 01-нээс эхлэн газар болон үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээн дээр нэгж талбарын дугаар тавигдах болсныг анхааралдаа авна уу;

 

4

Газар зохион байгуулалт хийж газрыг иргэний өмчид хүлээлгэн өгөх

(Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 23 дугаар зүйл)

Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийсэн байна.

Иргэнд өмчлүүлэх газарт кадастр хийх, зохих шийдвэрийг үндэслэн газрыг өмчлөгчид нь хүлээлгэж өгөх, заагийг тогтоох, тэмдэглэх, бүртгэх ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.

 

5

Иргэн газар өмчлөх эрхээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх

(Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйл)

Иргэний хувийн өмчийн газрын заагийг газар дээр нь тогтоох, тэмдэглэх, заагийн өөрчлөлтийг бүртгэлд тусгах, хянах үйл ажиллагааг сумын газрын даамал, дүүргийн газрын алба тус тус хариуцан гүйцэтгэнэ.

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20.6-д зааснаар “Иргэнд газар өмчлүүлэх иргэний гаргасан өргөдлийг хүлээж авсан өдрөөс хойш 3 сарын дотор хянан шийдвэрлэнэ.”

Газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхтэй холбоотойгоор гаргасан гомдлыг шийдвэрлэх хугацаа

Гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж иргэнд бичгээр хариу өгнө.

Хэрэв тухайн шатны Засаг даргын шийдвэр иргэн таны хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн эсхүл хуульд заасан 30 хоногийн хугацаанд таны гомдолд хариу өгөөгүй бол Та харьяа нутаг дэвсгэрийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжтой.

Гомдол шийдвэрлэх ажиллагаа:

Иргэн газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд нь төрийн байгууллага, албан тушаалтан хууль бусаар саад учруулсан гэж үзвэл тухайн байгууллага, албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргана.

Жишээ нь: Сумын Засаг даргын захирамж, шийдвэрийн талаар Аймгийн Засаг даргад, дүүргийн Засаг даргын захирамж, шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг даргад гэх мэт

Гомдлыг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж иргэнд бичгээр хариу өгнө. Энэ хугацаанд /30 хоногт хариу өгөөгүй бол шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Хэрэв тухайн шатны Засаг даргын шийдвэр иргэн таны хууль ёсны эрх ашиг, сонирхлыг зөрчсөн гэж үзвэл харьяа нутаг дэвсгэрийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах боломжтой.

Асуулт 1. Малчин өрх өвөлжөө, хаваржааны газраа эзэмшихийн зэрэгцээ аймаг, сумын төвд хашааны газар өмчлөн авч болох уу?

Малчин өрх нь хот айлаар өвөлжөө, хаваржааныхаа газрыг дундаа хамтран эзэмшихийн зэрэгцээ тухайн аймаг, сумын төвд иргэн бүр хуульд заасан хэмжээний газраа нэг удаа үнэгүй өмчлөн авах эрхтэй.

Асуулт 2. Газрын төлбөр, газрын татвар хоёрыг давхардуулан авах уу?

Монгол Улсын Татварын ерөнхий хуульд зааснаар татвар гэж хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил, vйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргvйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг, төлбөр гэж төрийн нийтийн өмч /иргэдэд өмчлvvлснээс бусад газар, тvvнчлэн газрын хэвлий, тvvний баялаг, ой, усны нөөц зэрэг/-ийг ашиглуулсны төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас авч улс, орон нутгийн төсөв буюу тусгай зориулалтын санд төвлөрvvлж байгаа мөнгөн хөрөнгийг тус тус ойлгодог. Иймд Та төрийн өмчийн газрыг эзэмшиж байгаа тохиолдолд зохих төлбөр төлөх, харин төрийн өмчийн газрыг зохих журмын дагуу өмчлөн авсан тохиолдолд газар /vл хөдлөх эд хөрөнгө/-ын татвар төлөх үүрэгтэй. Тиймээс газрын төлбөр, татвар хоёрыг давхардуулан авдаг гэж ойлгох нь буруу юм. Харин ГТХ болон ЭХЭУБТХ-д заасны дагуу орон нутгийн газрын алба, УБЕГ, түүний харьяа газар, хэлтсээс иргэдэд vйлчилгээ vзvvлснийхээ төлөө хуульд заасан хэмжээгээр тэмдэгтийн хураамж, мөн зохих журмын дагуу тогтоосон vйлчилгээний хөлс, хураамж авч болно.

Иргэдэд үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагууд тэмдэгтийн хураамж болон үйлчилгээний хөлсийг давхардуулан авдаггүй.

Асуулт 3. Гэрээ, гэрчилгээ байхгүй тохиолдолд төлбөр шаардах нь зөв үү?

Газрын тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийг зөвхөн хүчин төгөлдөр гэрчилгээ, гэрээний үндсэн дээр олгохоор заасан байдаг. Энэхүү хоёр захиргааны акт нь агуулга, ач холбогдлын хувьд ялгаатай юм. Тодруулбал, газар эзэмших гэрчилгээ нь тухайн газрыг өөрийн хэрэгцээнд тухайлан эзэмших эрхтэй болохыг нотолсон баримт бичиг бол газар эзэмшүүлэх гэрээ нь газар эзэмших харилцаанд оролцогч талуудын эрх, үүрэг, гэрээний гол нөхцөлийг тодорхойлох ач холбогдолтой юм. Тиймээс Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эзэмшиж байгаа газарт төлбөр ногдуулах хувь, хэмжээг гэрээнд тодорхой зааж тусгах шаардлагатай. Иймд зөвхөн гэрээний үндсэн дээр төлбөр ногдуулах бөгөөд ийнхүү оногдуулсан төлбөрийг төлөх нь зүйтэй.      

Асуулт 4. Орон нутагт бэлчээрээс болж нутгийн иргэдийн хооронд зөрчил их гарах боллоо. Хуулийн зохицуулалт нь ямар байдаг юм бэ?

Монгол Улсын ГТХ-ийн зохицуулдаг уламжлалт харилцаа болох бэлчээрийн асуудлыг энэ 52 дугаар зvйлээр бvхэлд нь зохицуулж байна. Энэхvv зvйлийн агуулга нь орон нутгийн бэлчээрийн нєєцийг зохистой ашиглах, хамгаалах, нєхєн сэргээх, ашиглалтын тодорхой хуваарь гаргах зэрэг аливаа зохицуулалт хийх эрхийг тухайн сумын ИТХ болон багийн иргэдийн нийтийн хурал хэрэгжүүлэхээр заасан. Иймд бэлчээртэй холбогдон vvссэн аливаа зєрчлийг хэрхэн даван туулах нь тухайн орон нутгийн иргэдийн идэвх санаачилгаас ихээхэн шалтгаалах учиртай. Тухайлбал, уг зvйлийн 52.10-т "бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг багийн Иргэдийн нийтийн хурлаар хэлэлцэн зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ." гэж заасан байдаг. Мєн бэлчээрийн асуудал хvндэрч байгаа єнєєгийн нєхцєлд малчид олон нийтийн байгууллага, малчдын бүлэг, нөхөрлөл байгуулах замаар vvссэн зєрчлийг шийдвэрлэх боломжтой болохыг Та бvхэнд зєвлєж байна.

Асуулт 5. Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг өмчлүүлэх үү?

Одоо мөрдөж байгаа хууль, газрын нэгдмэл сангийн үндсэн ангиллаар өвөлжөө, хаваржааны доорх газар нь хөдөө, аж ахуйн газарт хамаардаг. Гэр бүлийн хамтын хэрэгцээнд үнэгүй өмчлүүлэх газрын байршил нь зөвхөн хот, суурингийн эдэлбэр газар байх ёстой тул өвөлжөө, хаваржааны доорх газрыг иргэдэд өмчлүүлэх боломжгүй юм. Харин ЭХЭБТХ-ийн 3.4-т заасны дагуу өвөлжөө, хаваржаа дээрх өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан барилга, байгууламж, хашаанд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгож болохоор заасан байна.

Ер нь иргэдийн өвөлжөө, хаваржааг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээтэй болгох ажлыг тухайн орон нутгаас дэмжиж ажиллах шаардлагатай бөгөөд энэ нь малчдын хоорондын маргаанаас урьдчилан сэргийлэх, улмаар гарсан маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой.

Асуулт 6. Хөдөө, орон нутагт зарим иргэн 3 буюу түүнээс дээш өвөлжөөтэй байдаг бол зарим иргэдэд өвөлжөө олдохгүй байна. Үүнийг тодорхой зохицуулсан зүйл байдаг уу?

ГТХ-ийн 52 дугаар зүйлээр өвөлжөө, хаваржааны асуудлыг голлон зохицуулдаг. Энэ зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэж заасан хэдий ч тухайн өвөлжөөнд байгаа иргэдийн байшин, малын хашаа саравч нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй болсон тохиолдолд энэхүү уламжлалт “хот айлын” зарчим тухайн өвөлжөө, хаваржаанд үйлчлэх боломжгүй. Иймд тухайн орон нутгийн зүгээс бэлчээр ашиглалтын өв уламжлалыг харгалзах замаар нэг малчин өрхөд 1-ээс илүүгүй өвөлжөөг эзэмшүүлэх бодлого барих нь зүйтэй.

Харин өвөлжөө, хаваржаанд байгаа улсын бүртгэлд бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө (малын хашаа, саравч гэх мэт)-ийг худалдан авах замаар тухайн өвөлжөө, хаваржааг өөрийн эзэмшлийн болгож байгаа тохиолдолд төрийн байгууллагын зүгээс оролцох буюу зохицуулалт хийх боломжгүй юм.

Асуулт 7. Бэлчээрийн газрыг өмчлүүлэх, эзэмшүүлэх боломжтой эсэх?

Үндсэн хуульд заасны дагуу бэлчээрийн газрыг өмчлүүлэх боломжгүй тул Газрын тухай хуулиар бэлчээрийн газар, түүний уст цэг, хужир марааг нийтээр ашиглах эрхтэй байхаар зохицуулдаг. Харин бэлчээрийг эзэмшүүлэх асуудлыг хуулиар зохицуулах боломж нээлттэй бөгөөд энэ асуудалтай холбоотой харилцааг зохицуулах хуулийн төслийг боловсруулсан байдаг. Ер нь Монголын уламжлалт нүүдлийн мал аж ахуй сонгодог байдлаар оршиж байгаа тохиолдолд бэлчээрийг эзэмшүүлэх боломжгүй гэж энэ чиглэлийн эрдэмтэн, судлаачдын дийлэнх нь үздэг бөгөөд магадгүй зөвхөн Улаанбаатар, Дархан зэрэг томоохон хот орчимд эрчимжсэн аж ахуйн эрхэлж байгаа этгээдэд бэлчээр эзэмшүүлэх нь нээлттэй байж болно. Мөн энд нэг зүйлийг дурдахад “бэлчээр эзэмшүүлэх” “бэлчээр хаших” гэдэг нь ялгаатай ойлголтууд юм.

Асуулт 8. Иргэн бүр газар өмчлөх боломжтой болсонтой холбоотойгоор өмнө нь хамтран өмчилж авсан газрын өмчлөх эрхийг заавал гэр бүлийн нэг гишүүнийхээ нэр дээр шилжүүлэх шаардлагатай юу?

МУИГӨТХ-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт орж “2008 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө [иргэдэд] өмчлүүлсэн газрыг тухайн гэр бүлийн нэг гишүүнд өмчлүүлж, бусад гишүүдэд газрыг хууль тогтоомжид заасны дагуу нэг удаа үнэгүй өмчлүүлнэ” гэж заасан тул Та бүхэн өмнө нь дундаа өмчилсэн газраа нэг гишүүндээ албан ёсоор шилжүүлсний дараа бусад гишүүдийн хувьд “дангаараа” газар өмчлөх эрх нээгдэнэ гэж ойлгох нь зүйтэй. Харин “дангаараа” төрөөс газар үнэгүй өмчлөн авах шаардлагагүй гэж үзэж байгаа бусад гишүүдийн тухайд өмнө өмчилсөн газрынхаа хамтран өмчлөгчөөр үлдэх эрх нь нээлттэй.

Асуулт 9. Өмчлөн авсан газартаа худаг гаргаж болох уу? Заавал зөвшөөрөл авах шаардлагатай юу?

МУИГӨТХ-ийн 27 дугаар зүйлд заасны дагуу газар өмчлөгч иргэн нь өмчийн газартаа худаг гаргах эрхтэй. Гэхдээ ус хэрэглээний тоо хэмжээ, чанарыг үндэслэн худаг гаргах зөвшөөрөл авахын тулд тухайн сум, дүүргийн Засаг дарга, аймаг, нийслэлийн байгаль орчны албанд өргөдөл гаргана. Ус хэрэглэгч-иргэн өргөдөлд дараах мэдээллийг тусгах буюу хавсаргана: Үүнд:

  • Ус хэрэглэх зориулалт, тоо хэмжээ;
  • Газар өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар;
  • Тухайн худгийн техникийн үзүүлэлт гэх мэт.

Аймаг, нийслэлийн байгаль орчны газар ус хэрэглэгчийн худгийг усны мэдээллийн санд бүртгэж, худгийн паспорт олгодог.

Дашрамд дурдахад Та өөрийн худгийн усыг ундны зориулалтаар хэрэглэх бол Ус сувгийн удирдах газар болон ШУА-ын харьяа Гео-экологийн хүрээлэн зэрэг эрх бүхий лабораторт шинжлүүлэх нь зүйтэй шүү.

Асуулт 10. Гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан өмчлүүлсэн газрын тодорхой хэсэгт дэлгүүр, үйлчилгээний зориулалтаар барилга барин ашиглаж болох уу?

МУИГӨТХ-д газар өмчлүүлэх үндсэн зориулалтыг гэр бүлийн хамтын хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар гэж ангилсны ач холбогдол нь газрыг төрийн өмчөөс хувийн өмчид шилжүүлэх үнэтэй эсхүл үнэгүй өмчлүүлэх эсэхийг тодорхойлоход оршиж байгаа юм. Тиймээс гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар өмчлүүлсэн бол “эхнэр, хүүхэд гэр бүлийн хамтаар уг газар дээрээ амьдрах” зориулалтаар ашиглана гэж ойлгох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, газар өмчлөгч иргэн холбогдох хууль тогтоомж, эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журамд нийцүүлэн өмчийнхөө газарт барилга, байгууламж, инженерийн шугам, сүлжээ барих, түүнийг ашиглах эрхтэй.

Мөн дахин төлөвлөлтөд хамрагдсан зарим газрын хувьд иргэн тухайн газрын эрхээ шилжүүлэх, эсхүл харилцан тохиролцох замаар барилгын компаниудтай хамтран нийтийн зориулалттай орон сууцыг барих боломжтой.

Асуулт 11. Бид нийслэл хотод бүртгэлтэй, хуулийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчилж авсан. Одоо өндөр насны тэтгэвэрт гарч, төрж өссөн нутагтаа суурьших сонирхолтой байгаа тул энэ газрыг өмчлөх эрхээсээ татгалзаад өөр газар өмчилж авах боломжтой юу?

Газар өмчлөх эрхээсээ татгалзах эсэх нь Таны эрхийн асуудал боловч нөгөө талаас таны хүсэлтийг үндэслэн эрх бүхий Засаг даргын шийдвэр тухайн үед гарсан бол ийнхүү татгалзах нь өөр газрыг үнэгүй өмчлөх эрх үүсэх үндэслэл болохгүй. Учир нь Монгол Улсын төр Таны өмнө хүлээсэн нэг удаа үнэгүй газар өмчлүүлэх хуулиар хүлээсэн үүргээ нэгэнт биелүүлж, Та ч эрхээ эдэлсэн гэсэн хуулийн ерөнхий логик байгаа болно.

Харин МУИГӨТХ-д өөрчлөлт орж 2008 оны 5 сарын 1-ний өдрөөс өмнө гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авсан иргэдийн хувьд гэр бүлийнхээ нэг гишүүнд газар өмчлөх эрхээ шилжүүлэх замаар бусад гишүүдийн тухайд шинээр газар үнэгүй өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хуулийн энэхүү өөрчлөлтийн дагуу Та өмчлөх эрхээсээ татгалзах шаардлагагүй болж, гэр бүлийн нэг гишүүнийхээ нэр дээр Нийслэл дэх газраа шилжүүлсний дараа төрсөн нутагтаа өөрийн нэр дээр дахин газар үнэгүй өмчлөх боломжтой. 

Асуулт 12. Иргэдэд газар өмчлүүлэх болсноос хойш иргэд хашааны газраа дур мэдэн сунгах нь түгээмэл боллоо. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Энэ нь яах аргагүй сэтгэл зовоосон асуудлын нэг төдийгүй тухайн иргэн, төр, олон нийтэд ихээхэн хохирол учруулсан хариуцлагагүй үйлдэл юм. Учир нь тухайн газрыг иргэнд анх өмчлүүлэхдээ улсын төсвийн хөрөнгөөр кадастрын зураг үйлдэн газрын мэдээлийн санг бүрдүүлж, улмаар энэхүү кадастрын зурагт үндэслэн газрын өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэдэг.

Гэтэл иргэд ийнхүү дур мэдэн төрийн нийтийн зориулалттай өмчийн газарт халдах замаар хашаагаа сунгаж байгаа нь өөрийн газар өмчлөх эрхийг зөрчилтэй болгож байгаагаас гадна улсаас асар их хөрөнгө зарцуулж бий болгосон газрын мэдээлийн сан цаашлаад газрын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн нотлох баримтуудыг зөрчилтэй болгох төдийгүй цаашид “хөгжүүлэх” бололцоогүй болгож байгаа хэрэг юм. Улмаар эдгээр эрхийн хувьд зөрчилтэй газрыг бусдад шилжүүлэх, худалдах боломжгүй болгосноор өөрсдөдөө ч эрсдэл, хүндрэл учруулж буй хэрэг юм.

Иймд иргэдийн зүгээс энэ мэт зөрчлийг гаргахгүй байх талаар анхаарах хэрэгтэй. Харин үнэхээр сунгах боломжтой, орон нутаг зөвшөөрч байгаа тохиолдолд зохих журмын дагуу кадастрын зургийг нь хийлгэсний үндсэн дээр уг асуудлыг шийдвэрлүүлэх нь Та бүхэнд төдийгүй олон нийтийн нэгдмэл эрх ашигт нийцнэ гэдгийг зөвлөж байна.       

Асуулт 13. Засаг даргын захирамжаар би өөрийн нэр дээр газар эзэмшдэг боловч хажуугийн айлууд газраа сунгаснаас болж одоо болтол эрхээ эдэлж чадахгүй хүрээд байгаа үүнийг хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?

Газрын тухай хуулийн 60.1.2-д заасны дагуу газар эзэмших, ашиглах талаар газар эзэмшигч, ашиглагч нарын хооронд гарсан маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэх тул хүсэлт, гомдлоо албан ёсоор тавьж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Засаг дарга асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж өгөөгүй, эсхүл гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд зөрчигдсөн эрхээ шүүхийн журмаар сэргээлгэх боломжтой. Хажуу айлууд газраа сунгасан тохиолдолд ийм маргааныг эрх бүхий Засаг дарга захиргааны журмаар шийдвэрлэх боломжтой.

Асуулт 14. МУИГӨТХ батлагдсанаас хойш өрх тусгаарласан иргэд газар үнэгүй өмчлөх эрх эдлэхгүй байхаар зохицуулсан нь залуу гэр бүлийг ялгаварлаж байгаа хэрэг биш үү?

2008 он хүртэл гарч байсан энэ асуудлыг УИХ-аас МУИГӨТХ-д өөрчлөлт оруулж шийдвэрлэснээр иргэн бүр газар өмчлөх эрхтэй болсон.

Асуулт 15. Нэг хашаанд хоёр буюу түүнээс дээш айл (өрх) амьдарч байгаа тохиолдолд тухайн газрын өмчлөх эрхийг хэрхэн шийдвэрлэх вэ?

Тухайн хашаанд хэд хэдэн айл амьдарч байгаа тохиолдолд уг хашааны газрыг газар эзэмших хүчин төгөлдөр гэрээ, гэрчилгээтэй айл (өрх)-д тэргүүн ээлжинд өмчлүүлнэ. Харин тухайн эзэмшигч нь зөвшөөрсөн тохиолдолд сайн дураараа өөрийн өмчийн газрын зарим хэсгийг бусад айл, өрхөд шилжүүлэх асуудал нь хуулиар бүрэн нээлттэй.

Асуулт 16. Сүүлийн үед уул уурхайн зориулалтаар ашиглаж байгаад нөхөн сэргээлт хийгдээгүйгээс ашиглахаа больсон газар их боллоо. Тодорхой хөрөнгө гаргаад нөхөн сэргээсэн тохиолдолд түүнийг эзэмшиж болох уу?

Газрын тухай хуулийн 27.5-д заасны дагуу хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тухайн газрыг эзэмшүүлж болох хуулийн зохицуулалт байгаа тул тухайн шатны Засаг даргад энэхүү хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болохыг Танд зөвлөж байна.

Асуулт 17. Сүүлийн үед зам тавих, ашигт малтмал олборлох зэргээр түүх, соёлын дурсгалт зүйлсийг гэмтээсэн, устгасан тохиолдол цөөнгүй гарч байна. Энэ талаар хуулийн тодорхой зохицуулалт байдаг уу?

Газрын тухай хуулийн 31.4-т заасны дагуу хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулах зориулалтаар газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байх шаардлагатай тул бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь хуулийн энэхүү зохицуулалтыг хангаж ажиллах ёстой төдийгүй нутгийн иргэд энэхүү шаардлагыг тавих, улмаар хяналт тавих боломжтой.

Асуулт 18. Говийн аймгийн зарим сумдын иргэдийн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа газрын нэлээд нь хашаагүй байдаг. Газраа өмчлөх гэхээр хашаатай болгох шаардлага тавьж байгаа нь зөв үү?

Хөрш залгаа нэгж талбар (эдлэн газар)-ын хилийн заагийг газрын кадастрын зурагт заавал тусгаж, газар дээр нь тодорхой тэмдэгжүүлсэн байх шаардлагатай. Монголчуудын хувьд гэр, хашааны зориулалтаар олгогдсон газрын хилийн заагийг тодорхойлсон уламжлалт тэмдэглэгээ нь яах аргагүй “банзан хашаа” мөн тул үүнийг практикт хилийн заагийн тэмдэглэгээ гэж үзэх нь зүйтэй. Харин хашаагүй газрыг заавал хашаатай болгож байж өмчлүүлнэ гэж ойлгож болохгүй. Учир нь МУГИӨТХ-ийн 19.2.2-т зааснаар иргэн өмчийнхөө газрын хилийн заагийн “тэмдэгжилт”-ийг хийлгэх үүрэгтэй тул заавал хашаа хатгах бус харин мэргэжлийн байгууллага, албан тушаалтны оролцоотойгоор шаардлага хангасан тэмдэглэгээ (шон, гадас гэх мэт) хийж тэдгээрийн солбилцол, координатыг газрын мэдээллийн санд баталгаажуулах боломжтой юм. Ер нь мэргэжлийн байгууллагын хийж гүйцэтгэсэн солбицол, координат бүхий кадастрын зургийг зохих журмыг дагуу баталгаажуулан авсан тохиолдолд газар дээрх хашаа, шон, гадас зэрэг алга болсон ч таны газрын хэмжээ, заагийг энэхүү кадастрын зургийн үндэслэн тодорхойлох, сэргээх боломжтой тул хожим газрын аливаа маргаанаас урьдчилан сэргийлэх боломжтой юм.

Асуулт 19. Газрын маргааныг заавал захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх үү?

Ер нь аливаа маргаан, зөрчил бүрийг заавал шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн ойлголт, зарчим байж таарахгүй. Харин газрын маргааны хувьд тухайн маргаан хэрхэн үүссэнээс хамаарч захиргааны хэргийн, эсхүл ердийн шүүхийн харьяалал нь тогтоогдоно. Тодруулбал, тухайн газрын маргаанд захиргааны байгууллагын шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүй (газар эзэмшүүлэх захирамж, газрын гэрчилгээ болон улсын бүртгэлийн гэрчилгээ гэх мэт захиргааны акт)-н улмаас үүссэн бол захиргааны хэргийн шүүхийн харьяалах маргаан гэж ерөнхийд нь ойлгож болно. Гэхдээ захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйл ажиллагааны талаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд нь гомдол гаргах замаар шүүхийн өмнөх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа нь заавал хийгдсэн байх шаардлага тавигддаг нь иргэн, захиргааны байгууллага хоёрт маргаанаа шүүхийн бус журмаар шийдвэрлэх боломжийг олгож байгаа хэрэг юм. Харин иргэд хоорондын газрын харилцаатай холбоотой хувийн өмчийн шинжтэй маргааныг иргэний хэргийн буюу ердийн шүүхээр хянан шийдвэрлэдэг болно.

Асуулт 20. Миний бие 2004 онд зохих журмын дагуу эзэмшиж байсан газрыг өмчлүүлэх шийдвэрийг Засаг даргын захирамжаар гаргуулсан боловч газрын өмчийн эрхээ үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй байсан болно. Гэтэл миний өмчийн газрыг дүүрэг болон нийслэлийн Засаг даргын захирамжаар өөр хүнд өмчлүүлсэн төдийгүй тэр этгээд нь бусад этгээдэд зарсан байна. Энэ маргааныг хэрхэн шийдвэрлүүлэх вэ?

Уг маргаж байгаа газрыг 2004 онд Засаг даргын шийдвэрээр Танд өмчлүүлэх захирамж гарсан бөгөөд Та газар өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Таныг уг газрын хууль ёсны өмчлөгч гэж үзэх боломжгүй. Гэхдээ Таныг уг газрын шударга эзэмшигч мөн гэж шүүхийн журмаар үзэх үндэслэл бий. Харин таны өмчлөлд байвал зохих энэхүү газрыг бусдад давхардуулан өмчлүүлж, улсын бүртгэлд бүртгэж, улмаар гуравдагч этгээдэд зарсан тухайд хэн, ямар баримтын дагуу ингэснийг шалгаж тодруулах шаардлагатай. Ийм төрлийн маргааныг нотлох баримт болон хэргийн нөхцөл байдлаас хамааран харилцан адилгүй шийдвэрлэдэг тул мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах нь зүйтэй.

Асуулт 21. Миний өмчийн газрын зарим хэсгийг манай хөрш айлын газартай давхардуулан кадастрын зурагт тэмдэглэж, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Үүнийг залруулах боломжтой юу?

Мэдээж боломжтой. Үндсэн хоёр арга бий. Нэгдүгээрт, хэрэв танай хөрш энэхүү бүртгэлийн алдааг зөвшөөрч, маргахгүй байгаа бол газрын кадастрын зургаа дахин шинээр гаргуулж, газрын албаар баталгаажуулан, хөрш айлын чинь зөвшөөрлийн үндсэн дээр хилийн зааг нь зөрүүтэй байгаа нэгж талбаруудын улсын бүртгэлд захиргааны журмаар залруулга хийж болно.

Харин танай хөрш хүлээн зөвшөөрөхгүй маргаан үүссэн бол Та улсын бүртгэлд өөрчлөлт оруулах агуулга бүхий нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргах шаардлагатай бөгөөд маргааныг хянан шийдвэрлэхэд хөрш залгаа газрыг тусгаарлаж байгаа хашааны бодит байдал ямар байгаа болон кадастрын мэдээллийн санд яагаад зөрүүтэй тэмдэглэгдсэн зэргийг баримтаар нотлох шаардлагатай. Та энэ тохиолдолд мэргэжлийн хуульч, өмгөөлөгчийн дэмжлэг, туслалцаа авах нь зүйтэй болов уу.

Асуулт 22. Газрын маргаанаа шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа” хийгдээгүй гэж нэхэмжлэлийг буцаасан байна. Энэ нь яг юу байдаг юм бол?

ЗХХШТХ-ийн процессын бусад хуулиас ялгагдах нэг зарчмын ялгаа нь энэхүү маргааныг урьдчилан шийдвэрлэх үе шат юм. Энэ нь товчдоо таны хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр (үйлдэл, эс үйлдэхүй) гаргасан байж болзошгүй захиргааны байгууллага, албан тушаалтны талаар таныг “гомдоосон” эдгээр этгээдийн шууд харьяалах байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэхийг хэлж байгаа юм. Энэ нь нэг талаас таны гомдлын хүрээнд захиргааны байгууллагад өөрийн алдааг залруулах боломжийг олгох, нөгөө талаас таны гомдол зүй ёсны үндэслэлтэй, нөгөө талаас маргах үндэслэл багатай тохиолдолд таныг урт хугацааны шүүхийн маргаанаас гадуур зөрчигдсөн эрхээ хамгаалуулах боломжийг олгож байгаа хэрэг юм. Харин ЗХХШТХ-д заасны дагуу тухайн төрийн захиргааг төлөөлж байгаа этгээд (Нийслэл, дүүргийн Засаг дарга, сайд гэх мэт)-ийг шууд харьяалах захиргааны байгууллага, албан тушаалтан байхгүй тохиолдолд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ хуулийн хугацаанд шууд гаргах шаардлагатай.

Асуулт 23. Архангай аймагт газрын маргаан шийдвэрлүүлэхээр аймгийн Захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хэрэг үүсгэхээс татгалзсан шүүгчийн захирамж гарсан байна. Одоо бид яах ёстой вэ?

ЗХХШТХ-ийн 34.2 болон 90.1-д заасны дагуу хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг гардан өдрөөс хойш 10 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ талаар шүүгчийн захирамжид тодорхой дурдах хуулийн зохицуулалттай. Захиргааны хэргийн анхан шатны бүх шүүхийн шийдвэрт давж заалдах гомдлыг Улаанбаатар хот дахь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэж байгаа болно. Гэхдээ Та давж заалдах гомдлоо анхан шатны шүүхээр дамжуулан өгөх тул хот руу заавал ирнэ гэж ойлгож болохгүй.

Харин давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралд биечлэн оролцох шаардлагатай гэж үзвэл таны энэ талаар гаргасан хүсэлтийг шүүх хангах болно. Мөн Та хүсвэл зардал, хугацаа хэмнэх үүднээс Улаанбаатар хотоос өмгөөлөгч авч, улмаар шүүхэд өөрийгөө төлөөлүүлэх боломжтой.

Асуулт 24. Газрын маргаанаа шүүхээр шийдвэрлүүлсэн боловч анхан шатны шүүхийн шийдвэр манай талд гарсангүй. Хүмүүс давж заалдаад нэмэргүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээдэг гэх юм. Энэ үнэн үү?

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим байхгүй боловч аливаа шүүхийн шийдвэр “хууль ёсны, үндэслэлтэй” байх шаардлагатай. Анхан шатны шүүх энэ шаардлагад “аль болох” нийцүүлэн шийдвэр гаргах нь мэдээж. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдахаар гаргасан гомдол тань хэр үндэслэлтэй байгаагаас голлон хамаарч анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдэх эсэх нь шийдэгдэх учиртай. Ер нь ЗХХШТХ-ийн 85.3-т заасны дагуу давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд хянан үздэг болно. 

Асуулт 25. Газартай холбоотой бүхий л маргааныг зөвхөн захиргааны шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн ойлголт иргэдийн дунд байна. Энэ зөв үү?

Газартай холбоотой маргааныг зөвхөн захиргааны хэргийн шүүх л хянан шийдвэрлэнэ гэж ойлгож болохгүй. Харин тодорхой захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүйн улмаас тухайн газрын маргаан үүссэн тохиолдолд захиргааны хэргийн шүүхийн харьяалалд хамаарна гэж ойлгож болно. Газар болон эрхийг хэн өвлөх талаарх, эсхүл бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх гэсэн иргэд хоорондын маргааныг захиргааны хэргийн шүүх бус иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэнэ. Газрын маргааны мөн чанараас хамаарч тухайн маргааныг иргэний болон захиргааны хэргийн шүүхийн алинаар нь ч шийдвэрлүүлж болдог.

Асуулт 26. Газрын маргаанаа шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн боловч нэр бүхий Засаг дарга манай газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгохгүй байна. Одоо яах ёстой вэ?

Хэрэв маргааныг хянан шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр Засаг даргад танай газрын гэрээ, гэрчилгээг шинэчлэн олгохыг даалгасан боловч Засаг дарга энэхүү үүргээ сайн дураар биелүүлэхгүй бол Та ЗХХШТХ-ийн 27.2.8 болон 93.1-д заасны дагуу тухайн шийдвэрийг гаргасан шүүхдээ шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хуудас бичүүлэх тухай хүсэлт гаргах нь зүйтэй. Энэхүү шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газазр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх боломжтой.

Асуулт 27. Гадаадад сурч байгаа иргэн газар өмчлөх итгэмжлэлийг заавал Монголд ирж өөрийн биеэр үйлдэх шаардлагатай юу?

Тийм шаардлага байхгүй. Нотариатын тухай хуульд заасны дагуу гадаад улс дахь Монгол Улсын Элчин сайд яам, консулын газрууд энэхүү итгэмжлэлийг хийх боломжтой бөгөөд энэ талаарх мэдээллийг Гадаад хэргийн яамны www.mfa.gov.mn болон тухайн дипломат төлөөлөгчийн газраас авах боломжтой.

Асуулт 28. Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн ач холбогдол, ялгаа зааг юунд байна вэ?

Монгол Улсад газар эзэмших, өмчлөх эрх нь хууль зүйн хувьд ээдрээтэй ойлголт байдаг. Танин мэдэхүйн хувьд товч ойлголт өгөхөд эзэмших эрх нь гэрээний үндсэн дээр үүсч түүгээр баталгааждаг үүргийн эрхийн харилцаа тул төр, түүнийг төлөөлөх эрх бүхий Засаг дарга болон иргэн Та хоёрын ашиг сонирхлын нэгдлээс ихээхэн хамаардаг бол иргэн Та газрыг өмчилснөөр хуулийн дагуу уг газар таны мэдлийнх болж, өмчийн эрхийн харилцаа үүсэх бөгөөд ийнхүү таны газар өмчлөх эрх нь хуулийн хамгаалалтад орж, аливаа эрсдлээс хамгаалагдана. Жишээ нь газар эзэмшүүлэх гэрээний нөхцөлийг зөрчсөн гэсэн үндэслэлээр эрх бүхий Засаг дарга захирамж гарган Таны газар эзэмших эрхийг захиргааны журмаар хүчингүй болгодог. Газар өмчлөгч иргэн Та хувийн өмчийн газраа хүн амын эрүүл мэнд, байгаль орчин, үндэсний аюулгүй байдалд харшаар (хар тамхины ургамал тариалах, казино ажилуулах, гадаадын этгээдэд ашиглуулсан гэх мэт) ашигласнаас бусад тохиолдолд таны өмчлөх эрхэд захиргааны журмаар халдах боломжгүй, эрх бүхий Засаг даргын нэхэмжлэлээр зөвхөн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр таны хувийн өмчийн газрыг хураах боломжтой байдаг.

Харин газар ашиглах эрхийг хэрэгжүүлдэг үндсэн субьект нь гадаадын этгээдүүд гэж ойлгож болно. Гэхдээ хуульд заасны дагуу СӨХ газар ашиглах эрхтэй байдаг бол зарим тохиолдолд жишээ нь тусгай хамгаалалттай газар нутаг болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулдаг байна.

Асуулт 29. Манайх дөрвөн тал хашаа бүхий газар эзэмшдэг. Хашаагаа засч сэлбэх гэсэн юм. Хөрш айлаасаа зардлын тодорхой хувийг гаргуулах боломжтой юу?

Асуулт тань газрын харилцаатай холбоотой гэхээсээ илүү иргэний эрх зүйн харилцаатай холбоотой байна. Иргэний хуулийн 140 дүгээр зүйлд заасны дагуу хөрш залгаа эзэмшил газрын хилийн заагийг тодорхойлсон хашаа болон бусад байгууламжийг ашиглаж, арчлан хамгаалахтай холбогдсон зардлыг тухайн хөрш этгээдүүд тэнцүү хэмжээгээр хариуцна. Шаардлагатай тохиолдолд бодит гарсан зардал болон учирсан хохирлоо шүүхийн журмаар барагдуулах эрх нээлттэй.

Асуулт 30. Газрыг хэсгээр хамтран өмчлөх, дундаа хамтран өмчлөхийн ялгаа нь юу вэ?

Эд хөрөнгийг хэсгээр буюу дундаа хамтран өмчлөхийн ялгааг Монгол Улсын Иргэний хуулиар тодорхой заагласан байдаг. Эдгээр нь дундын өмчийн үндсэн хэлбэр юм. МУИГӨТХ-ийн гэр бүлийн хамтын хэрэгцээнд зориулан өмчлүүлэхдээ эдгээр 2 хэлбэрийн аль алиныг нь хэрэглэж болохоор зохицуулсан байгаа. Иргэний хуулийн нийтлэг зарчмын дагуу энэ 2 хэлбэрийн гол ялгаа нь:

  • Хэсгээр хамтран өмчлөгчид тухайн газрыг арчлан хамгаалах, ашиглахтай холбогдсон аливаа зардал, татвар, хураамжийг зөвхөн өөрт оногдох хэсгээр хувь тэнцүүлэн;
  • дундаа хамтран өмчлөгч нь эдгээр зардлыг тэнцүү хувь хэмжээгээр тус тус хариуцдагт оршино.

Дээрх зарчмын дагуу дундын өмчлөлийн газраас олсон орлого, үр шимийг хүртэх, мөн аливаа хэлбэрээр үүргийн гүйцэтгэлийг хангахад дундаа хэсгээр хамтран өмчлөгчид нь өөрт оногдох хэсгээр хувь тэнцүүлэн, дундаа хамтран өмчлөгчид нь харилцан тэнцүү хэмжээгээр тус тус хариуцах нь мэдээж. Иймд дундын өмчийн газрын харилцаанд оролцогч аливаа этгээдүүд нь эдгээр 2 хэлбэрийн алийг нь сонгохоо сайтар зөвшилцөж, хэрэв хэсгээр хамтран өмчлөх тохиолдолд газар өмчлөгч тухайн этгээд тус бүрийн газрын хэмжээ, заагийг кадастрын зурагт тодорхой тусгах нь цаашдаа маргаан, зөрчил гаргахаас сэргийлэх ач холбогдолтой.

Агуулга анх оруулсан: 2018-12-07 Шинэчилсэн: 2018-12-07

Мэдээ мэдээлэл