Зөрчлийн тухай ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа

Шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал

7.Эрүүгийн хэргийн шүүх Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг 8.6, 8.7, 10.5 дугаар зүйл, 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 15.3, 15.4, 15.5, 15.7, 15.12 дугаар зүйлд заасан зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна.

2.1 дүгээр зүйл.Зөрчил хянан шийдвэрлэх шүүх

1.Эрүүгийн хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасан зөрчлийг харьяаллын дагуу, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.8, 6.9, 6.13, 6.26 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр анхан шатны журмаар, оролцогчийн гомдол, прокурорын эсэргүүцлээр давж заалдах шатны журмаар зөрчил хянан шийдвэрлэнэ.

2.Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ.

8.1 дүгээр зүйл.Зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа

1.Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын дүгнэлт, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдлоор анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ.

            Зөрчлийн хэргийг хуульд зааснаар Эрүүгийн хэргийн шүүх, Захиргааны хэргийн шүүх, Иргэний хэргийн шүүх нь зөрчил шалган шийдвэрлэх болон хянан шийдвэрлэх ажиллгааг хэрэгжүүлэхээр байна. 

Эрүүгийн хэргийн шүүх нь:

- хуулиар харьяалуулсан зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх,

- гомдол, дүгнэлтийн дагуу хянан шийдвэрлэх.

Захиргааны хэргийн шүүх нь:

- Захиргааны хэргийн шүүх хэрэг, маргааны хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой тохиолдолд зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх,

- гомдол, дүгнэлтийн дагуу хянан шийдвэрлэх.

Дараах эрх бүхий албан тушаалтнаас гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн шүүх зөрчлийг хянан шийдвэрлэнэ.

  1. Нийгмийн даатгалын байцаагч
  2. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч
  3. Гал түймрийн улсын хяналтын байцаагч
  4. Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч
  5. Монголбанкны хянан шалгагч
  6. Улсын бүртгэлийн хяналтын улсын байцаагч
  7. Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч
  8. Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч
  9. Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч
  10. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч
  11. Гаалийн улсын байцаагч
  12. Татварын улсын байцаагч
  13. Улсын байцаагчийн эрхтэй байгаль хамгаалагч
  14. Оюуны өмчийн улсын байцаагч
  15. Төмөр замын тээврийн улсын байцаагч
  16. Нислэгийн аюулгүй ажиллагааны хяналт хариуцсан байцаагч
  17. Статистикийн улсын байцаагч

Эдгээр албан тушаалтнаас бусад эрх бүхий албан тушаалтныг шийтгэл ногдуулсан шийдвэрийн талаар оролцогчоос гомдол гаргасан тохиолдолд Эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэх юм.

Иргэний хэргийн шүүх нь:

- хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад Зөрчлийн тухай хуульд заасан тодорхой тохиолдолд зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх.

     Зөрчлийн хэргийг шүүхэд шалган шийдвэрлэх ажиллагаагаар хуулиар харьяалуулсан зөрчлийн хэрэг болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх явцад зөрчлийн тухай хуульд заасан тодорхой тохиолдол гарсан үед тус тус харьяалах шүүх нь шалгаж шийдвэрлэдэг.

     Зөрчлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар зөрчлийн хэргийн оролцогчоос зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэх эрх бүхий этгээдийн зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шийдвэр буюу шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч гаргасан гомдол, мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийг хянаад прокуророос гаргасан дүгнэлтийн дагуу тус тус Эрүүгийн болон Захиргааны хэргийн шүүхээс зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэдэг.  

  Анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх Зөрчлийн тухай хуулийн 9.2.1-д заасан саналыг хүлээн авсанаас хойш ажлын 3 өдрийн дотор хэргийг шийдвэрлэнэ.

Нэмэлт нотлох баримт цуглуулах тухай талууд хүсэлт гаргасан бол шүүх хуралдааныг завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлж болдог. Энэ тохиолдолд 14 хүртэл хоногоор шүүх хуралдааныг завсарлуулна.

Зөрчлийн хэргийн ээдрээ, төвөгтэй байдлыг харгалзан зөрчлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх хугацааг шүүгчийн саналыг харгалзан тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ажлын 2 өдрөөр нэг удаа сунгаж болно.

Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан дүгнэлт, гомдлыг хүлээн авсан бол зөрчлийн хэргийг ажлын 2 өдрийн дотор эрх бүхий байгууллагаас гаргуулан авна.

Шүүгч дүгнэлт, гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэнэ.

Шүүгч оролцогчийн гаргасан гомдлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийн биелэлтийг түр түдгэлзүүлнэ.

  • Шийтгэл оногдуулсан шийдвэрт гомдол гаргах

Оролцогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.1, 6.2, 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.8, 6.9, 6.13, 6.26 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор эрүүгийн хэргийн шүүхэд гомдол гаргана.

Оролцогч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, 6.11, 6.12, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21, 6.22, 6.23, 6.24, 6.25, 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ. /энэ хэсгийн “асуудлыг шийдвэрлэх байгууллага”-аас Захиргааны хэргийн шүүхэд гомдлыг хянан шийдвэрлэх зөрчлийн хэргийг шалган шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаатны жагсаалтыг харна уу/

1. Хэд хэдэн зөрчил зэрэг үйлдсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?

Зөрчлийн тухай хуулийн 3.1-д “Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна” гэж хуульчилсан байдаг. Шийтгэлийг оногдуулахдаа зөрчил тус бүрд шийтгэл оногдуулахгүй хамгийн хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчил дэх шийтгэлийг сонгож оногдуулах бөгөөд үндсэн шийтгэл дээр нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээг нэмж оногдуулж болно. Энэ тохиолдолд хамгийн хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчлөөс бусад зөрчилд оногдуулахаар заасан нэмэгдэл шийтгэл, албадлагын арга хэмжээнээс оногдуулах юм.

2. Шийтгэлийг биелүүлээгүй бол ямар үр дагавартай вэ?

Торгох шийтгэлийн хувьд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасны дагуу торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх баривчлах шийтгэлээр сольдог. Ийнхүү солихдоо эрх бүхий албан тушаалтнаас шийтгэлийг солих талаар санал гарсан байхыг шаарддаг.

Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх хууль, захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон журмыг байнга, эсхүл ноцтой зөрчсөн, эсхүл тусгайлан олгогдсон зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулах, эрхээ хэрэгжүүлэх журмыг зөрчсөн зөрчилд нь оногдуулсан шийтгэлийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эрх хасах шийтгэлийг үндсэн шийтгэл дээр нэмж оногдуулна.

3. Зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж болох уу?

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1-д зааснаар эрүүгийн хэргийн шүүх нь давж заалдах шатны журмаар мөн зөрчил хянан шийдвэрлэдэг.

Зөрчлийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр /шийтгэвэр/-ийг эс зөвшөөрвөл эрх бүхий албан тушаалтан, оролцогч гомдол гаргаж, прокурор эсэргүүцэл бичиж болох бөгөөд энэхүү гомдол, эсэргүүцлийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр болдог.

4. Зөрчлийн хэргийг зөвхөн шүүх шийдвэрлэх үү?

            Шүүх шууд харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг. Үүнээс гадна эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан гомдлын дагуу мөн прокурорын дүгнэлтээр тус тус зөрчлийн хэргийг шүүх хянан шийдвэрлэнэ.

            Иймд шүүх харьяалан шийдвэрлэхээр хуульд заагаагүй зөрчлийн хэргийн хувьд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэр буюу торгуулийн хуудас гарч, түүнд гомдол гаргаагүй бол тухайн торгуулийн хуудас нь зөрчлийн хэргийн эцсийн шийдвэр болно.

Агуулга анх оруулсан: 2018-06-18 Шинэчилсэн: 2018-06-18

Мэдээ мэдээлэл