Татварын харилцаа Татвар

Татвар төлөгч гэдэг нь Монгол улсын татварын ерөнхий хуульд заасны дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд байна.

Иргэн та Монгол Улсын Үндсэн хуулийн  17.3-т зааснаар хуулиар ногдуулсан албан татвар төлөх үндсэн үүрэгтэй.

Татвар төлөгч гэдэг нь Монгол улсын татварын ерөнхий хуульд заасны дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд /Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд гэж өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдэл/  байна. /Татварын ерөнхий хууль 12 дугаар зүйл/

Үүнээс үзвэл иргэн, хуулийн этгээд татвар төлж, улсын төсвийг бүрдүүлэх бөгөөд уг төсөв нь төрийн үйл ажиллагааг хэвийн явуулах, иргэддээ үйлчлэх санхүүгийн эх үүсвэр болдог байна.

Монгол Улсын татвар нь:

-албан татвар: Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг ойлгоно. Уг татвар нь шууд /татварыг хувь хүн, хуулийн этгээдийн орлого, ашгийн хэмжээ болон эд хөрөнгийн үнийн дүнгээс шууд хамааралтайгаар тогтооно /болон шууд бус/  татварыг хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааны үр дүнгээс үл хамаарах тодорхой нэрийн бараа, үйлчилгээний нэр төрөлд тогтооно / татвараас бүрдэнэ.

-хураамж: Төрийн зохих байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжийн дагуу үйлчилсний төлөө тэднээс тухай бүр авч улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө

-төлбөр: Төрийн өмчийн газар, түүнчлэн газрын хэвлий, эрдэс баялаг, ой, ургамал, рашаан, усны нөөц ашиглуулсны, агаар, ус, хөрс бохирдуулсны, ан амьтан агнуулсны төлөө хувь хүн, хуулийн этгээдээс авч улс, орон нутгийн төсөв, тусгай зориулалтын санд төвлөрүүлж байгаа мөнгөн хөрөнгөөс бүрдэнэ. / Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйл /

Улсын Их Хурал, Засгийн газраас хувь хэмжээг нь тогтоосон бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт нийтлэг үйлчлэх улсын татвар:

  • аж ахуйн нэгжийн орлогын албан татвар
  • гаалийн албан татвар
  • нэмэгдсэн өртгийн албан татвар
  • онцгой албан татвар
  • авто бензин, дизелийн түлшний албан татвар
  • ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
  • ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр.
  • агаарын бохирдлын төлбөр
  • Улсын тэмдэгтийн хураамж
  • ус бохирдуулсны төлбөр
  • газрын тосны нөөц ашигласны төлбөр
  • газрын тос, уламжлалт бус газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр

Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хувь хэмжээг нь тогтоож орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, эсхүл тухайн нутаг дэвсгэрт үйлчлэх орон нутгийн татвар:

  • хувь хүний орлогын албан татвар
  • орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч хувь хүний орлогын албан татвар
  • үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • бусад улсын тэмдэгтийн хураамж
  • автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар
  • ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж
  • түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр
  • газрын төлбөр
  • галт зэвсгийн албан татвар
  • нийслэл хотын албан татвар
  • нохойны албан татвар
  • өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар
  • хог хаягдлын үйлчилгээний хураамж
  • байгалийн нөөц ашигласны төлбөр /Татварын еранхий хуулийн 7 дугаар зүйл/

Татвар төлөгч таны эрх:

  • Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөлгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах;
  • Татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх;
  • Хууль тогтоомжийн дагуу татвар төлөх хугацааг сунгуулах;
  • Илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах;
  • Эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах;
  • Татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах;
  • Татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;
  • Татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;
  • Татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаар гомдлоо түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах. Ийнхүү гомдол гаргасан нь ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөхийг зогсоох үндэслэл болохгүй.
  • Татварын хууль тогтоомжоор ногдсон үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн татварын зөвлөхийн туслалцаа, зөвлөгөө авах
  • Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжид заасны дагуу тогтворжуулах гэрчилгээ авсан бол уг гэрчилгээ хүчинтэй байх хугацаанд хувь, хэмжээг нь тогтворжуулсан татварыг тогтворжуулсан хувь, хэмжээнээс илүү хэмжээгээр төлөхгүй байх
  • Хууль тогтоомжид заасан бусад эрх. /Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйл/

Татвар төлөгч таны үүрэг:

  • Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх
  • Татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах
  • Татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх
  • Татварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй бол тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд ажлын 10 өдөрт багтаан бичгээр гаргаж өгөх
  • Бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх
  • Хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ тухай татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлэх
  • Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх;
  • Татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх
  • Нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, гарын үсгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх
  • Эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг хувь хүн, хуулийн этгээдэд түрээсэлсэн, худалдсан тухайгаа харьяалагдах татварын албанд тухай бүр мэдэгдэх
  • Банкинд данс нээсэн болон хаасан тухай татварын албанд тухай бүр мэдэгдэх
  • Татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдсэн санхүүгийн болон бусад баримт бичгийг гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах
  • Газар эзэмших, ашиглах эрхтэй хуулийн этгээд болон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эцсийн эзэмшигчийн талаархи мэдээлэл, түүний өөрчлөлтийн тухай мэдээллийг шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор харьяа татварын албанд бүртгүүлэх
  • Хуульд заасан бусад адилтгах үүрэг /Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйл/

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол улсын үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Татварын ерөнхий хууль (2008 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Захиргааны ерөнхий хууль (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай (2016 он) ЭНД дарж үзнэ үү
  • Зөрчлийн тухай (2017 он) ЭНД дарж үзнэ үү
  • Гаалийн тариф, гаалийн татварын тухай (2008 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хувь хүний орлогын албан татварын тухай (2006 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийслэл хотын албан татварын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү

Татвар төлөгч та татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад хандан гаргана. /Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйл 72.1.1 дэх хэсэг/

Хувь хүн татвар төлөгчөөр бүртгүүлэх: Монгол Улсад байнга оршин суугч Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь татвар ногдох орлого олж эхэлснээс хойш нэг сарын дотор тухайн нутаг дэвсгэрийнхээ татварын албанд ТБ-03 маягтаар бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, “Татвар төлөгч иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр”, татвар төлөгчийн гэрчилгээ олгоно.

Иргэн та татварын албанд бүртгүүлэхдээ дараахь материалыг бүрдүүлж очно:

  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Гадаадын иргэн болон харьяалалгүй хүний хувьд аль улсын иргэн болохыг нотолсон баримт бичиг, гадаад паспорт, Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт бүртгүүлсэн харьяалалгүй хүний түр үнэмлэх
  • Цээж зураг /3х4/ 2 хувь

Мөн иргэн татварын албаны веб сайтад байрлуулсан цахим бүртгэлийн программд хандан, холбогдох мэдээллийг үнэн зөв оруулж, татварын албанд илгээнэ. Ирүүлсэн иргэний бүртгэлийн мэдээллийг үндэслэн цахим хувийн хэрэг нээж, татвар төлөгчийн гэрчилгээ /дэвтэр/-г олгоно. /Татвар төлөгчийг бүртгэх журам 4 дүгээр зүйл/

Хуулийн этгээд татвар төлөгчөөр бүртгүүлэх: Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд (ААН-ийн хувьд ТБ-01, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягтыг бөглөж татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Тухайн татварын алба уг татвар төлөгчид хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.

Улсын бүртгэлийн ерєнхий газар, Татварын ерөнхий газрын хооронд байгуулсан мэдээлэл солилцох журмын дагуу улсын бүртгэлд бүртгэгдсэн тухай хуулийн этгээдийн талаарх мэдээллийг Татварын ерөнхий газар бүртгэх байгууллагаас цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлийн баазад цахим хэлбэрээр оруулна.

Татвар төлөгчийн бүртгэлийн баазад шинээр орсон этгээдийн бүртгэлийн мэдээлэл нь “хүлээгдэж байгаа” гэсэн бүртгэлтэй байх ба татварын албанд ирж бүртгүүлсэн өдрөөс эхлэн “байнгын” гэсэн бүртгэлд шилжин бүртгэгдэнэ. /Татвар төлөгчийг бүртгэх журам 34 дугаар зүйл/

Татвар төлөгчөөр бүртгүүлэх үүрэг бүхий бусад этгээдийг бүртгэх

  • Хуулийн этгээдийн эрхгүй байгууллага нь байгуулагдсанаас хойш  ажлын 14 өдрийн дотор харьяалах татварын албанд татвар тєлєгчєєр бүртгүүлэх ба татварын алба хувийн хэрэг нээн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
  • Монгол улсад орлого олж байгаа гадаадын хуулийн этгээдийн төлөөний газар нь үйл ажиллагаа явуулах бол үйл ажиллагаа эхэлснээс хойш хуанлийн 30 хоногийн дотор харьяалах татварын албанд бүртгүүлэх ба татварын алба ажлын 3 хоногт багтаан татвар төлөгчөөр бүртгэн, татвар төлөгчийн гэрчилгээг олгоно.
  • Монгол Улсын Засгийн газар бусад улсын Засгийн газруудтай байгуулсан  “Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр”-тэй бол төлөөний газрыг хэлэлцээрийн холбогдох зүйл, заалтыг баримтлан бүртгэнэ.
  • Гадаадын аж ахуйн нэгж нь төлөөний газраа татвар төлөгчөөр бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

1. Татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл, гадаадын аж ахуйн нэгж Монгол улсад төлөөний газраа байгуулах албан бичиг

2. Оршин сууж байгаа улсдаа хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснийг нотлох баримт бичгийн хуулбар, бүртгэлийн дугаар, татвар төлөгчийн дугаар

3. Төлөөний газрын зорилго үйл ажиллагааны чиглэл, ажиллах хугацаа, ажиллагсадын тоо

4. Татвар төлөгчөөр бүртгүүлж буй төлөөний газрын удирдлагын анкет

5. Төлөөний газрыг удирдах хувь этгээдэд эрх олгосон итгэмжлэл, бусад баримтын хуулбар /Татвар төлөгчийг бүртгэх журам 5 дугаар зүйл/

Хуулийн этгээд, иргэн таны гомдлыг Татварын албаны дарга хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай өргөдөл, гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө. /Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйл/

Татвар төлөгч та татварын алба болон татварын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэхээс бусад асуудлаар гаргасан шийдвэрийн талаар татвар төлөгч нь захиргааны журмаар дараах харьяаллаар гомдол гаргах эрхтэй:

  • Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад 
  • Татварын албаны шийдвэрийн талаарх гомдлыг түүний дээд шатны татварын албаны даргад

Татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийн шууд харьяалах татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд

  • Маргаан таслах зөвлөлийн шийдвэртэй холбоотой маргааныг дээд шатны татварын албаны дэргэдэх Маргаан таслах зөвлөлд
  • Гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл татвар төлөгч нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах эрхтэй. /Татварын ерөнхий хууль 72 дугаар зүйл/

Татвар төлөгч танд Татварын алба, татварын улсын татвар төлөх үүргээ биелүүлэхэд үзүүлэх үйлчилгээ:

  • татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах;
  • татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан, мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал, гарын авлага, маягтаар хангах;
  • татварын хууль тогтоомж, заавар, аргачлалын талаар сургалт зохион байгуулах;
  • татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч хэсгээрээ буюу ганцаарчлан зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх, тийм зөвлөгөө өгөх;
  • олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, татварын албаны цахим хуудсаар дамжуулан нийтийг хамарсан сурталчилгаа, сургалт, мэдээллийн нэвтрүүлэг зохион байгуулах, нийтлэл гаргах.

Иргэн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлага

1.  Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор:

  • татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан;
  • татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийн тоо хэмжээ, үнийг нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгасан, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг үндэслэлгүйгээр өсгөсөн;
  • нягтлан бодох, анхан шатны бүртгэл, татварын тайлан, холбогдох баримт бичгийг устгасан, эсхүл нуусан, эсхүл нягтлан бодох бүртгэл хөтлөөгүй, холбогдох баримт бичгийг бүрдүүлэлгүй татварын тайлан гаргах боломжгүй болгосон;
  • хуулийн этгээдийн нэр, хаяг, тамга, тэмдэг, данс, улсын бүртгэлийн гэрчилгээ, эсхүл зөвшөөрөл, эд хөрөнгө, баримт бичгийг бусдад шилжүүлсэн, эсхүл ашиглуулсан бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.  Татварыг хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

3.  Татвар төлөгч хүн, хуулийн этгээд: /нэг нэгж=1000 төгрөг/

  • хууль тогтоомжид заасан тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд гаргаж өгөөгүй
  • хуулиар татвар төлөх, суутгах үүрэг хүлээсэн хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй
  • хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд бүртгүүлж хувийн хэрэг нээлгээгүй
  • орлогоос бусад татвар ногдох зүйлийг өмчлөгч, эсхүл эзэмшигч нь уг зүйлийг өмчилж, эсхүл эзэмшиж эхэлснээс хойш хуулиар тогтоосон хугацаанд мэдэгдэх, хувийн хэрэг нээлгэх, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх үүргээ биелүүлээгүй
  • Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, пос терминал машин хэрэглэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

4. Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:

  • үл хөдлөх эд хөрөнгө худалдах, бэлэглэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн өдрөөс хойш хуульд заасан хугацаанд харьяалагдах татварын албанд мэдэгдэх
  • хуулийн этгээдийн мэдээлэл, хувийн хэрэгт тусгагдсан зүйл өөрчлөгдөх бүрд өөрчлөлт орсноос хойш хуульд заасан хугацаанд татварын албанд мэдэгдэж, бүртгэл, хувийн хэрэгтээ өөрчлөлт хийлгэх
  • олгосон регистрийн дугаарыг татварын хууль тогтоомжийн дагуу гаргаж байгаа тайлан, мэдээ, гаалийн мэдүүлэг, төлбөрийн, эсхүл бусад шаардлагатай баримтуудад заавал тусгах үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

5. Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:

  • байнга, эсхүл түр оршин суугаа, аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаягаа буруу тодорхойлох
  • татварын албанаас дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх
  • шүүх тухайн татвар төлөгчийг сураггүй алга болсонд тооцоогүй байхад хаана оршин суугаагаа үл мэдэгдэж татвар, алданги, торгууль төлөхөөс зайлсхийсэн бол татварыг нөхөн төлүүлж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

6.  Татварын байгууллагын эрх бүхий албан тушаалтны битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг:

  • үрэгдүүлсэн
  • дур мэдэн бусдад шилжүүлсэн
  • гэмтээсэн
  • зөвшөөрөлгүйгээр худалдсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

7.  Татвар төлөгч хүн, хуулийн этгээд:

  • шаардлагатай нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын мэдээ, холбогдох баримт бичгийг гаргаж өгөөгүй
  • байр, агуулахад нь нэвтрэн орох боломж олгоогүй
  • тооллого хийлгээгүй
  • ажлын зураг авалт, үзлэг, хөрөнгө барьцаалах, эсхүл битүүмжлэх үйл ажиллагааг хийлгээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

8.  Татвар төлөгч хүн, хуулийн этгээд, аливаа банк, банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгийн бирж:

  • татварын хууль тогтоомжийг улсын хэмжээнд нэг мөр дагаж мөрдөх нөхцөлийг бүрдүүлэх, түүний биелэлтийг хангахтай холбогдуулан хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг дагаж мөрдөөгүй
  • татвар төлөгч ажлаас халагдсан, чөлөөлөгдсөн тохиолдолд ажил олгогч нь түүний гарсан өдрөөс хойш хуульд заасан хугацаанд татварын өрд суутгасан мөнгөний хэмжээ, хаана шилжсэнийг тэмдэглэж, төлбөрийн хуудсыг татварын албанд буцаах үүргээ биелүүлээгүй
  • татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй
  • татвартай холбогдсон баримт бүрдүүлэх, бүртгэл хөтлөх, хадгалах талаархи хуулиар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

9.  Үйл ажиллагаа явуулж байгаа хүн, хуулийн этгээд нь бэлэн мөнгөний системийн хэрэглэгч гишүүнд бэлэн мөнгөний тасалбар олгоогүй, эсхүл олгохоос татгалзсан, эсхүл үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон тохиолдолд:

  • бэлэн мөнгөний бүртгэлийн тасалбар олгоогүй бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн хоёр хувь;
  • бэлэн мөнгөний тасалбарыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

10.  Хуульд тодорхойлсон аливаа системийг зохисгүй ашигласан, эсхүл албаны чиг үүрэгт хамаарах зорилгоос гадуур хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. /Зөрчлийн тухай хууль 11 дүгээр бүлэг 11.19 дүгээр зүйл/

Асуулт 1. Албан татвар, төлбөр, хураамж юугаараа ижил ба ялгаатай байдаг вэ?

Аль алийг нь хуульд заасны дагуу заавал төлөх ёстой байдгаараа адил байна. Харин албан татварыг хариу төлбөргүйгээр ногдуулдаг бол хураамжийг төрийн аль нэг байгууллага үзүүлж байгаа үйлчилгээнийхээ төлөө, төлбөрийг төрийн өмчийг ашигласны төлөө тус тус хураан авдаг.

Асуулт 2. Төр татвар төлөгч мөн үү ? 

Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна гэж зааснаар Төр татвар төлөгч бус байна.

Асуулт 3. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нь татвар мөн үү?

Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд зориулж цалин хөлснөөсөө заавал суутгуулж байгаа нь татвартай адил мэт боловч зориулалтаараа ялгаатай. Татвар нийт иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээнд зориулагддаг бол нийгмийн даатгалын шимтгэлээр бүрдүүлсэн хөрөнгө бол тодорхой хугацааны дараа таньд болон танай гэр бүлд зарцуулагддаг.

Татварыг бид төрийн санруу хийдэг бол нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгалын санд төвлөрүүлдэг.

Асуулт 4. Үйлчилгээний төвд оффис худалдан авсан юм. Тэгтэл татварын албанаас залгаад та татвараа төлөөрэй гэсэн. Ямар төрлийн татвар төлөх вэ?

Иргэн та Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан "газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна." гэж зааснаар Үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлнө.

Агуулга анх оруулсан: 2018-07-16 Шинэчилсэн: 2018-07-16

Мэдээ мэдээлэл