Нийгмийн даатгал Өндөр насны тэтгэвэр авах

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Монгол улсын Үндсэн хууль-ийн хоёрдугаар бүлэг, арван гурав дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль-ийн 4 дүгээр зүйлд Өндөр насны тэтгэвэр авах эрхийн тухай зохицуулсан заалт байдаг. Энэ заалтад нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр авах эрх бүхий этгээдийг заасан байдаг. Үүнд: 

  • Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 65 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно.
  • Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.
  • Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
    • нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр;
    • нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 50 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр;
    • нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр.
  • Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан нас хүрээгүй даатгуулагч мөн хэсэгт заасан шимтгэл төлөх хугацааг хангаад цаашид тэтгэврийн даатгалын шимтгэл төлөхөө зогсоосон байхад түүний уг насанд хүрээд өндөр насны тэтгэврээ тогтоолгон авах эрх нь хадгалагдана.
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-аас 20 хүртэл жил төлсөн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан насанд хүрсэн даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож авах эрхтэй.
  • Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад гоцлол дуучин, бүжигчин, агаарын болон хэрэглэлийн гимнастик, акробат, тэнцвэр, уран нугаралт, хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин, зэрлэг араатан, ан амьтан сургаж тоглуулагч, хөөмийчин, найрал хөгжмийн үлээвэр хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч, мөн 25-аас доошгүй жил Монгол Улсын шүүхийн шүүгчээр ажилласан шүүгч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн шүүгч өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 3.1.9-д заасан иргэн доор дурдсан болзол хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:
    • нийт 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол;
    • нийт 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй жил  малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол этгээдүүд тэтгэвэр тогтоолгох эрхтэй байна.

Таны судалсан байвал зохих хууль бусад эрх зүйн акт

  • Монгол Улсын Үндсэн хууль (1992 он) ЭНД дарж үзнэ үү.
  • Нийгмийн даатгалын тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Монгол улсын иргэний хууль (2002 он) ЭНД дарж үзнэ үү
  • Хөдөлмөрийн тухай хууль (2021 он) ЭНД дарж үзнэ үү
  • Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай (2015 он) ЭНД дарж үзнэ үү
  • Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай (1999 он) ЭНД дарж үзнэ үү
  • Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай (1994 он) ЭНД дарж үзнэ үү
  • Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай (2017 он) ЭНД дарж үзнэ үү

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүссэн иргэн та өөрийн оршин суугаа газрынхаа харьяа нийгмийн даатгалын байгууллагад хандаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаснаар харилцаа эхэлнэ.

Нийгмийн даатгалын байгууллага дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
  • нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах;
  • нийгмийн даатгалын сангаас тухайн төрлийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулж, үйлчилгээг сайжруулах;
  • улсын нийгмийн даатгалын тогтолцоо, үйл ажиллагаа, түүний арга хэлбэрийг боловсронгуй болгох талаар судалгаа хийх, санал боловсруулж шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллагад уламжлан шийдвэрлүүлэх;
  • доод шатны байгууллагынхаа үйл ажиллагаанд хяналт тавих;
  • хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг

Нийгмийн даатгалын байцаагчийн эрх, хариуцлага

Нийгмийн даатгалын байгууллагад 2-оос доошгүй жил ажиллаж мэргэшсэн, мэргэжлийн өндөр зэрэгтэй нийгмийн даатгалын байгууллагын ажилтанд нийгмийн даатгалын төв байгууллагын саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний шийдвэрээр нийгмийн даатгалын байцаагчийн эрх олгоно.

Нийгмийн даатгалын байцаагч дараах эрх эдэлнэ:

  • шимтгэл оногдуулах, төлөхтэй холбогдсон данс бүртгэл, тайлан тэнцэл болон санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулж авах;
  • зөвхөн нийгмийн даатгалын хяналт шалгалтад шаардагдах магадлагаа, баримтын хуулбарыг ажил олгогчийн харилцагч банк, санхүүгийн байгууллагаас үнэ төлбөргүй гаргуулах;
  • шимтгэл оногдох орлого нуусныг гэрчлэх баримтыг ажил олгогч болон даатгуулагчаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу түр хугацаагаар хураан авах, хуулбарлах;
  • тогтоосон хугацаанд төлөөгүй шимтгэл болон нөхөн ногдуулсан шимтгэл, алданги, хүү, торгуулийг шимтгэл төлөгчөөс үл маргах журмаар гаргуулах;
  •  ажил олгогч болон даатгуулагчид холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэх;
  • даатгуулагч, ажил олгогч хууль бус үйл ажиллагаа явуулж байгааг албан үүргээ гүйцэтгэх явцад илрүүлэн холбогдох байгууллагад мэдэгдэх.
  • байгууллага, аж ахуйн нэгжийн ажлын байр, ажиллагчдын тоог цалингийн сан, төлсөн шимтгэлийн тооцоотой тулган шалгах;
  • ажиллагчдын тоог дарагдуулсан, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажиллуулсан, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур цалин олгож байсан болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс өр үүсгэсэн, ажиллагчдын төлсөн шимтгэлийг нийгмийн даатгалын санд хугацаанд нь оруулаагүй зэрэг зөрчил гаргасан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад асуудал тавьж шийдвэрлүүлэх;
  • Шимтгэл төлөхтэй холбогдсон хууль бус үйл ажиллагааг нуух, шимтгэлийн орлогыг хувийн зорилгод ашиглах, хээл хахууль авах, “ёс зүйн хэм хэмжээ зөрчих, мэдээллийн нууц задруулах, эрхээ хэтрүүлэх зэргээр албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нийгмийн даатгалын байцаагчид хууль тогтоомжид заасан сахилгын, захиргааны, эд хөрөнгийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Дээрх болзлыг хангасан иргэн тэтгэврийн даатгалын сангаас "Өндөр настны тэтгэвэр" авах эрх үүснэ.

Шимтгэл төлвөл зохих хугацаа:

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх
  • Эрэгтэй даатгуулагч тэтгэвэр тогтоолгох нас: 60 нас
  • Эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 55 нас
  • 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 50 нас

Нийтдээ 10-аас 20 хүртэл жил шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан даатгуулагчийн тэтгэвэр авах эрх

Хөдөлмөрийн нөхцөл Хүйс Нас Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан байх хугацаа
Газар дор Эр 50 10 жил
Хортой халуун Эр 50 10 жил
Эм 45 7 жил 6 сар
Хүнд Эр 55 12 жил 6 сар
Эм 50 10 жил

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл буюу газрын доорх, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байсан даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо:

  • Тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж ажиллавал зохих нийт хугацаа
  • Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажиллавал зохих хугацаа
  • Хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх гэсэн 3 болзлыг зэрэг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоно

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:

Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно:

  • даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана;
  • даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол долоон жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 84-д хуваана.

Даатгуулагч 7 жилээс доош хугацаанд шимтгэл төлсөн байх болзлоор тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо төлсөн шимтгэлээс нь тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс,түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж бодно.

Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлохдоо даатгуулагч тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан үеийн болон 1991 оны хөдөлмөрийн баталгаат хөлсийг харьцуулж гаргасан индексээр тэтгэвэр тогтоолгогчийн 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өөрчлөн тооцно.

Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно.

Тэтгэврийг хувь тэнцүүлэн бодох

Тэтгэврийг хувь тэнцүүлэн бодохдоо энэ хуульд заасан шимтгэл төлөх хугацааг бүрэн хангасан нөхцөлд тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих хугацааны нийт сарын тоонд хувааж, шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.

Бүрдүүлэх материал:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр;
  • даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;
  • иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа

Өндөр насны тэтгэвэр тогтоолгох даатгуулагч тэтгэвэр тогтоолгон авахыг хүссэн хугацаандаа шаардлагатай бичиг баримт, өргөдлийг нийгмийн даатгалын ажилтанд хүлээлгэн өгснөөс тэтгэвэрт тогтоох хугацаа эхэлнэ.

Иргэн таны нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоох асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. 

Иргэн та нийгмийн даатгалын байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйл Захиргааны актад гомдол гаргах 92.1, 92.2 дахь хэсэг заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

Иргэн та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, ажилтан албан хаагчид эсвэл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, ажилтан албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсвэл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

Тэтгэвэр гэж юу вэ?

Тэтгэвэр нь даатгуулагчийн өндөр наслахад насан туршид нь, тахир дутуу болоход хөдөлмөрийн чадвар нь сэргээгдэх хүртэл эсвэл өндөр насны тэтгэвэр авах насанд хүрэн хүртэл өөрт нь, нас барахад нь түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүдэд нь амьдрах эх үүсвэрээр хангах зорилгоор нийгмийн даатгалын сангаас сар бүр тогтмол олгох мөнгөн хөрөнгө юм.

Тэтгэвэр олгох

  • Нийгмийн даатгалын байгууллага тэтгэврийг үйлчлэгч банкаар дамжуулан сар бүр олгоно.
  • Нас хөгширсөн, өвчилсөн гэх мэт хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр тэтгэврээ авах чадваргүй болсон иргэний тэтгэврийг хууль ёсны итгэмжлэгдсэн хүнд нь, эсхүл нийгмийн даатгалын байгууллага гэрээр нь хүргэн өгч үйлчилнэ.
  • Нийгмийн даатгалын байгууллага өөрийнх нь хүсэлтээр тэтгэврийг тэтгэвэр авагчийн хадгаламжид шилжүүлэн олгож болно.

Асуулт 1. Нийгмийн даатгал гэж юуг ойлгох вэ?

Нийгмийн даатгал гэдэг нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ гэж ойлгоно. Эндээс үзвэл нийгмийн даатгалын санг аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагч хоёр хамтран бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

Асуулт 2. Тэтгэврийн даатгалын сангаас ямар ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсдэг юм бэ?

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан даатгуулагч, иргэн хуульд заасан зориулалтын дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй. Үүнд:

Тэтгэврийн даатгалын сангаас:

  • Өндөр насны тэтгэвэр
  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Асуулт 3. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо хэрхэн бүрддэг вэ?

Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын төв байгууллага (Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар), орон нутгийн салбар, нэгж (аймаг, нийслэл, дүүргийн хэлтэс, газар, сумын тасаг, байцаагч, төлөөлөгч)-ээс бүрдэнэ.

Асуулт 4. Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа хэдийд эхэлж, дуусах вэ?

Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуусталх хугацаанд олгоно.

Агуулга анх оруулсан: 2018-01-25 Шинэчилсэн: 2023-03-28

Мэдээ мэдээлэл