ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Бизнес эрхлэх, бизнесийн үйл ажиллагаа Компани, түүний хоёр хэлбэр

Компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг ойлгоно.

Асуулт 1. Компанийн хэдэн хэлбэр байдаг вэ?

Компани нь хязгаарлагдмал хариуцлагатай болон хувьцаат компани гэсэн хэлбэртэй байна.

  1. Хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, түүнийг захиран зарцуулах эрх нь хууль болон компанийн дүрмээр хязгаарлагддаг компанийг хэлнэ.
  2. Хувьцаат компани нь нээлттэй болон хаалттай гэсэн төрөлтэй байна.

а. Нээлттэй хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг компанийг;

б. Хаалттай хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг ойлгоно.

Асуулт 2. Компани байгуулах ямар арга замууд байдаг вэ?

Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно.

Асуулт 3. Ганц гишүүнтэй компани байгуулж болох уу?

Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар компани нэг үүсгэн байгуулагчтай байж болно.

Асуулт 4. Би 3 найзтайгаа нийлээд компани байгуулах гэж байгаа юм. Компанийхаа дүрмийг боловсруулах гээд. Дүрэмд ямар мэдээллүүд тусгагдах ёстой вэ?

Компанийн дүрэмд дараах зүйлсийг заавал тусгадаг.

  1. компанийн бүрэн болон товчилсон оноосон нэр, түүний хэлбэрийг тодорхойлсон товчилсон ялгах тэмдэглэгээ;
  2. компанийн зарласан болон гаргасан хувьцааны тоо, тэдгээрийн төрөл, нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ;
  3. компанийн дүрмээр давуу эрхийн хувьцааг зарласан нөхцөлд давуу эрхийн хувьцааны зарласан тоо, түүний эзэмшигчийн эрх;
  4. хэрэв төлөөлөн удирдах зөвлөлтэй байхаар шийдвэрлэсэн бол төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоо;
  5. хувьцаа эзэмшигчдийн хурал, төлөөлөн удирдах зөвлөлийн энэ хуулиар тодорхойлсноос бусад бүрэн эрх;
  6. компанийн үйл ажиллагааны чиглэл;
  7. компанийн дүрэмд тусгахаар заасан бусад зүйл.

Асуулт 5. Шүүх компанийг татан буулгаж болдог юм уу?

Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар шүүх компанийг дор дурдсан үндэслэлээр татан буулгана:

а.дампуурсан;

б.нэг ч гишүүн үлдээгүй;

в.хуульд заасан бусад үндэслэл.

Асуулт 6. Компанийг ямар зорилгоор байгуулдаг вэ?

Компанийн үндсэн зорилго нь ашгийн төлөө юм.

Асуулт 7. Нээлттэй болон хаалттай хувьцаат компанийн ялгаа юу вэ?

Нээлттэй хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, нийтэд чөлөөтэй арилжаалагддаг бол хаалттай хувьцаат компани гэж хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь хувьцаанд хуваагдаж, хувьцаа нь үнэт цаасны хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагад бүртгэгдэж, үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагаас гадуур зах зээлд хаалттай хүрээнд арилжаалагддаг компанийг ойлгоно.

Асуулт 8. Нэг найз маань компаниа татан буулгачихсан юм. Тэр нэрээр нь өөр компани байгуулж болох уу?

Хуулийн этгээд татан буугдсан, оноосон нэрээ өөрчилснийг улсын бүртгэлд бүртгэснээс хойш 30 хоногийн дараа тухайн нэрийг олгож болно.

Асуулт 9. Би нэг компанийн үүсгэн байгуулагч юм. Ахин өөр чиглэлийн компани үүсгэн байгуулж болдог болов уу?

Компанийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нь бусад компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч байж болдог.

Асуулт 10.  Компаниа үүсгэн байгуулаад нэрээ авчихсан. Улсын бүртгэлд хэд хоногийн дотор бүртгүүлэх шаардлагатай байдаг вэ?

Өргөдөл гаргагч шинээр болон өөрчлөн байгуулагдсан хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг тухайн хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулснаас хойш ажлын 10 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад гаргана.


http://www.e-khutuch.mn/guide/print/8/141/faq