ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Өндөр насны тэтгэвэр авах

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Дээрх болзлыг хангасан иргэн тэтгэврийн даатгалын сангаас "Өндөр настны тэтгэвэр" авах эрх үүснэ.

Шимтгэл төлвөл зохих хугацаа:

  • Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн байх
  • Эрэгтэй даатгуулагч тэтгэвэр тогтоолгох нас: 60 нас
  • Эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 55 нас
  • 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл 50 нас

Нийтдээ 10-аас 20 хүртэл жил шимтгэл төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгож болно.

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан даатгуулагчийн тэтгэвэр авах эрх

Хөдөлмөрийн нөхцөл Хүйс Нас Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан байх хугацаа
Газар дор Эр 50 10 жил
Хортой халуун Эр 50 10 жил
Эм 45 7 жил 6 сар
Хүнд Эр 55 12 жил 6 сар
Эм 50 10 жил

Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл буюу газрын доорх, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байсан даатгуулагчийн хувьд өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо:

  • Тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж ажиллавал зохих нийт хугацаа
  • Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажиллавал зохих хугацаа
  • Хуульд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн байх гэсэн 3 болзлыг зэрэг хангасан тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгоно

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:

Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно:

  • даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана;
  • даатгуулагч сар бүр шимтгэл төлөх боломжгүй байсан бол долоон жилийн туршид авсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг 84-д хуваана.

Даатгуулагч 7 жилээс доош хугацаанд шимтгэл төлсөн байх болзлоор тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг тодорхойлохдоо төлсөн шимтгэлээс нь тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс,түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг шимтгэл төлсөн нийт сарын тоонд хувааж бодно.

Тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос бодож тодорхойлохдоо даатгуулагч тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргасан үеийн болон 1991 оны хөдөлмөрийн баталгаат хөлсийг харьцуулж гаргасан индексээр тэтгэвэр тогтоолгогчийн 1991 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өөрчлөн тооцно.

Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно.

Тэтгэврийг хувь тэнцүүлэн бодох

Тэтгэврийг хувь тэнцүүлэн бодохдоо энэ хуульд заасан шимтгэл төлөх хугацааг бүрэн хангасан нөхцөлд тухайн даатгуулагчид тогтоогдвол зохих сарын тэтгэврийг шимтгэл төлбөл зохих хугацааны нийт сарын тоонд хувааж, шимтгэл төлсөн нийт сарын тоогоор үржүүлж тооцно.

Бүрдүүлэх материал:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • даатгуулагч 1995 оноос өмнө ажиллаж байсан бол хөдөлмөрийн дэвтэр;
  • даатгуулагч 1995 оноос өмнө ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр тогтоолгохыг хүсвэл хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт;
  • Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа;
  • иргэний үнэмлэхийн хуулбар, эсхүл лавлагаа

http://www.e-khutuch.mn/guide/print/4/10/decide_order