ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Өндөр насны тэтгэвэр авах

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуулт 1. Нийгмийн даатгал гэж юуг ойлгох вэ?

Нийгмийн даатгал гэдэг нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалын санг бүрдүүлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм, эдийн засгийн арга хэмжээ гэж ойлгоно. Эндээс үзвэл нийгмийн даатгалын санг аж ахуйн нэгж, байгууллага, даатгуулагч хоёр хамтран бүрдүүлэх үүрэг хүлээнэ.

Асуулт 2. Тэтгэврийн даатгалын сангаас ямар ямар төрлийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрх үүсдэг юм бэ?

Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж, нийгмийн даатгалд даатгуулсан даатгуулагч, иргэн хуульд заасан зориулалтын дагуу тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах эрхтэй. Үүнд:

Тэтгэврийн даатгалын сангаас:

  • Өндөр насны тэтгэвэр
  • Тахир дутуугийн тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Асуулт 3. Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо хэрхэн бүрддэг вэ?

Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Нийгмийн даатгалын төв байгууллага (Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар), орон нутгийн салбар, нэгж (аймаг, нийслэл, дүүргийн хэлтэс, газар, сумын тасаг, байцаагч, төлөөлөгч)-ээс бүрдэнэ.

Асуулт 4. Өндөр насны тэтгэвэр олгох хугацаа хэдийд эхэлж, дуусах вэ?

Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн нас барсны дараагийн сар дуусталх хугацаанд олгоно.


http://www.e-khutuch.mn/guide/print/4/10/faq