ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Шинэ бүтээлийн патент авах

Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтыг хамааруулдаг. Эдгээрийг бүртгүүлэх, гэрчилгээ авах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан.

Асуулт 1. Шинэ бүтээлийн зохиогч ямар эрхүүдийг эдлэх вэ?

Патентийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу шинэ бүтээлийн зохиогч дараах эрхийг эдэлнэ. Үүнд:

  • шинэ бүтээлийг өмчлөх;
  • патент авах эрхээ бусад этгээдэд шилжүүлэх;
  • шинэ бүтээлдээ нэр өгөх;
  • шинэ бүтээлийн технологийн баримт бичиг боловсруулах, тэдгээрийг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх ажилд оролцож, хяналт тавих, оюуны бүтээлээ үнэлэх;
  • шинэ бүтээлийг ашиглаж олсон бусад этгээдийн орлогоос зохих хэмжээний төлбөр авах.

Шинэ бүтээлийг хамтран бүтээсэн зохиогчид дээрх эрхүүдийг хамтран эдлэнэ. Харин шинэ бүтээлийн мэдүүлэг болон техникийн баримт бичиг бүрдүүлэх, санхүүжүүлэх, туршилт хийх зэргээр туслалцаа үзүүлсэн этгээдийг хамтран зохиогч гэж тооцохгүй.

Хамтран зохиогчид гэрээнд өөрөөр заагаагүй бол мэдүүлэг гаргах, патент авах, бүтээлээ ашиглуулах, бусад этгээдэд худалдах, шилжүүлэх, үнэлэх болон шинэ бүтээлтэй холбоотой харилцаанд тэгш эрх эдлэх бөгөөд хэн нэг нь бусад хамтран зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа эрх эдлэхгүй.

Асуулт 2. Зохиогч шинэ бүтээлийн патентыг бусдад шилжүүлж болох уу?

Патентын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу патент эзэмшигч нь аливаа этээдэд лицензийн гэрээ байгуулж шинэ бүтээлийг ашиглуулж болно. Лицензийн гэрээгээр патент эзэмшигч нь хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагчид олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөр төлөх болон гэрээгээр тодорхойлсон бусад үүрэг хүлээнэ.

Лицензийн гэрээнд дараах зүйлийг тусгана. Үүнд:

  • шинэ бүтээлийг ашиглах арга, хэлбэр, хэмжээ, хүрээ, хугацаа;
  • гэрээний талуудын эрх, үүрэг;
  • шинэ бүтээлийг ашигласны төлбөрийн хэмжээ, түүнийг олгох журам;
  • гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээх хариуцлага;
  • маргаан шийдвэрлэх журам.

Онцгой лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь лиценз авагчид шинэ бүтээлийг ашиглах онцгой эрхийг мөн лицензийн гэрээний дагуу олгоно.

Энгийн лиценз өгөх тохиолдолд лиценз өгөгч нь шинэ бүтээлийг лиценз авагчид ашиглуулахаар өгөх, патентаар олгогдсон эрхээ гуравдагч этгээдэд нэгэн зэрэг ашиглуулах эрхтэй байна. 

Дээр дурдсаны дагуу байгуулж буй аливаа лицензийн гэрээг бичгээр үйлдэх бөгөөд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд ийнхүү бүртгүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр бус байна.

Патент эзэмшигч өөрийн бүтээлээ сонирхогч этгээдэд ашиглуулах лиценз олгох тухай хүсэлтээ оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болно.

Лицензийн гэрээг шударга өрсөлдөөнийг хязгаарлах нөхцөлтэйгээр байгуулахыг хориглоно.

Асуулт 3. Патент эзэмших хугацаанд ямар нэг төлбөр төлөх үү?

Патентын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу патентийг хүчинтэй байлгах хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан хэмжээ, хугацаагаар төлнө.

Патентийг хүчинтэй байлгах эхний 3 жилийн хураамжийг патент олгох шийдвэр гарсан өдрөөс хойш 6 сарын дотор, дараахь хугацааны хураамжийг тухайн хугацаа эхлэхээс 6 сарын өмнө тус тус төлнө.

Патент эзэмшигч патентийг хүчинтэй байлгах хураамжийг Патентийн тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй бол оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн хугацаа өнгөрснөөс хойш 6 сарын хөнгөлөлтийн хугацааг тогтоож болох бөгөөд энэ тохиолдолд тухайн хугацааны хураамжтай тэнцэх хэмжээний төлбөр нэмж төлнө.

Патентийг хүчинтэй байлгах сонирхол бүхий этгээд патент эзэмшигчийн зөвшөөрлөөр патентийн хураамжийг төлж болно.

Асуулт 4. Шинэ бүтээлийн патентын хугацаа ямар байдаг вэ?

Патентын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу анхдагч огнооноос эхлэн шинэ бүтээлийн патент 20 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Асуулт 5. Шинэ бүтээлийн патентыг ямар тохиолдолд хүчингүй болгох вэ?

Патентын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу Патентын хуулийг зөрчиж патент олгосон байвал маргаан шийдвэрлэх комисс, шүүх патентыг хүчингүй болгоно.

Патент эзэмшихээс болон патентын хураамж төлөхөөс татгалзсан, патентыг хүчинтэй байлгах хураамжийг Патентын тухай хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага патентыг хүчингүй болгоно.

Шинэ бүтээлийг огт ашиглаагүй тохиолдолд тухайн шинэ бүтээлийг Монгол Улсад ашиглах нөхцөл байгаагүйг патент эзэмшигч нотолж чадаагүй бол төрийн хяналтад зайлшгүй байх шинэ бүтээлийг эзэмших эрх оюуны өмчийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шилжинэ.

Патентыг хүчингүй болгох тухай хүсэлтийг патент хүчинтэй байх хугацаанд гаргана.

Патентын хураамжийг төлөөгүй шалтгаанаар патентыг хүчингүйд тооцсон нөхцөлд патент хүчинтэй байх нийт хугацааны дотор патент эзэмшигчийн хүсэлтээр патентыг сэргээж болно.

Асуулт 6. Патентын эрх зөрчигдвөл ямар замаар сэргээлгэх вэ?

Хэрэв таны патентаар хамгаалагдсан бүтээлийг хууль бусаар ашиглаж танд хохирол учруулсан, болон лицензий гэрээний дагуу бүтээл ашигласны төлбөр гаргуулахаар маргах тохиолдолд та тухайн маргааныг зөрчил гаргасан этгээдийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой.

 


http://www.e-khutuch.mn/guide/print/10/225/faq