ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Шинэ бүтээлийн патент авах

Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалтыг хамааруулдаг. Эдгээрийг бүртгүүлэх, гэрчилгээ авах харилцааг хуулиар нарийвчлан зохицуулсан.

Зөвлөгөө №1:

Хэрэв та шинэ бүтээлийн патент авсан бол тухайн бүтээлээ анхдагч огнооноос хойш 20 жилийн хугацаанд ашиглах бүх л боломжтой аргуудыг судалж, ашиглан үр шимийг нь хүртэх хэрэгтэй. Учир нь 20 жилийн хугацаа дуусгавар болоход тухайн бүтээлийг шинэ гэх үндсэн шинж чанар нь алдагдсан гэж үзэж, тухайн бүтээлд дахин патент олгохгүйг анхаараарай. Харин цаашид үргэлжлүүлэн патентгүйгээр ашиглах боломжтой.

Зөвлөгөө №2:

Хэрэв та албан үүргээ гүйцэтгэх буюу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцдаа шинэ бүтээл бүтээсэн бол уг бүтээлд патент авах эрхийг гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил олгогч эдэлдэг болохыг анхаараарай. Тиймээс гэрээнд өөрт ашигтай нөхцөлүүдийг тусгуулах боломжтой.

Ажил олгогч шинэ бүтээлийг бүтээснээс хойш 6 сарын дотор мэдүүлэг гаргаагүй бол зохиогч нь мэдүүлэг гаргах эрх эдэлнэ. Энэ тохиолдолд зохиогч патент авсан бол ажил олгогч тухайн бүтээлийг ашиглахдаа патент эзэмшигчид гэрээний үндсэн дээр зохих төлбөр төлнө.

Зөвлөгөө №3:

Патентийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу Хуулийн этгээд шинэ бүтээлийг ашигласнаас олсон ашиг, оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг санхүүгийн тайлан тэнцэлд тусгаж, үйлдвэрлэлийн нууцыг нь хадгалах үүрэгтэй байдаг.  Мөн оюуны бүтээлийн өртгийг тооцсон үнэлгээг хөрөнгийн баталгаа, барьцаа, хөрөнгө оруулалт, хувьцаа гаргах, хувьчлал болон дуудлагын худалдаанд оруулах, дүрмийн сан бүрдүүлэх, даатгалд хамруулах зэрэгт хэрэглэж болно.


http://www.e-khutuch.mn/guide/print/10/225/advice