ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Нэмэгдсэн өртгийн албан татвар

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Хуулийн зохицуулалт

Суутган төлөгч гэдэг нь: Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш /тухайн этгээдийн хөрөнгөөр бүртгэлтэй байсан үндсэн хөрөнгийн борлуулалт хамаарахгүй/ төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд байна.

  • Хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая төгрөгт хүрсэн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтан бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргах бөгөөд Татварын албанаас гэрчилгээ олгосноор албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэнэ.
  • Борлуулалтын орлого нь 10,0 сая төгрөгт хүрсэн бол та сайн дураар бүртгүүлж болно.
  • Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэхгүй байж болно.

Албан татвар төлөгч гэдэг нь:  бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч буй хувь хүнийг хэлнэ.

Албан татвар төлөгчид дор дурдсан шалгуурыг хангасан тухайн жилийн худалдан авалтаар төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгоно.

Шалгуурууд:

  • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх
  • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх
  • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх
  • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх

Татвар ноогдуулах зүйл

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1-д заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ, Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ноогдуулна гэж заасан 

Хувь хэмжээ

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд 10 хувиар
  • Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд тэг /“0”/ хувиар
  • Импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээнд 0-10 хувийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Татвар төлөгч та татварын улсын байцаагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг тухайн байцаагчийг шууд харьяалах татварын албаны даргад хандан гаргана. /Татварын ерөнхий хуулийн 72 дугаар зүйл 72.1.1 дэх хэсэг/

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий суутган төлөгч:

-   Хувь хүн, хуулийн этгээд үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50.0 сая төгрөгт хүрсэн өдрөөс хойш ажлын 10 өдөрт багтан бүртгүүлэх өргөдлөө  харьяалах татварын албанд гаргах бөгөөд Татварын албанаас гэрчилгээ олгосноор албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдэнэ.

-  Борлуулалтын орлого нь 10,0 сая төгрөгт хүрсэн бол та сайн дураар бүртгүүлж болно.

-   Албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлэхгүй байж болно.

НӨАТ төлөгч болоход бүрдүүлэх материал:
1. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдөл Энд дарж үзнэ үү 
2. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх албан хүсэлт /орлого олсон үйл ажиллагааны чиглэл, тайлант хугацаа, орлогын хэмжээ/
3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4. Татварын албаар баталгаажсан орлогын албан татварын тайлан, иргэний хувьд
5. 5. Иргэний орлого татвар тодорхойлох хуудас /хуулбар/
6. Харилцагч санхүүгийн байгууллага болон татварын албаар баталгаажсан санхүүгийн тайлан /хуулбар/
7. Борлуулалтын орлого 10.0 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэнийг нотлох баримт/харилцахын хуулга/
Харилцах дансны хуулга /тамга дарж, гарын үсэг зурж баталгаажуулсан/
• Борлуулалттай холбоотой гэрээ болон гэрээ дүгнэсэн акт /хуулбар/

Асуудлыг шийдвэрлэх хугацаа

Татвар тайлагнах, төлөх хугацаа

Татварын төрөл 

Татвар төлөх хугацаа

Тайлагнах хугацаа

Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

Сарын бүрийн 25

Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор

Хувь хүний орлогын албан татвар /Суутган/

Сар бүрийн эцэст суутган авч дараа сарын 10-ны дотор

Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор

Хувь хүний орлогын албан татвар /хувиараа бизнес эрхлэгч иргэд/

Дараа улирлын эхний сарын 15-ны дотор

ИОТТХ -аар дараа оны 2 сарын 15-ны дотор

Онцгой албан татвар

Сар бүрийн 25-ны дотор

Дараа сарын 5-ны дотор

Нэмэгдсэн өртгийн албан татвар

Дараа сарын 10-ны дотор

Дараа сарын 10-ны дотор

Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар

Хувь хүн 6 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө

 Тайлагнахгүй

Аж ахуйн нэгж, байгууллага нь тэнцүү хэмжээгээр улирал бүрийн сүүлийн сарын 25-ны дотор

Дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор

Үл хөдлөх хөрөнгийн албан татвар

Хуулийн этгээд улирал бүрийн сүүлийн сарын 15-ны дотор тэнцүү хэмжээгээр, Хувь хүн жил бүрийн 2 дугаар сарын 15–ны дотор нэг удаа

Дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор

Бууны албан татвар

Жил бүрийн 8 дугаар сарын 1-ны дотор

Тайлагнахгүй

Авто бензин, дизелийн түлшний албан татвар

Орж ирсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор

Улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20, жилийн тайланг дараа оны 2 дугаар сарын 10-ны дотор

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Тухайн улирлын төлбөрийг дараагийн улиралд багтаан

Дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны дотор

Байгалийн нөөц ашигласны төлбөр/ургамал, ан амьтан, ой, ус рашааны нөөц/

Дараа сарын 10-ны дотор

Дараа оны 1 дүгээр сарын 10-ны дотор

Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Татвар төлөгчийн зөрчилд хүлээлгэх хариуцлага

Зөрчлийн хэлбэр

Хүлээлгэх хариуцлага

Татвар төлөгч татварын албанд бүртгүүлээгүй, татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй

Хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсхүл түүнийг хоёроос гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурваас дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Татварыг хугацаанд нь төлөөгүй бол

Төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна. Мөн зөрчилд Засгийн газраас баталсан хувиар алданги тооцох бөгөөд 2016 онд тооцох алдангийн хувь хэмжээг 0,0537 хувиар тогтоосон.

Татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан бол

Татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна.

Асуулт 1 Аж ахуй нэгж байгууллага татвар төлөгчийн бүртгэлд шинээр бүртгүүлэх бол ямар материал бүрдүүлэх вэ.

Шинээр байгуулагдсан хуулийн этгээд нь бүртгэх байгууллагаас гэрчилгээ авснаас хойш ажлын 14 өдрийн дотор харъяалагдах татварын албанд ТБ-01, ТБ-02 маягтыг бөглөж татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:

  • Татвар төлөгчийн бүртгэлийн маягт бөглөх (ААН-ийн хувьд ТБ-01 маягт, бусад байгууллагын хувьд ТБ-02 маягт)
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Хуулийн этгээдийн дүрэм
  • Үүсгэн байгуулагчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  • Хуулийн этгээдийн банкны дансны хуулга
  • Удирдлагын анкет, иргэний үнэмлэхний хуулбар
  • Түрээсийн гэрээ (Түрээсийн байранд байрлах бол)

Асуулт 2 Байгууллага тоон гарын үсэг яаж авах вэ ? 

Тоон гарын үсэг” нь цахим баримт бичгийг хуурамчаар үйлдэх, өөрчлөхөөс хамгаалах зорилгоор криптограф хувиргалтад оруулж үүсгэсэн цахим гарын үсгийн төрөл юм.

Та шинээр тоон гарын үсэг авахын тулд:E,TAX,MTA.MN нэвтэрж -хүсэлт илгээж-тоон гарын үсэг шинээр авах хүсэлт бөглөж-хүсэлт, өргөдөл гэрээг бөглөнө./Цахим хуудас руу Татвар төлөгчийн регистрийн дугаар, нууц үгээр нэвтэрнэ./

Үүний дараа

    • хүсэлтийг 1 хувь хэвлэн захирлаар гарын үсэг зуруулж, өргөдлийг 1 хувь, гэрээг 2 хувь хэвлэн гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан
    • компанийн гэрчилгээний хуулбарыг флашийн хамт
    • тоон гарын үсэг хэрэглэх эрх бүхий хүн иргэний үнэмлэхний хуулбартайгаа авчирч, өөрийн биеэр ирж авна.

 

 


http://www.e-khutuch.mn/guide/print/9/252/all