ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Залилан мэхлэх гэмт хэрэг Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх

Асуулт 1: Залилуулсан эд хөрөнгө гэдэг ямар эд хөрөнгийг ойлгох вэ?

Залилах гэмт гэмт хэрэгт хохирогч нар эхэвчлэн өөрийн өмчлөл, эзэмшилд байдаг эд хөрөнгөөрөө хохирсон байдаг. Иймд уг эд хөрөнгийн хуульд зааснаар “…бусдын эд хөрөнгө…” хэмээн Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс байна.

Асуулт 2: Залилах гэмт хэргийн улмаас хамгийн ихээр хөндөгддөг өмчлөх эрхийг хэрхэн ойлгох вэ?

“…өмчлөх эрх...” гэдэгт Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заан тодорхойлсон, өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхийг ойлгоно.

Асуулт 3: Залилах гэмт хэргийн үйлдэлийн гол шинж болох итгэлийг урвуулан ашиглахыг хэрхэн ойлгох вэ?

Итгэлийг урвуулан ашиглах нь бусдыг хуурч мэхлэн итгэл олж авснаар бий болдог. Тэгвэл “…хуурч мэхлэх…” гэдэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ. Хуурч мэхлэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг, факс, дүрс болон дуу авианы бичлэг, техник хэрэгсэл, компьютерийн мэдээлэл, сүлжээ ашиглах буюу тусгай албаны хувцас, хэрэглэл, цол, тэмдэг хэрэглэж зориудаар төөрөгдүүлэх, дутуу буюу зориулалтын бус, эсхүл хуурамч буюу чанарын доголдолтой эд зүйлээр төлбөр хийх зэргээр илэрнэ.

Асуулт 4: Итгэлийг урвуулан ашиглах нь итгэл эвдэх гэдэгт ойлголттой хамаарах уу?  

“…итгэл эвдэх…” гэдэг нь гэрээний буюу гэрээний бус харилцаагаар итгэмжлэн олгосон бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд итгэмжлэлээр олгогдсон бүрэн эрхийг санаатайгаар зөрчиж, ашиглах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлнэ. Иймд мөн итгэлийг урвуулан ашигласан гэх ойлголтонд хамаарна. Итгэл эвдэх арга нь гол төлөв хоёр талын итгэлцэлд үндэслэгдэж, эд хөрөнгө хөлслөх, зээл өгөх авах, худалдах-худалдан авах, ажил гүйцэтгэх, барьцаа, батлан даалт, баталгаа, даатгал, итгэмжлэл иргэний эрх зүйн гэрээгээр халхавчлах буюу шан харамж өгөх, ашиг хүртээхийг амлах гэх мэтээр олж авсан итгэлийг ашиглаж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр илэрнэ.

Асуулт 5: Залилах гэмт хэргээс иргэд, хуулийн этгээд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Уг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гол арга нь аливаа нийгмийн харилцааны талаарх мэдлэг, мэдээлэлээ нэмэгдүүлэх. Мөн өөрт зайлшгүй хэрэгтэй байгаа асуудлаар холбогдох байгууллагаас найдвартай, эх сурвалжтай мэдээллийн үндэслэн бусдад мөнгө болон эд хөрөнгөө шилжүүлэх нь зүйтэй юм.


http://www.e-khutuch.mn/guide/print/53/467/faq