ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Жижиг, дунд үйлдвэрлэл Жижиг дунд үйлдвэрлэлийн төсөл сонгон шалгаруулах

Асуулт 1. Ямар тохиолдолд ЖДҮЭ-ийн төслийг хүлээн авахгүй вэ?

  • Нийт санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг өөрийн эх үүсвэрээр бүрдүүлээгүй
  • Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.6, 5.4.8, 5.4.14, 5.4.18-д заасан сангуудад болон сум хөгжүүлэх санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй
  • Сангаас авсан зээлээ төлсөн боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зориулалтын бусаар ашигласан
  • Монгол банкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлтэй, зээлийн муу түүхтэй
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн
  • Нийгмийн даатгал болон татварын байгууллагад өртэй
  • Байгаль орчин ба хүний эрүүл мэндэд хортой технологи, материал хэрэглэсэн, экологийн хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон
  • Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрөөгүй
  • Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий Сайд, Засгийн газрын гишүүн, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгч, Улсын ерөнхий прокурор, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн өмчит компани, олон улсын байгууллагын дарга, захирлын албан тушаал эрхэлж байгаа хүн, эсхүл түүний гэр бүлийн гишүүд хувь эзэмшдэг
  • Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчээр бүртгүүлсэн боловч сүүлийн нэг жилийн борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс дээш байх
  • Тухайн төслийг Сан болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад нэгэн зэрэг ирүүлсэн

Асуулт 2. Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ, дээд хэмжээ хэд байх вэ?

Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 300,000,000 төгрөг, дээд хэмжээ 1,000,000,000 төгрөг хүртэл байна.

Асуулт 3. Банкаар дамжуулан зээл олгох тохиолдолд Дэд хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ, дээд хэмжээ хэд байх вэ?

Дэд хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000 төгрөг, дээд хэмжээ 200,000,000 төгрөг хүртэл байна.

Асуулт 4. Сангаас шууд зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ, дээд хэмжээ хэд байх вэ?

Сангаас шууд зээл олгох тохиолдолд Хорооны хурлаар нэг төслийг санхүүжүүлэх доод хэмжээ 20,000,000, дээд хэмжээ 300,000,000 төгрөг хүртэл байна.

Асуулт 5. Жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн ямар материалуудыг бүрдүүлэх вэ?

  1. Зээлийн өргөдөл
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар /цахим лавлагаа/
  3. Оршин суугаа хаягийн тодорхойлолт
  4. Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн санал
  5. Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар
  6. Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь
  7. Татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтрийн хуулбар
  8. Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай гэрчилгээ / тодорхойлолт /
  9. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
  10. Нийгмийн даатгалын байгууллагад өргүй талаарх тодорхойлолт
  11. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ, түүнээс өөрийн эх үүсвэрээс санхүүжүүлэх 30 хувиас доошгүй хөрөнгийн хэмжээ
  12. Төлбөртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдээгүй талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт
  13. Татварын өргүй талаар харилцдаг татварын байгууллагын тодорхойлолт
  14. Тухайн төсөл болон төсөл хэрэгжүүлэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг зөвшөөрснийг илэрхийлсэн мэдэгдэл.

Асуулт 6. Төсөл нь ямар шаардлагуудыг хангасан байвал зохистой вэ?

  1. Зорилго нарийвчлан тодорхойлж, зорилтууд нь зорилгоо хэрэгжүүлэхэд чиглэсэн, төсөл хэрэгжүүлэгчийн цаашид юу хийвэл зохих тухай бодол санаа, буюу төлөвлөсөн зүйлүүдээ нэгтгэн дүгнэж, ирээдүйд ямар үр дүнд хүрэхийг хүсээд байгаа талаар нарийн тусгасан байх.
  2. Төслөөс гарах үр дүнд тулгуурлан төсвийн тооцоог хийж, санхүүжилтэд өөрийн хандаж байгаа санхүүжүүлэгч байгууллага ямар үүрэг хүлээх, төсөлд оруулж чадах өөрийн хувь нэмрийг тодорхой тусгахын зэрэгцээ санхүүжилтийн үр ашгийг тооцоолон гаргасан байх.
  3. Төслийн санхүүжилт дууссаны дараа төсөл бие даан үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадахаар байх.

http://www.e-khutuch.mn/guide/print/41/417/faq