ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх Хөгжлийн бэрхшээлтэй хүн нийгмийн халамж хүртэх эрх

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр

Асуулт 1. Манай хүүхэд харааны бэрхшээлтэй. Би хүүхдээ аваад сувилалд хэвтэх гэсэн юмаа. Улсын төсөвөөс ямар нэгэн хөнгөлөлт, олговор байдаг болов уу?
Дотоодын рашаан сувилалд сувилуулах шаардлагатай дараах хүнд ирж, очих унааны, ор хоногийн зардлыг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар тус тус тооцон доор дурдсан хувиар жилд нэг удаа нөхөн олгоно:
а.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 100 хувь;
б.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран халамжилж яваа нэг иргэнд 50 хувь;
Асуулт 2. Би сонсголын бэрхшээлтэй. Амралтаараа хүүхдийн зусланд амрах гэж байгаа юм. Зусланд амрах хүүхдүүдэд хөнгөлөт үзүүлдэг гэсэн ямар хэмжээний хөнгөлөлт үзүүлдэг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн 50 хувийг жилд нэг удаа олгодог.

Асуулт 3.  Гэр харааны бэрхшээлтэй, гэр хороололд амьдардаг. Түлш авахад мөнгөн тусламж үзүүлдэг гэсэн. Энэ тусламжийг авахын тулд ямар материал бүрдүүлэх хэрэгтэй вэ?
Нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж авахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
1. өргөдөл (маягтын дагуу);
2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3. 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
4. хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт;
5. аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;
6. хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
7. иргэнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай болохыг тогтоосон сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч, аймаг, дүүргийн эрүүл мэндийн  байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын тодорхойлолт.
Асуулт 4. Манай хүүхэд тэргэнцэр хэрэглэдэг. Өмнө нь худалдаж авсан тэргэнцэрийнхээ үнийг 2015 онд нөхөн авч байсан. Одоо нилээн муудаад солихоор болсон. Тэнгэнцэрийг ямар хугацаанд хэрэглэсэн бол шинээр авч үниийн дүнг нь нөхөн авч болдог вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар тэргэнцэрийн үнийг гурван жил тутам нэг удаа 100 хувь нөхөн олгодог байна.
Асуулт 5. Би харааны бэрхшээлтэй. Орон нутагт байдаг сувилалын газар сувилуулах гэсэн юм. Замын зардал авч болдог гэсэн. Би авч болох болов уу?
Бүрэн хараагүй хүн эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчсон тохиолдолд ирж, буцах унааны зардлын 75 хувийг жилд нэг удаа нөхөн олгоно. Гол нь эмнэлгийн байгууллагын дүгнэлттэй тохиолдолд нөхөн авч болно.
Асуулт 6. Төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүн хоол хүнс, хувцас, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй бөгөөд энэхүү эрхийг хангах зорилгоор төрөөс дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
1.хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээнд тохирсон тусгай хэрэглээний протез, ортопед, ариун цэвэр-эрүүл ахуйн материал, асаргаа сувилгааны болон бусад туслах хэрэгслээр хангах;
2.хөгжлийн бэрхшээлтэй эцэг, эх хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд нь шаардлагатай дэмжлэг үзүүлж, туслах үйлчилгээ авах боломжоор хангах;
3.хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн хамгааллын болон нийгмийн халамжийн хөтөлбөрт хамруулах.
Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг халамжийн, түрээсийн, ипотекийн зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр хамруулах орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний болон аймаг, нийслэлийн Засаг даргын жил бүрийн төсөвт тусгана.
Асуулт 7. Монгол Улсын иргэншилтэй биш байнгын оршин суудаг гадаад улсын иргэн нийгмийн халамжийн сангаас тусламж, хөнгөлөлт авч болох болов уу?
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Хөгжлийн бэрхшээлтэй Монгол Улсын иргэн, Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд нийгмийн халамжийн сангаас тусламж, хөнгөлөлт авч болно.
Асуулт 8. Манай хүүхэд эмнэлгийн магадлагаагаар усан эмчилгээнд явах гэж байгаа юм. Усан эмчилгээний зардлыг нөхөн авч болдог гэсэн. Хэдэн хувийг нөхөн авдаг вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд эмнэлгийн магадлагаагаар дотоодод усан эмчилгээ хийлгэсэн бол эмчилгээний төлбөрийн 70 хувийг нөхөн авч болно.
Асуулт 9. Манай хүүхэд дотоодод протез хийлгэсэн юмаа. Одоо хийгэсэн протез нь багадаад солиулах гэж байгаа юм. Нөхөн олговороо авахдаа ямар материал бүрдүүлэх вэ?
18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дотоодод хийлгэсэн протезын үнийг эдэлгээний хугацаа дууссан болон тухайн хүүхдийн өсөлтийн улмаас бие эрхтэнд нь таарахгүй болсон тохиолдолд тухай бүр 100 хувь нөхөн олгодог. Нөхөн олговрыг авахдаа дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1. өргөдөл (маягтын дагуу);
2. иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
3. 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
4. хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх, хуулбарын хамт;
5. аймаг, дүүргийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар;
6. хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон аймаг, дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
7. иргэнд байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай болохыг тогтоосон сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмч, аймаг, дүүргийн эрүүл мэндийн  байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын тодорхойлолт.
8. аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын Эмнэлэг хяналтын комиссын протез хийлгэх шаардлагатай тухай шийдвэр, аймаг, нийслэлд эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмчийн ортопедийн болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай тодорхойлолт, сум, тосгонд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн тодорхойлолт;
9. протез, ортопед, тусгай хэрэгслийн үнийг төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл;
Асуулт 10. Хүүхэд маань тусгай сургуулийн бага ангид суралцдаг. Хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авахдаа унааны зардлын хөнгөлөлт авч болдог гэсэн. Энэ хөнгөлөлтийг авахын тулд ямар ямар баримт бичиг бүрдүүлэх вэ?
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны зардлаа хөнгөлүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
1. өргөдөл (маягтын дагуу);
2. 16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;
3. цэцэрлэг, сургуульд хүргэж өгөх болон авах асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, хуулбарын хамт;
4. хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болохыг тогтоосон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийн хуулбар;
5. хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцаж байгаа сургууль, цэцэрлэгийн тодорхойлолт;
6. орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймаг болон сумын төв, нийслэлд суралцахаар ирсэн тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагчийн тээврийн зардал  төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.


http://www.e-khutuch.mn/guide/print/33/382/faq