ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Зөрчлийн тухай ойлголт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа Эрх хязгаарлах арга хэмжээ

Эрх хязгаарлах арга хэмжээ

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Эрх хязгаарлах арга хэмжээ нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн ашиг сонирхлыг хамгаалах нөхцлийг бүрдүүлэх, зөрчлийн шуурхай шалгах, зохих шийтгэл ногдуулах зорилготой байдаг. Эрх хязгаарлах арга хэмжээг давхардуулан хэрэглэж болдог.

Хүнийг саатуулах. Хүнийг саатуулах нь хүний халдашгүй эрхийг хуульд заасан үндэсэлэл, хугацаа, журмыг баримтлан хязгаарлан саатуулж буй арга хэмжээ юм. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч согтуурсан, мансуурсан холбогдогчийг шалгуулахаар 24 цаг хүртэл хугацаагаар саатуулах эрхтэй. Тагнуулийн байгууллага, цагаадгийн байгууллагын эрх бүхий албан хаагч, хилийн төлөөлөгч, түүнийг орлогч, туслах “холбогдогчийг хэн болохыг тогтоох” зорилгоор 6 цаг хүртэл л саатуулах эрхтэй.

Зарим зөрчлийг шалгах ажиллагаанд холбогдогч оргон зайлах эсвэл дахин зөрчил үйлдэж болзошгүй бол прокурорт мэдэгдэн 24 цаг хүртэл саатуулж болох бөгөөд шаардлагатай тохиолдолд харьяалах шүүхээр 48 цаг хүртэл сунгуулж болдог.  

Үйл ажиллагаа ашиглалтыг түр зогсоох.  Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд шууд, эсхүл шууд бусаар хор хохирол учруулж байгаа, эсхүл учруулж болох нөхцөл байдал үүссэн үед холбогдогчийн ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн, эсхүл барилга байгууламж, машин, тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ашиглалтыг прокурорын зөвшөөрлөөр түр зогсооно.

Эрх бүхий албан тушаалтан хойшлуулшгүй тохиолдолд үйл ажиллагаа ашиглалтыг түр зогсоох арга хэмжээг авч, энэ тухай прокурорт даруй мэдэгдэнэ. Прокурор эрх бүхий албан тушаалтны авсан эрх хязгаарлах арга хэмжээг хүчинтэйд тооцох эсэхийг даруй шийдвэрлэнэ.

Баримт бичгийг хураан авах. Эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн жолоодох эрхийн үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл зэрэг баримт бичгийг хураан авч, хураан авсан тухай баримтыг холбогдогчид өгнө. Холбогдогч хураалгасан баримт бичгийг ашиглах зайлшгүй шаардлагатай бол эрх бүхий албан тушаалтанд хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх. Прокурор зөрчил шалгах ажиллагаанд саад учруулж болзошгүй талаархи эрх бүхий албан тушаалтны саналыг үндэслэлтэй гэж үзвэл Зөрчлийн тухай хуульд арван мянгаас дээш нэгжтэй тэнцэх, эсхүл хөрөнгө, орлого, хохирлын тодорхой хувиар тооцсон торгох шийтгэлийн хэмжээ нь арван мянгаас дээш нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд холбогдогчийн Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлж болно.

Прокурорын шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлнэ. Прокурор зөрчлийн хэрэг бүртгэлт дууссан, эрх хязгаарлах арга хэмжээ авсан үндэслэл арилсан, эрх хязгаарлах арга хэмжээг үндэслэлгүй авсан нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Монгол Улсын хилээр гарах эрхийг түр түдгэлзүүлэх арга хэмжээг цуцална.


http://www.e-khutuch.mn/guide/print/26/249/decide_order