ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа Зээл, зээл авах тухай

“Зээл” гэж санхүүгийн байгууллага, хувь хүнээс өөрийн хувийн хэрэгцээ болон бизнесийн үйл ажиллагаанд шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаа, хүү, эргүүлж төлөх нөхцөлтэйгээр авахыг хэлнэ.

Асуулт 1. Зээлийн нэмэгдүүлсэн хүү гэж юу вэ? Ямар тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх вэ?

Хариулт 1. Иргэний хуулийн 452.2-т зааснаар Зээлийг хугацаанд эргүүлэн төлөөгүй, эргэн төлөх хуваарьт заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд зээлийн хүүн дээр нэмж тооцож буй төлбөр юм. Нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүний 20 хувиас хэтрэхгүй байна.

Асуулт 2. Зээл ангилагдана гэж юу вэ? Зээлээ ангилуулах нь муу юу, ямар үр дагавартай вэ?

Хариулт 2. Банк зээлийн үлдэгдлийг байнга хянаж, ангилах ажлыг хийж гүйцэтгэдэг. Зээлээ хугацаанд нь төлөхгүй хугацаа хэтрэх болон чанарын нөхцөл байдлаар зээл эргэн төлөгдөхөд асуудалтай гэж дүгнэгдсэн тохиолдолд Монголбанкны Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж зарцуулах журмын дагуу анхаарал хандуулах, эргэлзээтэй, муу гэж ангилна. Ангилагдсан эсэх мэдээлэл нь Зээлийн мэдээллийн санд шууд бүртгэгддэг тул өмнөх зээл нь ангилагдсан байх нь дахин зээл авахад сөргөөр нөлөөлөх талтай.

Асуулт 3. Зээлийн барьцаанд тавих өөрийн гэсэн өмчлөлийн хөрөнгөгүй бол өөр хүний хөрөнгийг барьцаалж болох уу? Ямар шаардлага тавигдах вэ?

Хариулт 3. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22.3-т зааснаар зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалах эд хөрөнгийн тодорхойлолтод зээлдэгчээс барьцаалж байгаа эд хөрөнгийг зээлдүүлэгч, эсхүл түүнээс томилогдсон хөрөнгийн үнэлгээчин газар дээр нь очин, нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн тухайн хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ.

Асуулт 4. Зээлийг заавал Зээлийн гэрээ байгуулж олгох ёстой юу?

Хариулт 4. Иргэний хуулийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар Зээлийн гэрээ байгуулж, зээлийг олгоно.

Асуулт 5. Авсан зээлээ хугацаанаасаа өмнө төлөх боломжтой юу?

Хариулт 5.  Гэрээгээр талууд тохиролцсон бол боломжтой.

Асуулт 6. Зээл төлөх хугацаа, зээлийн төлөлтийг хийх хуваариа зөрчсөн бол яах вэ?

Хариулт 6. Иргэний хуулийн 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцно.  

Асуулт 7. Зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд банк, ББСБ барьцаалсан хөрөнгийг шууд өөртөө шилжүүлж авах уу?

Хариулт 7. Иргэний хуулийн 453.2-т зааснаар Талууд барьцааны гэрээнд барьцаа хөрөнгийг шилжүүлэхээр заасан болон барьцаа хөрөнгө нь хөдлөх хөрөнгө байх тохиолдолд шууд шилжүүлэн авч болно. Үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 43.1-т зааснаар шүүхээс гадуур, эсхүл шүүхийн журмаар худалдан борлуулна.


http://www.e-khutuch.mn/guide/print/24/222/faq