ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Ажил эрхлэлт Гадаадаас ажиллах хүч авах

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх, тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Асуулт 1. Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд яах вэ?

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүндэтгэх бус шалтгаанаар 3-аас дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд зөвшөөрлийн хугацааг сунгахгүй, тухайн иргэний талаар Гадаадын иргэн, харьяатын газарт мэдэгдэж, хуулийн дагуу зохих арга хэмжээ авна.

Асуулт 2. Байгууллага нь Хөдөлмөрийн гэрээгээр авч ажиллуулж байгаа гадаадын иргэний өмнө ямар хариуцлага хүлээдэг вэ?

Байгууллага нь гэрээгээр авч ажиллуулж байгаа Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэний өмнө монгол иргэдийн өмнө хүлээдэг үүргүүдээс гадна ажиллах хүч авах гэрээнд тусгагдсан үүргийг хүлээнэ. Түүнчлэн түүнийг Хөдөлмөрийн гэрээ дуусмагц эх оронд нь буцаах арга хэмжээ авах үүргийг хуулийр хүлээнэ.

Асуулт 3. Гадаадын иргэн нь харьяалагдаж байгаа байгууллагаасаа өөр байгууллагад шилжин ажиллаж болох уу?

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй гадаадын иргэн нь анхны байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт, гэрээ цуцлах болсон шалтгааныг үндэслэн зохих журмын дагуу шинээр зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэнэ.

Асуулт 4. Хуулийн ямар үндэслэлээр гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах вэ?

Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй бүхий гадаадын иргэн тухайн байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээ зөрчсөн, өөр байгууллага, орон нутагт зөвшөөрөлгүй шилжин ажилласан тохиолдолд уг зөвшөөрлийг байгууллагын тодорхойлолтыг үндэслэн холбогдох эрх бүхий байгууллагаас хүчингүй болгож, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад энэ тухай мэдэгдэнэ.

Асуулт 5. Гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг хэрхэн өдрөөс тооцдог вэ?

Гадаадын иргэнд олгох хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацааг тооцохдоо ХХҮЕГ-т  албан бичгээр хүсэлт тавьсан өдрөөс эхлэн тооцно.


http://www.e-khutuch.mn/guide/print/2/418/faq