ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Ажил эрхлэлт Ажил амралтын цаг

Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл цаг, Ажлын дараалсан хоёр өдрийн хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш байхаар хуульчилсан бөгөөд уг хязгаарыг баримтлан байгууллага хөдөлмөрийн дотоод журмаараа ажлын өдрийн үргэлжлэх цагийг тогтооно. Ажил олгогчийн санаачилгаар буюу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон ажлын цагийн хуваарийн дагуу ажилтныг өдөрт 8 цагаас хэтрүүлэн ажиллуулсан бол илүү цагаар ажиллуулсан гэж үздэг.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Хөдөлмөрийн тухай хуулийн 154.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй.

154.2.Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:

154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор;

154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор.


http://www.e-khutuch.mn/guide/print/2/369/decide_org