ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх арга /эвлэрүүлэн зуучлал/ Эвлэрлийн гэрээ

Хуулийн зохицуулалт

Маргаан буюу тодорхой санал зөрөлдөөнтэй асуудалд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулсны үр дүнд талуудын хооронд бичгээр хийсэн хэлцлийг эвлэрлийн гэрээ гэнэ. Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар талуудын тохиролцооны агуулгыг талууд өөрсдөө, эсхүл тэдний хүсэлтээр эвлэрүүлэн зуучлагч нэгтгэн тусгасан эвлэрлийн гэрээний төслийг боловсруулна.

Эвлэрлийн гэрээний шаардлага

Эвлэрлийн гэрээг монгол хэл, эсхүл талуудын тохиролцсон хэлээр боловсруулна. Монгол хэлнээс өөр хэлээр боловсруулсан гэрээний албан ёсны орчуулгыг уг гэрээний салшгүй хэсэг болгон хавсаргана.

Эвлэрлийн гэрээнд он, сар, өдөр, тухайн эвлэрүүлэн зуучлагчийн овог, нэр, маргалдагч талуудын овог, нэр, хаяг, эвлэрүүлэн зуучлал эхэлсэн он, сар, өдөр, маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь, тохиролцсон зүйлс болон бусад асуудлыг ойлгомжтой, тодорхой тусгаж, талууд болон зуучлагч гарын үсэг зурж баталгаажуулна.

Эвлэрлийн гэрээгээр талууд болон зохигчид эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэх, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, шаардлага болон нэхэмжлэлээсээ татгалзаж болно.


http://www.e-khutuch.mn/guide/print/19/339/law