ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь хэргийн оролцогчид субьектив эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо хамгаалах арга хэрэгсэл, хэмжээг өөрсдийн хүсэл зоригийн дагуу тодорхойлж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой хүрээнд зөвшилцөх зарчмаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, эсвэл тэдгээрээс бүрэн татгалзах боломжтой ажиллагааг хэлнэ.

Хуулийн зохицуулалт
  1. Дараах тохиолдлуудад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэдэг.

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах

    - Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн үйлдэл бөгөөд нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн хэмжээгээр татгалзсан байхыг ойлгоно.

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн

    - Энэ нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх явдал бөгөөд ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь амлалт хэлбэртэй байна.

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн

    - Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг тодорхой бодит үйлдлээр биелүүлсэн байхыг ойлгоно. Хариуцагчийн зөвшөөрлийг ийнхүү бодит үйлдэл болон амлалтаар хэмээн ялгаж хуульчилсан нь хариуцагч амлалт хэлбэрээр хүлээн зөвшөөрөхөд үүний дараа шүүхийн шийдвэр биелэлтийн ажиллагаа явагддаг бол нэхэмжлэлийн шаардлагыг нэгэнт биелүүлсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах шаардлагагүй юм.

  2. Талууд эвлэрсэн байх

    - Нэхэмжлэгч болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзан, үлдэх хэсгийг нь төлөхийг хариуцагч зөвшөөрөн хүлээснийг ойлгодог. Энэ нь ИХШХШтХуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасны дагуу явагдах ба “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасан.

  3. Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд дээрх хэсэгт тайлбарласны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнөө, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэнээ талууд бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан тохиолдолд шүүгч баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргадаг. /ИХШХШтХуулийн 74 дүгээр зүйлийн 74.1/

http://www.e-khutuch.mn/guide/print/16/312/law