ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Байгалийн баялагийг зохистой ашиглах, байгаль хамгаалахтай холбогдох харилцаа Мод түлээ бэлтгэх

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомж, гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу зохих төлбөр, хугацаатайгаар үйлдвэрлэлийн, зохих эрхийн бичгийн дагуу ахуйн зориулалтаар хэрэглээний мод түлээг ашиглалтын бүсийн ойд бэлтгэж болно.

Асуулт 1:  “Онцгой бүсийн ой” гэж ямар ойг хэлдэг вэ?

Дархан цаазтай газрын онгон бүс, хамгаалалтын бүс, байгалийн цогцолборт газрын онцгой бүсийн газар нутагт байх ой, мөн цармын бүслүүрийн ойг онцгой бүсийн ой гэдэг.  

Асуулт 2: Хамгаалалтын бүсийн ойгоос түлээ бэлтгэж болох уу?

Болно. Гэхдээ зөвхөн ахуйн зориулалтаар түлээ бэлтгэх болон ойн дагалт баялгийг ашиглахыг зөвшөөрдөг.

Асуулт 3: Хэрэглээний мод түлээг ямар ойгоос бэлтгэж болох вэ?

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль тогтоомж, гэрээнд заасан нөхцөл, болзлын дагуу зохих төлбөр, хугацаатайгаар үйлдвэрлэлийн, зохих эрхийн бичгийн дагуу ахуйн зориулалтаар хэрэглээний мод түлээг ашиглалтын бүсийн ойд бэлтгэж болно.

Асуулт 4: Мод бэлтгэх зөвшөөрлийг хэнээс авах вэ?

Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад үйлдвэрлэлийн зориулалтаар мод түлээ бэлтгэх зөвшөөрсөн шийдвэрийг сум, нийслэлийн Засаг дарга гаргах бөгөөд ахуйн зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичгийг баг, хорооны Засаг дарга, түлээ бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагч олгоно. 

Асуулт 5: Манай нутагт мод бэлтгэдэг үйлдвэрүүд олон байдаг юм. Тэд нутгийн ойг нөхөн сэргээх талаар ямар нэгэн үүрэг хүлээдэг үү?

Хүлээдэг. Тухайлбал: Ойн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглээний мод бэлтгэж ашигласан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, өөрийн хөрөнгөөр мод бэлтгэсэн талбайгаа ойжуулж ойн мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулан 2-оос доошгүй настай таримал ойг сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө. Огтолсон нэг модны оронд 3-5 суулгац тарьсан байвал зохино.” гэж заасан байна.

Асуулт 6: Ил гал түлэхийг хориглосон үеийг хуульд заасан байдаг гэсэн. Энэ хугацаа хэзээнээс эхэлдэг вэ?

Энэ талаар Ойн тухай хуульд заасан байдаг бөгөөд гал түймрийн аюултай үе болох жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ил задгай гал түлэхгүй байх, зайлшгүй тохиолдлоор түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраахыг үүрэг болгосон байна.

Асуулт 7: Түймэрт дайчилж болохгүй хүмүүст ямар хүмүүс ордог вэ?

Түймэртэй тэмцэх дайчилгаанд 16 нас хүрээгүй хүн, 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй хүн, тахир дутуу болон архаг өвчтэй хүн, жирэмсэн эмэгтэй, асрамжлах хүнгүй, сургуулийн өмнөх насны хүүхэдтэй хүн, байнгын тасралтгүй ажиллагаатай /эмнэлэг, холбоо зэрэг/ газрын ээлжийн ажилтан хамрагдахгүй.

Асуулт 8: Түймрээс хамгаалахад иргэн хүн ямар үүрэг хүлээх вэ?

Иргэд дараах үүрэг хүлээнэ:

1. Түймрийн аюултай үед түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах

2. Гэр, байшин, бэлтгэсэн өвс, худаг, малын хашаа, саравчны эргэн тойронд хамгаалалтын зурвас хийх

3. Айл өрх бүр үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж, түймэр алдахгүй байх нөхцөлийг хангах

4. Түймрээс амь бие, эд хөрөнгөө хамгаалах, түймэртэй тэмцэх арга ажиллагааг эзэмшсэн байх, үр хүүхдээ түймрээс сэрэмжлүүлж сургах

5. Түймрийн аюултай үед эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийг ой хээрт шүдэнз, асаагуур болон бусад гал үүсгэгчтэй явуулахгүй байх

6. Айл өрх бүр түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

7. Гарсан түймрийг унтраах ажиллагаанд иргэний журамт үүргийн дагуу оролцох, түймэр илрүүлсэн, түймрийн тухай мэдээг хүлээн авсан бол түүнийг унтраах арга хэмжээ авч Засаг дарга, бусад холбогдох байгууллагад яаралтай мэдээлэх.


http://www.e-khutuch.mn/guide/print/11/288/faq