ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Оюуны өмч, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн харилцаа Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн бүтээлийг бүртгүүлэх, гэрчилгээ авах

Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно.

Асуулт 1. Зохиогч бүтээлийнхээ хувьд ямар эрхүүдийг эдлэх вэ?

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 11.1 дэх хэсэгт зааснаар Зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх болон эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ.

Зохиогчийн амины эрх

  • бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсхүл нэргүйгээр нийтлэх;
  • зохиомол, нууц нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох;
  • бүтээлийг нийтийн хүртээл болгох, ашиглах тухай бүрд нэрээ дурдуулах;
  • бүтээл болон бүтээлийн нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр, эсхүл нэр хүндэд нь хохирол учруулахуйц байдлаар аливаа арга, хэлбэрээр хувиргах, өөрчлөх, гажуудуулахыг хориглох.

Зохиогчийн эд хөрөнгийн онцгой эрх

  • хуулбарлах;
  • нийтэд түгээх;
  • нийтэд дамжуулах;
  • нийтэд тоглох;
  • нийтэд дэлгэж үзүүлэх;
  • түрээслүүлэх;
  • үүсмэл бүтээл болгон өөрчлөх.

Асуулт 2. Зохиогч эрхээ өвлүүлж эсвэл шилжүүлж болох уу?

  • Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг Иргэний хуульд заасан журмын дагуу өв залгамжилна.
  • Хамтын бүтээл туурвисан зохиогчдын бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлал сүүлчийн зохиогч нас барсан өдрөөс эхлэн үүснэ.
  • Өв залгамжлагчийн бүтээл ашиглах онцгой эрхийн хугацаа зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд үйлчилнэ.
  • Зохиогчийн амины эрх өвлөгдөхгүй.
  • Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийн өв залгамжлагч буюу эрх залгамжлагч тухайн зохиогчийн бүтээлийг гуйвуулах, гажуудуулах байдлаар өөрчлөх, зохиогчийн нэр төрд хохирол учруулахуйц байдлаар ашиглахыг эсэргүүцэх эрхтэй.
  • Өв залгамжлагч нь тодорхойгүй, эсхүл өвлөгч нь өв залгамжлалаас татгалзсан тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрхийг оюуны өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэмшинэ.

Бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх

Хуульд заасан болон бичгээр хийсэн гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлнэ.

Зохиогчийн эрхийн тухай хуулийн 15.6-д заасан бүтээлийг ашиглах зөвшөөрөл олгох эрхийг төрийн болон орон нутгийн өмчийн холбогдох байгууллагын хүсэлтээр тухайн байгууллагад шилжүүлж болно.

 


http://www.e-khutuch.mn/guide/print/10/224/faq