ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.

Хуулийн зохицуулалт

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар

Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.

Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч:

  1. өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар;
  2. төрийн бус байгууллага, сан, шашны байгууллага;
  3. төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд;
  4. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн;
  5. Монгол Улсад оршин суугч бус этгээд.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээ

Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно.

Иргэнд өмчлүүлэх газарт үл хөдлөх эд хөрөнгийн татвар ногдуулах үнэлгээг Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан /гэр бүлийн хэрэгцээний болон аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын үнийг газрын суурь үнэ, газрын үнэлгээний аргачлалыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга тогтоох ба өмчилж авсан газрын үнийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлэхийн өмнө сум, дүүргийн төсөвт төлсөн байна/-ыг үндэслэн тогтооно. /Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйл/

Дээрх заасан албан татвар ногдуулах үнэлгээнээс аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-1.0 хувиар тооцож албан татварын хувь, хэмжээг ногдуулна. /Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйл/

Үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлөх:

  1. улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө;
  2. орон сууц;
  3. нийтийн эзэмшлийн барилга байгууламж.
  4. үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторх барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө.
  5. чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж.

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хөнгөлөлт:

а. гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

  1. нийслэлд 95 хувиар;
  2. аймгийн төвд 97 хувиар;
  3. сумын төв, тосгонд 98 хувиар.

б. газар тариалангийнхаас бусад аж ахуйн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газар:

  1. нийслэлд 30 хувиар;
  2. аймгийн төвд 70 хувиар;
  3. сумын төв, тосгонд 85 хувиар.

в. газар тариалангийн зориулалтаар иргэнд өмчлүүлсэн газрыг 95 хувиар. /Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйл/


http://www.e-khutuch.mn/guide/print/9/258/law