ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар

Монгол Улсын Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасан газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд албан татвар ногдуулна.

Асуулт 1. Үл хөдлөх хөрөнгийн албан татварт тухайн хөрөнгийн элэгдлийг хасаж тооцох уу?

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд  "үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно." гэж заасан тул тухайн хөрөнгийн элэгдлийг хасаж тооцох боломжгүй юм.

Асуулт 2. Үл хөдлөх хөрөнгийн албан татварт хураан авсан татвар юунд зарцуулагддаг вэ?

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас үл хөдлөх хөрөнгийн төлсөн албан татвар нь Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт "Газраас авах үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ногдуулж, татварын байцаагч хурааж, орон нутгийн төсөвт оруулна." гэж заасан.

Асуулт 3. Иргэний нэр дээр худалдан авсан худалдаа үйлчилгээний талбайгаас үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлдөг юм уу?

Иргэн та Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт "Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн  үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байна." гэж зааснаар үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөх үүрэг хүлээнэ.

Асуулт 4. Ямар төрлийн үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжтой вэ?

Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар дараах үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө:

  • Улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгө;
  • Орон сууц;
  • Нийтийн эзэмшлийн барилга байгууламж.
  • Үйлдвэрлэл, технологийн паркийн удирдлага, нэгжийн үйлдвэрлэл, технологийн парк доторхи барилга байгууламж, бусад үл хөдлөх эд хөрөнгө.
  • Чөлөөт бүсэд баригдаж бүртгэгдсэн барилга байгууламж.

http://www.e-khutuch.mn/guide/print/9/258/faq