ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Гаалийн албан татвар

Гаалийн албан татвар

Хуулийн зохицуулалт

Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.19 дэх хэсэгт зааснаар “гаалийн харилцаанд оролцогч” гэж гаалийн байгууллага болон мэдүүлэгч, гаалийн зуучлагч, тээвэрлэгч, гаалийн түр агуулахын болон баталгаат бүсийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч, банк, даатгалын байгууллагыг ойлгоно.

Гаалийн нутаг дэвсгэр, гаалийн хил

Монгол Улсын нутаг дэвсгэрийг гаалийн нутаг дэвсгэр гэж, хилийг гаалийн хил гэж үзнэ.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийн болон чөлөөт бүсийн нутаг дэвсгэр нь тарифын болон тарифын бус хязгаарлалтын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна байгаад тооцогдоно.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгуулсан гаалийн баталгаат бүсийг гаалийн нутаг дэвсгэрээс тусгаарласан шугам болон гаалийн хяналтын бүсийн хилийг гаалийн хилд тооцно. /Гаалийн тухай хуулийн 4 дүгээр зүйл/

6 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх зарчим

Аливаа этгээд энэ хууль болон Монгол Улсын олон улсын гэрээ /цаашид “олон улсын гэрээ” гэх/-нд заасан нөхцөл, журмын дагуу бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр чөлөөтэй нэвтрүүлэх эрхтэй. 

Хуульд зааснаас бусад тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр орсон үеэс мэдүүлэгчид олгох хүртэл, эсхүл бараа, тээврийн хэрэгслийг мэдүүлсэн үеэс улсын хилээр гарах хүртэлх хугацаанд тэдгээрийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахыг хориглоно. /Гаалийн тухай хуулийн 6 дугаар зүйл/

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлэх

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий хилийн боомтоор нэвтрүүлнэ.

Дээрхээс бусад хилийн боомтоор бараа, тээврийн хэрэгслийг гаалийн удирдах төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр нэвтрүүлж болно. Уг зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллага дор дурдсан тохиолдолд олгоно:

  • гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед;
  • олон улсын гэрээнд заасан;
  • улсыг батлан хамгаалах зорилгоор гадаад улсаас тусламж авах;
  • хуульд заасан бусад /Гаалийн тухай хуулийн 7 дугаар зүйл/

Гаалийн бүрдүүлэлт

Бараа илгээх, хүлээн авах болон барааны гарал үүслийн улсаас үл хамааран гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд гаалийн бүрдүүлэлт хийнэ. /Гаалийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/

Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлт

Гаалийн хилээр нэвтрүүлэх түргэвчилсэн бүрдүүлэлт:

  • гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас бий болсон хохирлыг арилгах зориулалтын бараа;
  • цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис;
  • мал, амьтан;
  • улс хоорондын шуудангийн илгээмж;
  • сонин, тогтмол хэвлэл, мэдээллийн болон эрдэм шинжилгээ, судалгааны материал;
  • амархан муудах, гэмтэх магадлал бүхий хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
  • донорын эд эрхтэн, цус, цусан бүтээгдэхүүн;
  • хуульд заасан бусад бараа.

Дээрх найман төрлийн бараанд гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд бүрдүүлж өгөх болзолтойгоор баталгааг бичгээр гаргаж, дараалал харгалзахгүй гаалийн бүрдүүлэлт хийнэ.

Гаалийн түргэвчилсэн бүрдүүлэлтийг хориглох:

  • гаалийн бичиг баримт зөрчилтэй;
  • мэдүүлсэн барааны тоо, хэмжээ зөрүүтэй, эсхүл үнийн дүн нь зөрчилтэй;
  • мэдүүлэгч нь гаалийн хууль тогтоомжийн зөрчил удаа дараа /2 буюу түүнээс дээш/ гаргаж байсан;
  • гаалийн бүрдүүлэлтийн бичиг баримтыг гаалийн байгууллагаас тогтоосон хугацаанд гаргаж өгөх баталгааг гаргаж өгөөгүй;
  • гаалийн болон бусад татвар, хураамж төлөөгүй, эсхүл төлөх баталгааг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн дагуу гаргаагүй. /Гаалийн тухай хуулийн 29 дүгээр зүйл/

Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт

бичиг баримтыг шаардахгүйгээр гаалийн мэдүүлгийн зарим хэсгийг нөхөн бичүүлэх замаар гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийж, барааг гаалийн хилээр нэвтрүүлж болно.

Гаалийн хялбарчилсан бүрдүүлэлт хийх:

  • барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадаас шууд гаалийн баталгаат бүсэд оруулах;
  • барааг гаалийн баталгаат бүсээс гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулахгүйгээр хилийн чанадад гаргах. /Гаалийн тухай хуулийн 37 дугаар зүйл/

Гаалийн татвар тогтоох хэлбэр:

  • гаалийн үнээс хувиар;
  • барааны нэгжид мөнгөн илэрхийллээр;
  • гаалийн үнээс хувиар болон барааны нэгжид мөнгөн илэрхийллийн хэлбэрийг дангаар, эсхүл хослуулан;
  • гаалийн үнээс хувиар болон барааны нэгжид мөнгөн илэрхийллийн хэлбэрээс гаалийн өндөр татвартайг нь сонгоно. /Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 5 дугаар зүйл/

Гаалийн үнийг тодорхойлж мэдүүлэх

  • Мэдүүлэгч нь гаалийн бүрдүүлэлтийн тухайн горимд шаардагдах бичиг баримтыг үндэслэн гаалийн үнийг тодорхойлж, гаалийн байгууллагад мэдүүлэх ба ингэхдээ дурын, эсхүл зохиомол үнэ хэрэглэхийг хориглоно.
  • Мэдүүлэгч нь өөрийнхөө сонгосон гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг тодорхойлсон бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгөх үүрэгтэй. /Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 7 дугаар зүйл/

Гаалийн үнийг шалгах

  • Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана.
  • Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болно.
  • Гаалийн байгууллага нь дараах тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно:
    • а/ гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол;
    • б/ мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол.
  • Гаалийн байгууллага бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлсон тохиолдолд гаалийн байгууллагын өөр аргаар тодорхойлсон үнээс гаалийн болон бусад татварыг ногдуулж, мэдүүлэгчээр төлүүлнө.
  • Гаалийн байгууллага бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлсон тохиолдолд мэдүүлэгч гаалийн байгууллагад бичгээр хүсэлт тавьж, бичгээр тайлбар гаргуулан авч болно.
  • Мэдүүлэгч гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно.
  • Мэдүүлэгчээс гаргасан дээрх гомдлыг хүлээн авахаас татгалзвал мэдүүлэгч нь Гаалийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
  • Гаалийн үнийг магадлан шалгах явцад гарсан зардлыг мэдүүлэгч хариуцна. /Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйл/

Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох арга

Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараах аргыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ:

  • хэлцлийн үнийн арга;
  • зардлаас тооцох үнийн арга;
  • нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга;
  • зах зээлийн мэдээлэл, судалгааны арга.

http://www.e-khutuch.mn/guide/print/9/256/law