ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Татварын харилцаа Гаалийн албан татвар

Гаалийн албан татвар

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт оруулах

  • Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн нутаг дэвсгэрт Монгол Улсын хоёр талын олон улсын гэрээний дагуу тогтоосон хилийн боомтоор оруулна.
  • Гаалийн нутаг дэвсгэрт зарим нэр төрлийн бараа оруулах хилийн боомтыг энэ хууль, холбогдох бусад хуульд заасны дагуу, эсхүл Засгийн газрын шийдвэрээр тогтоож болно. /Гаалийн тухай хуулийн 31 дүгээр зүйл/

Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын үед авах арга хэмжээ

  • Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас Монгол Улсын гаалийн нутаг дэвсгэрт оруулах бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллага бүхий газарт тээвэрлэн хүргэх боломжгүй болсон тохиолдолд хамгийн ойр байрлах гаалийн байгууллагад мэдэгдэх, түүнд хүргэх арга хэмжээ авна. Уг арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлыг мэдүүлэгч өөрөө хариуцна.
  • Дээрх тохиолдолд тухайн бараа, тээврийн хэрэгслийг гаалийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр ашиглах, эсхүл бусдад шилжүүлэхийг хориглоно. /Гаалийн тухай хуулийн 32 дугаар зүйл/

Бараа, тээврийн хэрэгслийн талаар гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэх

  • Гаалийн хилээр бараа, тээврийн хэрэгсэл оруулах хилийн боомт, хүрэх газрыг тээвэрлэгч нь гаалийн байгууллагад урьдчилан мэдэгдэнэ.
  • Бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хил дээр ирсэн даруйд нь тээвэрлэгч энэ тухай гаалийн байгууллагад мэдэгдэнэ.
  • Тогтоосон цагийн хуваарьтай зорчигч үйлчилгээний тээврийн хэрэгсэл гаалийн хилээр нэвтрэхээс нэг цагийн өмнө гаалийн байгууллагад мэдэгдэнэ. /Гаалийн тухай хуулийн 33 дугаар зүйл/

Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримт

Улс хооронд авто тээврийн хэрэгслээр бараа тээвэрлэсэн тээвэрлэгч нь дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:

  • авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
  • худалдааны бичиг баримт.

Дээрх бичиг баримтад оруулах мэдээлэл:

  • тээвэрлэгчийн нэр, хаяг;
  • тээврийн хэрэгслийн харьяалал;
  • бараа илгээх, хүлээн авах улсын нэр;
  • бараа илгээгч, хүлээн авагчийн нэр, хаяг;
  • худалдагч, худалдан авагчийн нэр, хаяг;
  • барааны нэр төрөл, тоо, хэмжээ, баглаа боодлын төрөл, тэмдэг;
  • тухайн бараа тарифын бус хязгаарлалтад хамаарах эсэх.

Улс хооронд агаарын тээврийн хэрэгслээр бараа тээвэрлэсэн тээвэрлэгчийн гаргаж өгөх  бичиг баримт:

  • тээврийн хэрэгслийн гэрчилгээ;
  • ерөнхий мэдүүлэг;
  • зорчигчийн нэрсийн жагсаалт;
  • ачааны жагсаалт /карго манифест/;
  • ачаа тээвэрлэлтийн бичиг баримт;
  • аяллын хугацаанд хэрэглэх зорчигчийн хүнс, хэрэгслийн жагсаалт;
  • худалдааны бичиг баримт.

Дээрх бичиг баримтад оруулах мэдээлэл:

  • тээврийн хэрэгслийн харьяалал, эзэмшигч;
  • нислэгийн дугаар, маршрут;
  • агаарын хөлгийн багтай холбогдсон мэдээлэл;
  • барааны нэр төрөл, тоо, хэмжээ, баглаа боодлын төрөл, тэмдгийн талаар;
  • бараа тарифын бус хязгаарлалтад хамаарах эсэх.

Улс хооронд төмөр замаар бараа тээвэрлэхэд тээвэрлэгч нь дараах бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө:

  • дамжуулах хуудас;
  • вагон хуудас;
  • тээврийн бичиг баримт;
  • худалдааны бичиг баримт.

Дээрх бичиг баримтад оруулах мэдээлэл:

  • бараа илгээгч, хүлээн авагчийн нэр, хаяг;
  • бараа илгээх, дамжин өнгөрөх, хүлээн авах өртөө;
  • ачааны нэр төрөл, тоо, хэмжээ, баглаа боодлын төрөл, тэмдэг;
  • чингэлгийн дугаар. /Гаалийн тухай хуулийн 35 дугаар зүйл/

Мэдээлэл, бичиг баримт гаргаж өгөх

Бараа, тээврийн хэрэгсэл гаалийн хил дээр ирмэгц тээвэрлэгч нь тээврийн хэрэгслийн төрлөөр, мэдээлэл, бичиг баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгнө.

Гаалий бүрдүүлэлт хийхэд шаардагдах мэдээлэл, бичиг баримт нь шаардлага хангаагүй тохиолдолд тээвэрлэгч болон мэдүүлэгч нь нэмэлт мэдээлэл гаргаж өгнө.

Мэдээлэл, бичиг баримтыг мэдээллийн сүлжээгээр гаалийн байгууллагад ирүүлж болно. /Гаалийн тухай хуулийн 43 дүгээр зүйл/

Ачааны манифест

Гаалийн бүрдүүлэлт хийхэд шаардагдах бичиг баримтыг үндэслэн ачааны манифест үйлдэнэ.

Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална. /Гаалийн тухай хуулийн 36 дугаар зүйл/

Ачааны манифест ЭНД дарж үзнэ үү

Бараа буулгах, шилжүүлэн ачих

  • Тээвэрлэгчээс бараатай холбогдсон мэдээлэл, бичиг баримтыг хүлээн авмагц гаалийн байгууллага барааг нь гаалийн хяналтын бүсэд буулгах, эсхүл шилжүүлэн ачих шийдвэр гаргана.
  • Гаалийн нутаг дэвсгэрт барааг тээврийн хэрэгслээс буулгах, шилжүүлэн ачих ажиллагааг гаалийн байгууллага бүхий газарт, гаалийн удирдах төв байгууллагын даргаас тогтоосон цагт хийнэ.
  • дээрх хоёроос өөр газар, цагт барааг тээврийн хэрэгслээс буулгах, шилжүүлэн ачих бол зөвшөөрлийг гаалийн байгууллагаас авна. /Гаалийн тухай хуулийн 37 дугаар зүйл/

http://www.e-khutuch.mn/guide/print/9/256/decide_order