ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж - эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа; - тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү; - гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээдүүдэд сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Хуулийн зохицуулалт

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл” гэж

  • эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа;
  • тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү;
  • гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд  /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйл/-үүдэд сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д/ ойлгоно.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэнэ.

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр:

  1. бие махбодын хүчирхийлэл: Амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй;
  2. сэтгэл санааны хүчирхийлэл: Хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэсэн;
  3. эдийн засгийн хүчирхийлэл: цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж, тэдгээртэй адилтгах орлого, хуваарьт болон дундын эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдах, орлого олох боломжийг нь хязгаарлах, шаардлагатай хэрэгцээг нь хясан боогдуулах, тэжээн тэтгэхээс зайлсхийх болон бусад хэлбэрээр эдийн засгийн хараат байдалд оруулсан, эсхүл эд хөрөнгийн хохирол учруулсан; 
  4. бэлгийн хүчирхийлэл: Хүчирхийлэгч этгээд эрхшээлдээ байгаа байдлыг далимдуулан энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүнийг бэлгийн шинжтэй аливаа үйлдэлд албадах.

Энэ гэмт хэргийг:

  1. хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;
  2. асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;
  3. таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаархи гомдол, мэдээллийг хүчирхийлэл үйлдэгч, хохирогчийн оршин сууж байгаа газрын харьяаллаас үл хамааран ойр байгаа цагдаагийн байгууллагад гаргана. /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 23 дугаар зүйл/

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх

  • бүх шатны боловсролын байгууллагын багш, сургуулийн нийгмийн ажилтан, бусад ажилтан;
  • эрүүл мэндийн, нийгмийн, хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан;
  • сум, дүүрэг, баг, хорооны холбогдох албан тушаалтан;
  • төрийн албан хаагч, төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын ажилтан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар албан үүрэгтэйгээ холбоотойгоор олж мэдсэн бол цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлэх үүрэгтэй.

Хуулийн этгээд, иргэн та, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, багийн Засаг даргад мэдээлж болно.

Мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг хуульд заасан арга хэрэгслээр таслан зогсоох, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учирсан, эсхүл тухайн орчин нь аюултай гэж үзвэл хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авах үүрэгтэй.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд  заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

  1. зодсон;
  2. харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; 
  3. хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Асуудлыг шийдвэрлэх хугацаа
Асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд гомдол гаргах

Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой нэхэмжлэлийг анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргах /Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйл 66.1 дэх хэсэг/ ба хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг хянан шийдвэрлэнэ. Хэргийг тухайн шүүхийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор дахин сунгаж болно. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйл/

Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар хүчирхийлэл үйлдэгдэж буйг үзсэн, харсан, сонссон хүн хууль хяналтын байгууллагад тэр дор нь мэдээлэх үүрэг давхар хүлээж байгаа юм. Хэрэв мэдээлэх үүргээ биелүүлээгүй бол тухайн иргэн өөрөө хариуцлага хүлээх зохицуулалт тусгасан байгаа гэдгийг битгий мартаарай.  Тэгэхгүй бол хартай нөхөр, хамтран амьдрагчийн хар, харгис зодуур дунд эмэгтэйчүүд тарчилж, энхрий үрс хохироод байна.

Сэтгэл заслын, эрх зүйн туслалцаа болон мэдээллийн дагуу нийгмийн хамгааллын үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах, амь нас, эрүүл мэндэд ноцтой асуудал үүссэн тохиолдолд тусламж үйлчилгээнд зуучилдаг байгууллага:

Гэр бүл хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдээллийг таны утас нэгжгүй байсан ч өгөх боломжтой.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байр:  9649-0505

  • Цагдаагийн шуурхай дуудлага /мэдээлэл хүлээн авах/: 102
  • Цагдаагийн гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн утас /мэдээлэл авна, зөвлөгөө өгнө/:  107
  • Хүүхдийн тусламж  мэдээллийн утас /мэдээлэл хүлээн авна, зөвлөгөө өгнө/: 108

Гэр бүл болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд нийгмийн хамгаалал, халамжийг, эрүүл мэндийн, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн үйлчилгээ үзүүлдэг байгууллага:

  • Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн нэг цэгийн үйлчилгээ: 7018-0139
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн - нэг цэгийн үйлчилгээ: 7011-3408

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв: Манай төв хүчирхийлэлд өртсөн иргэдэд сэтгэл зүйн болон хуулийн зөвлөгөө өгдөг. Мөн эрх зүйн туслалцаа үзүүлж байна. Улмаар  хууль  ёсны  эрх,  ашиг  сонирхлыг  нь  хамгаалах  чиг  үүрэг  бүхий байгууллагуудтай  нь  холбон зуучилдаг. Амь нас, эрүүл мэндийг нь хамгаалах шаардлагатай  тохиолдолд хамгаалах байрандаа 7 хоногоос 3 сар хүртэл байрлуулдаг.

Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх түр хамгаалах байр: Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэнд, амь насанд нь аюул учирч болзошгүй, бие махбодод хохирол учруулсан, байнгын дарамтад байлгасан, айлган сүрдүүлж, дарамталсан, дагаж мөшгөсөн, хүчирхийллийн түвшин өндөр, дунд байгаа иргэдийг хүлээн авдаг. Энэхүү түр хамгаалах байранд тусгай дугаарын 107 дугаарын утас 24 цагаар ажилладаг.

Асуулт 1. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд ямар тусламж үзүүлдэг вэ?

Тус төвөөс гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуульд заасан эрхийн хүрээнд шууд үйлчилгээ буюу хуулийн зөвлөгөө өгч, шаардлагатай тохиолдолд өмгөөлөгчөөр хангаж, хэргийг дуустал итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцдог. Мөн сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгч, түр хамгаалах байранд байрлуулдаг. Түүнчлэн нийгмийн үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ авахад нь зуучлах арга хэмжээ авдаг. Үүнээс гадна хүүхэд хамгаалах үйлчилгээ үзүүлдэг.

Асуулт 2. Манай нөхөр байнга архи ууж 2 хүүхдээ болон намайг зодох юм. Би болон хүүхдүүд маань өдөр бүр түгшүүртэй амьдрах боллоо. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд ямар хариуцлага ногдуулдаг юм бол?

Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар

1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:

1.1.зодсон;

1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан; 

1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн;

2.2.асрамжийн үйлчилгээ үзүүлэх байгууллагын ажилтан үйлдсэн;

2.3.таслан зогсоох гэсэн хүнийг эсэргүүцэж үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Асуулт 3. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага аваад ирсэн цагдаа ямар үүрэг хүлээх вэ?

Дуудлага хүлээн авсан цагдаагийн албан хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор  бусдын олон байранд нэвтрэн орж

  • хохирогч, түүний гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, хуульд заасан журмын дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байранд хүргэх, боломжтой бол төрөл, садан, ойр дотны хүний түр хамгаалалтад өгөх;
  • хүчирхийлэл үйлдэгчид хүчирхийлэл үйлдэх, согтууруулах ундаа хэрэглэхийг зогсоохыг шаардах;
  • аюулын зэрэг өндөртэй, эсхүл хүүхэд хүчирхийлэлд өртсөн бол хохирогч зөвшөөрөл өгсөн эсэхийг үл харгалзан сум, баг, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэх;
  • хохирогчид хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, түүнд үзүүлэх үйлчилгээний талаархи мэдээллийг бичгээр өгөх;
  • хохирогчийн эрхийг хангах арга хэмжээ авах;
  • шаардлагатай бол хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах;
  • галт зэвсэг, хүчирхийлэл үйлдэхэд ашигласан зэвсэг, зэвсгийн чанартай зүйлийг хураан авах.
  • Цагдаагийн алба хаагч шаардлагатай бол гэрч, хохирогч, мэдээлэл өгсөн этгээд, тэдгээрийн гэр бүлийн бусад гишүүн, хохирогчид туслалцаа үзүүлсэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах;
  • Цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүчирхийлэл үйлдэгч биелүүлэхээс татгалзсан, эсхүл эсэргүүцсэн бол албадлага хэрэглэх
  • хохирогчид орон байрнаасаа хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, баримт бичиг, хүүхдийн сургалтын хэрэгсэл, шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлж, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах зэрэг ажиллагааг явуулна.

Цагдаагийн алба хаагч аюулын үнэлгээ хийж, хохирогчийг хамгаалалтанд авах арга хэмжээ авахаас гадна хохирогчдод хэрэгтэй гэсэн тусламжийн хуудас өгдөг. Үүнд хохирогчийн эрх үүрэг юу юм, ийм тохиолдолд яах ёстой, хаана хандах ёстой талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгдөг. Нөхцөл байдал дээр очиход хүчирхийлэлд өртсөн хүүхэд байх юм бол шууд авч явах үүрэг хүлээсэн байгаа. Ямар тохиолдолд гэвэл, амь насанд нь аюултай байдал үүссэн, үүсч болзошгүй үед, тухайн хүчирхийлэгч согтууруулах болон мансууруулах бодис хэрэглэсэн байгаа орчноос хүүхдийг шууд авч яваад хамтарсан багт нь хүлээлгэж өгөх. /Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 25 дугаар зүйл/


http://www.e-khutuch.mn/guide/print/7/217/all