ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Үрчлэлт

Үрчлэлт

Хуулийн зохицуулалт

Хүүхэд үрчлэлт гэдэг хүүхдийг өргөж авах хэлбэрээр хуульд заасан үндэслэл журмын дагуу үрчлэгч үрчлүүлэгчийн хооронд төрсөн эцэг эх, хүүхдийн нэгэн адил эрх үүргийг үүсгэж буй хууль ёсны ажиллагаа юм.

Үрчлэн авагч нь насанд хүрсэн, иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжтай, хүүхдийг тэжээн тэтгэж, өсгөн хүмүүжүүлэх зохих боломжтой хүн байна. Харин ганц бие, бусдын асрамжид байгаа 60-аас дээш настай төрөл, садан бус Монгол Улсын иргэн, 60-аас дээш настай гадаадын иргэн, эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан, хасуулсан буюу хязгаарлуулж, хасуулж байсан, урьд нь үрчлэн авсан хүүхдээ өөрийн буруугаас буцаан өгсөн, ашиг хонжоо олох зорилготой, шүүхийн шийдвэрээр иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй буюу хязгаарлагдмал чадамжтай гэж тооцогдсон, сүрьеэ, сэтгэцийн өвчтэй, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг, эрүүгийн хэрэгт удаа дараа шийтгүүлсэн болон хорих ял эдэлж байгаа хүнд хүүхэд үрчлүүлэхийг хориглоно. / Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйл /

Бүтэн өнчин хүүхдийг төрөл, садангийн хүн нь үрчлэн авахад дээрх заасан насны хязгаарлалт үл хамаарна.

Гэр бүлийн тухай хуулийн 54.1-т зааснаар хүүхдийг тэдний ашиг сонирхлын үүднээс үрчлүүлнэ.

Үрчлэлтийн үйл явц :

  1. Үрчлэх хүүхдээ сонгох
  2. Бичиг баримтаа бүрдүүлэн хүлээлгэн өгөх
  3. Бичиг баримтыг хянах
  4. Шийдвэр гаргах
  5. Бүртгэх гэсэн үе шаттайгаар явагдана.

Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар үрчлэгч нь эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан нь илэрсэн тохиолдолд төрүүлсэн эцэг, эх, сонирхогч бусад этгээд, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага, 14 нас хүрсэн хүүхдийн өөрийн нэхэмжлэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцно. Түүнчлэн шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно.

Үрчлэлтийг хүчингүйд тооцсоноор:

  • Үрчлэлтийг хүчингүйд тооцсон тохиолдолд хүүхдийг төрүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь буцаах асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
  • Хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд хохиролтой нь тогтоогдсон, эсхүл хууль ёсны өөр төлөөлөгч байхгүй бол түүнийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.
  • Хүүхдийг хүүхэд асран хүмүүжүүлэх байгууллагад шилжүүлэхтэй холбогдсон зардлыг үрчлэгчээс гаргуулж, учирсан гэм хорыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах үр дагаврууд үүсдэг.

http://www.e-khutuch.mn/guide/print/7/134/law