ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гэр бүлийн харилцаа Гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг

Гэр бүлийн гишүүдийн эрх, үүрэг

Асуулт 1. Ямар тохиолдолд эцэг, эх байх эрхийг хязгаарладаг вэ?

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан бол эцэг буюу эх нь, төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын аль нэгний нэхэмжлэлээр шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэж 6 сар хүртэл хугацаагаар эрхийг нь хязгаарлана.

Асуулт 2. Би одоо 35 настай. Ээжээрээ овоглож аавгүй өссөн юм. 9 настай байхад минь ээж минь өөд болоод ээжийн маань дүү намайг үрчлэн авч өсгөсөн. Бага байхад минь ээж маань намайг дагуулан аав дээр хэдэн удаа очиж байсан боловч та хоёр хэрэггүй гээд хөөж байсан. Гэтэл одоо гэнэт гарч ирээд миний хүү аав нь ажилгүй, бие тааруухан байна гэх юм. Би тэр хүнийг хуулийн өмнө тэжээн тэтгэх үүрэг хүлээх үү?

Гэр бүлийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар үрчлэгдсэн хүүхэд нь үрчлүүлсэн эцэг, эхээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөгдөж, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхээ алдана гэж заасан. Тиймээс та тухайн хүний өмнө тэжээн тэтгэх үүрэг хүлээхгүй.

Асуулт 3. Гэр бүлийн гишүүн гэдэгт ямар хүмүүс хамаарагддаг вэ?

Гэр бүлийн гишүүн гэдэгт гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ.

Асуулт 4. Манай хажуу хашааны залуу байнгын архи ууж 6 настай хүүгээ зодож, гадаа хүйтэнд нүцгэн хөөгөөд гаргачих юм. Энэ хүнд миний зүгээс эцэг байх эрхийн хасуулах арга хэмжээ авч болох вэ?

Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан хүний эцэг, эх байх эрхийг зургаан сар хүртэл хугацаагаар шүүх хязгаарлаж болно.

Эцэг, эх байх эрхийг хязгаарлах тухай нэхэмжлэлийг эцэг буюу эх нь, эсхүл төрөл, садангийн хүн, бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага шүүхэд гаргах эрхтэй. Энэ тохиолдолд танд шүүхэд хандах эрх нь нээлттэй байна.

Асуулт 5. Манай эгчийг нөхөр нь байнгын архи ууж дарамтлан зоддог байсан. Манай эгч байнгын дарамтад байдаг байсан ба эгч маань цус харваад тусламж авч чадалгүй өөд болсон. Одоо хүүхдүүдийг нь харж хандах хүнгүй хүнд байдалд байгаа. Эгчийнхээ хоёр хүүхдийг өөр дээрээ үрчлэн авах боломжтой болов уу?

Гэр бүлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар Эцэг, эх байх эрхээ урвуулан ашигласан /хүүхдээ хаях, санаатай төөрүүлэх, тарчлаан зовоох, худалдах, барьцаалах, биеийг нь үнэлэх, шунахай зорилгоор ашиглах, эрх зүйн зөрчилд татан оруулах зэргээр/, хүүхэдтэйгээ удаа дараа хэрцгий харьцсан, бэлгийн харьцаанд оруулахаар завдсан, оруулсан, сэтгэл санааны хүнд дарамтад байлгасан, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх үүргээс санаатайгаар зайлсхийсэн, согтууруулах ундаа, мансууруулах бодис байнга хэрэглэдэг хүний эцэг, эх байх эрхийг шүүх хасаж болно.

Уг нэхэмжлэийг эцэг буюу эх нь, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон бусад иргэн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага тухайн эцэг, эхийн оршин суугаа газрын шүүхэд гаргах эрхтэй.

Асуулт 6. Би 1 хүүтэй ганц бие ээж. 2 жил хагасын өмнө эх байх эрхээ хязгаарлуулаад, үргэжлүүлэн эрхээ хасуулсан. Тухайн үедээ архинаас хараат байсан. Харин одоо архинаас гарсан. Хүүг минь асрамжийн байгууллагад шилжүүлсэн байсан. Хүүгээ буцаан авч эрхээ сэргээлгэх гэсэн боловч хүү маань үрчлэгдсэн тул эх байх эрхээ алдсан гэх юм. Тийм байж болдог юм уу?

Гэр бүлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд эцэг, эх байх эрхээ хасуулсан хүн уг хүүхдийн эцэг, эхийн хувьд эдлэх эрхээ алдана гэж заасан байдаг. Мөн хүүхэд нь үрчлэгдсэн бол эцэг, эх байх эрхийг сэргээхгүй гэсэн заалт байдаг. Таны  тохиолдолд хүү тань үрчлэгдсэн бол эх байх эрхийг сэргээх боломжгүй юм.

Асуулт 7. Би 2 охинтой. Манай нөхөр 8 сарын өмнө авто ослоор нас барсан. Нас барсны дараахан хадам ээж маань манай 2 охиныг надаас зөвшөөрөл авалгүй цэцэрлэгээс нь авч яваад одоог хүртэл авчирч өгөөгүй. Тухайн үед түрээсийн байранд байдаг байсан ч манай 2 хүүхдийг авч явснаасаа хойш хаягаа өөрчилсөн байсан. Одоог хүртэл хүүхдүүдтэйгээ уулзаагүй. Утсаар ярихаар уулзуулахгүй гээд охидтой минь ч яриулахгүй юм. Охидоо олох, улмаар өөр дээрээ авмаар байна. Боломжтой болов уу?

Гэр бүлийн тухай хуулийн  33 дугаар зүйлд зааснаар Эцэг, эх нь хүүхдийг хууль бусаар авсан хүнээс хүүхдээ эргүүлж авахыг шаардаж эцэг, эх нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.Таны тохиолдолд оршин суугаа хаяг нь тодорхойгүй бол түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно.

Асуулт 8. Би эх байх эрхээ 6 сараар хязгаарлуулаад 2 сар өнгөрч байна. Энэ хугацаанд бүхнийг ойлгож засарсан. Одоо эрхээ сэргээлгэж болох болов уу?

Хүүхдийг орон сууц, хувцас, хоол ундаар байнга санаатай гачигдуулсан, хөдөлмөрийг нь зүй бусаар ашигласан, гуйлгачлуулсан, орон гэрээсээ дайжуулсан, гадуурхсан нөхцөл арилсан нь тогтоогдсон бол эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүний хүсэлтийг шүүх хянан үзэж, хүүхдийг эцэг, эхэд нь буцааж өгөх тухай шийдвэр гаргаж болно.

Асуулт 9. Эцэг, эх байх эрхийн хязгаарлуулсан тохиолдолд хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг нь хэвээр үлдэх үү?

Гэр бүлийн тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүн уг хүүхдийг биечлэн өсгөн хүмүүжүүлэх, төлөөлөх, хүүхэдтэй холбогдуулан хууль тогтоомжоор олгосон эрхээ алддаг ба шүүх нь эцэг, эх байх эрхээ хязгаарлуулсан хүнээс хүүхдийг тэжээн тэтгэхэд шаардагдах тэтгэлгийг гаргуулах асуудлыг шийдвэрлэнэ.

Асуулт 10. Хүүхдийнхээ эцгийг ямар байгууллагад хандан тогтоолгох боломжтой вэ?

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно.

Дээрхээс бусад тохиолдолд хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно.

Асуулт 11. Гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдрагчдын дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ батлуулсан гэр бүлийн дундаас төрсөн хүүхэдтэй адил эрх эдлэх боломжтой юу?

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ.


http://www.e-khutuch.mn/guide/print/7/132/faq