ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Иргэдийн эдийн болон эдийн бус баялагтай холбогдох харилцаа Гэм хор учруулах

Гэм хор учруулах

Хуулийн зохицуулалт

Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасны дагуу бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.

Байгууллага, албан тушаалтан бусдад гэм хор учруулснаас үүсэх хариуцлага

Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасны дагуу ажилтан нь Хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ.

Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана.

Хохирогч өөрөө санаатай буюу илтэд болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсч болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт нь гэм хор учирсан бол ажил олгогч байгууллагыг хариуцлагаас чөлөөлж болно.

Ажилтан болон төрийн албан хаагч нь өөрийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол уг гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.

Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан болон эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.

Хэн нэг этгээд өмчлөгч, эсхүл эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч, эсхүл эзэмшигч нь хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эсхүл эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч, эсхүл эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

Барилга байгууламж барих, ашиглах явцад учирсан гэм хорыг хариуцах

Иргэний хуулийн 500 дугаар зүйлд заасны дагуу зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн, эсхүл хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгыг өмчлөгч, эсхүл эзэмшигч хариуцна.

Амьтны учруулсан гэм хорыг хариуцах

Иргэний хуулийн 501 дүгээр зүйлд заасны дагуу Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч, эсхүл эзэмшигч хариуцна.

Гэрийн тэжээвэр амьтан, эсхүл мэргэжлийн үйл ажиллагааны зүйл болдог бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч, эсхүл эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй.

Орчин тойрондоо аюултай үйл ажиллагаа болон орчин тойрондоо аюултай бусад зүйлээс учирсан гэм хорыг хариуцах

Иргэний хуулийн 502 дугаар зүйлд заасны дагуу Барилга байгууламжийн хийц, зохион байгуулалтыг дур мэдэн өөрчилсөн, эсхүл түүнд байрлуулсан болон дамжуулан оруулсан эрчим хүч, галын болон тэсрэх аюултай, хортой бодисын улмаас бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд гэм хор учирсан бол уг гэм хорыг тухайн үйл ажиллагаа явуулж байгаа этгээд, эсхүл аюултай зүйлийг өмчлөгч, эсхүл эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.

Онцгой аюул учруулж болох барилга байгууламж, эд хөрөнгийг өмчлөгч, эсхүл эзэмшигч нь гэм буруутай байсан эсэхээс үл хамааран учирсан гэм хорыг хариуцна.

Өмчлөгчийн эзэмшилд байгаа барилга байгууламж дотор буюу түүний эдлэн газрын хил хязгаарын дотор бусдад гэм хор учирсан боловч түүнд өмчлөгч буруугүй бол өмчлөгч хариуцлага хүлээхгүй.

7-14 хүртэлх насны, насанд хүрээгүй болон эрх зүйн чадамжгүй иргэн гэм хор учруулсны хариуцлага

Иргэний хуулийн 503 дугаар зүйлд заасны дагуу 7-14 хүртэлх насны болон эрх зүйн чадамжгүй иргэний бусдад учруулсан гэм хорыг тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, эцэг эх, асран хамгаалагч хариуцан арилгана.

Харин 7-14 хүртэлх насны иргэн сургууль, хүүхэд хүмүүжүүлэх болон эрүүл мэндийн байгууллагын шууд хяналтын дор байхдаа бусдад учруулсан гэм хорыг эдгээр хуулийн этгээд хариуцан арилгана.

Сэтгэцийн өвчний улмаас иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон иргэний бусдад учруулсан гэм хорыг түүний асран хамгаалагч буюу түүнд байнгын хяналт тавих үүрэг бүхий этгээд хариуцан арилгана.

Эцэг, эх, асран хамгаалагч нь хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэдгээ нотолж чадвал тэдгээрийг гэм хор арилгах үүргээс чөлөөлж болно.

14-18 хүртэлх насны иргэн бусдад учруулсан гэм хорыг өөрөө хариуцан арилгах бөгөөд түүний цалин хөлс, орлого, захиран зарцуулах эрхэд нь байгаа хөрөнгө гэм хорыг арилгахад хүрэлцэхгүй бол хүрэлцэхгүй байгаа тэр хэмжээгээр эцэг эх, харгалзан дэмжигч нь нөхөх хариуцлага хүлээнэ.

Үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгохгүй буюу өөрийгөө зөв удирдах чадваргүй байхдаа учруулсан гэм хорыг хариуцах

Иргэний хуулийн 504 дүгээр зүйлд заасны дагуу Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй буюу зөв удирдах чадваргүй байхдаа бусдад учруулсан гэм хорыг хариуцахгүй.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундааны зүйл хэрэглэж өөрийгөө дээрх байдалд хүргэсэн этгээдэд бусдад учруулсан хохирлыг бүрэн хариуцна.

Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах

Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.

Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс болон бусад орлогогүй байсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.

Арван зургаан нас хүрээгүй хүмүүст учруулсан гэм хорыг арилгах

Иргэний хуулийн 506 дугаар зүйлд заасны дагуу Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг төлөх үүрэгтэй.

Хохирогч арван зургаан нас хүрсэн боловч эрүүл мэнд нь сайжраагүй бол хөдөлмөрийн чадвар алдсанаас учирсан хохирлыг хууль тогтоомжоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээгээр тооцож төлүүлэхээр түүний эцэг, эх, харгалзан дэмжигч шаардах эрхтэй.

Арван зургаан нас хүрээгүй иргэн эрүүл мэндэд нь гэм хор учруулах үед байнгын цалин, хөлс, орлоготой байсан бол хохирлыг дутуу авсан цалин, хөлс, орлогын хэмжээгээр төлүүлнэ.

Гэм хор учруулсны төлбөрийн хэмжээ өөрчлөгдөх

Иргэний хуулийн 507 дугаар зүйлд заасны дагуу Эрүүл мэндэд нь гэм хор учирснаас болж, хөдөлмөрийн чадвараа хагас алдсан иргэний хөдөлмөрийн чадвар нь цаашид дордох буюу авч байгаа тэтгэврийн хэмжээ багасвал гэм хор учруулсны төлбөрийг зохих хэмжээгээр нэмэгдүүлэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хохирогчийн хөдөлмөрийн чадвар сайжирсантай холбоотойгоор авч байгаа цалин, хөлс, орлого болон тэтгэврийн хэмжээ нэмэгдвэл хариуцагч нь гэм хор учруулсны төлбөрийн хэмжээг багасгахыг шаардах эрхтэй.

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.

Гэм хор учруулсны төлбөрийг нас барсан хохирогчийн асрамжид байсан буюу нас барах үед түүнээс тэтгэвэр авах эрхтэй байсан хөдөлмөрийн чадваргүй этгээд, хохирогчийг нас барсны дараа төрсөн хүүхэд тус тус, түүнчлэн нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин хөлс орлогогүй эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэг нь авах эрхтэй.

Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.

Гэм хор учруулсны төлбөрийг дор дурдсан хугацаанд нөхөн төлнө:

  • бага насны буюу насанд хүрээгүй иргэнд арван зургаан нас хүртэл, харин суралцаж байгаа бол арван найман нас хүртэл;
  • тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэйд бүх насаар нь;
  • тахир дутуу иргэнд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоогдсон хугацаанд;
  • нас барагчийн найман нас хүрээгүй хүүхэд, дүү, ачийг асран хүмүүжүүлж байгаа байнгын цалин, хөлс, орлогогүй нас барагчийн эцэг, эх, нөхөр /эхнэр/-ийн аль нэгэнд түүний нас, хөдөлмөрийн чадварыг харгалзахгүйгээр уг хүүхдийг найман нас хүртэл.

Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвар алдсантай холбогдуулан төлбөр төлөх

Иргэний хуулийн 509 дүгээр зүйлд заасны дагуу Хохирогч нас барсан буюу хөдөлмөрийн чадвараа алдсантай холбогдсон төлбөрийг сар тутам төлнө.

Эд хөрөнгөд учруулсан гэм хорыг арилгах

Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.

Эдийн бус гэм хорыг арилгах

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлд заасны дагуу Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.

Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно.

Бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний дутагдлын улмаас үүссэн гэм хорыг арилгах

Иргэний хуулийн 512 дугаар зүйлд заасны дагуу Чанар муутай бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нь хохирогчтой гэрээний харилцаатай байсан эсэхээс үл хамааран уг бараа, бүтээгдэхүүний улмаас учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дараахь тохиолдолд дээрх хариуцлагаас чөлөөлөгдөж болно. Үүнд:

  • уг бараа, бүтээгдэхүүнийг борлуулах зорилгоор үйлдвэрлээгүй;
  • борлуулахаар үйлдвэрлэн гаргах үед тухайн бараа, бүтээгдэхүүн бусдад хохирол учруулахуйц байгаагүй гэдгийг баримтаар нотолсон;
  • бараа, бүтээгдэхүүн гэмтэл согогтой боловч үйлдвэрлэн гаргах үед тухайн үеийн норм, стандартад тохирч байсан;
  • бараа, бүтээгдэхүүнийг борлуулахаар үйлдвэрлэн гаргах үеийн шинжлэх ухаан, техникийн түвшнээс шалтгаалан тэдгээрийн гэмтэл согогийг илрүүлэх боломжгүй байсан;
  • тухайн бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, ашиглах журам зөрчсөний улмаас гэм хор учирсан болохыг түүнийг худалдсан буюу үйлдвэрлэсэн этгээд нотолсон.

Гэм хор учруулснаас төлсөн төлбөрийг буцаан нэхэмжлэх шаардлага

Иргэний хуулийн 513 дугаар зүйлд заасны дагуу Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.

Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.


http://www.e-khutuch.mn/guide/print/6/328/law