ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Авто тээврийн үйлчилгээ Автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, улсын дугаар олгох

Автотээврийн хэрэгслийн өмчлөх эрх болон ашиглалттай холбоотой бүртгэл хөтөлж, тээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээ олгоно.

Асуулт 1. БНСУ-аас тээврийн хэрэгсэл оруулж ирж байгаа юм. Хаана бүртгүүлж, дугаар авах вэ?

Сайн байна уу? Автотээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт  Ашиглагдаж байгаад импортоор орж ирсэн тээврийн хэрэгслийг техникийн оношлогоонд оруулж, стандартын шаардлага хангуулсны дараа улсын бүртгэлд бүртгэж, дугаар олгоно гэж заасан байдаг.  Та Автотээврийн үндэсний төвд хандаж бүртгэлээ хийлгэж, дугаар авах боломжтой бөгөөд бүртгэгч таны бүртгэлийн мэдүүлэг, холбогдох бичиг баримтын үнэн зөв эсэхийг хянаж, техникийн үзүүлэлтийг тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн мэдээлэлд үндэслэн бүртгэл  хийдэг. Бүртгэлийг таны бичиг баримтыг хүлээж аваад тухайн өдөртөө бүртгэл хийгддэг.

Асуулт 2. Манай ах машин худалдаж авсан юм, хөдөө завгүй учир бүртгэлээ хийлгэж амжихгүй байна. Би өмнөөс бүртгэлийг нь хийлгэж болох уу?

Сайн байна уу? Автотээврийн хэрэгслийн өмчлөгчийн мэдээллийг бүртгэхдээ зөвхөн өмчлөгч өөрийн биеэр ирсэн, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч болон цахим гарын үсгийг үндэслэн бүртгэл хийдэг. Таны ах таньд итгэмжлэл хийж өгөөд тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэх боломжтой.

Асуулт 3. Би тээврийн хэрэгслийн бүртгэлээ хийлгэх гээд бичиг баримтаа бүрдүүлж өгсөн боловч бүртгэгч нь бүртгэл хийхээс татгалзсан хариу өгөөд байна. Яаж бүртгүүлэх вэ?

Дараах тохиолдолд автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзана.

  • бүртгэлийн мэдүүлэг болон баримт бичиг нь бүрэн бус, мэдээлэл зөрүүтэй, засварласан, хуурамчаар үйлдсэн;
  • хуулийн дагуу оногдуулсан торгуулийг төлөөгүй;
  • техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй, тэнцээгүй, жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулаагүй;
  • зохих байгууллагын зөвшөөрөлгүй зориулалтыг өөрчилсөн;
  • хуулиар эрх олгогдсон эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өмчлөх эрхэд хориглолт, хязгаарлалт хийсэн;
  • өмчлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн биеэр ирээгүй;
  • улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй.

Тухайн автотээврийн хэрэгслийг бүртгэхээс татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой тайлбарлан бүртгэлийн мэдүүлэгт тэмдэглэж гарын үсэг, хувийн дугаар бүхий тэмдэг дарж өгдөг. Та тээврийн хэрэгслийн бүртгэл хийлгэхэд дээрх зөрчил байвал зөрчилөө арилгаад бичиг баримтаа дахин бүрдүүлж бүртгэл хийлгэх боломжтой.

Асуулт 4. Миний бичиг баримт ямар ч зөрчилгүй байхад тээврийн хэрэгслийг маань бүртгэхээс татгалзаад байна. Бүртгэгчийн үйл ажиллагаанд хаана гомдол гаргах вэ?

Сайн байна уу? Та Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн асуудал хариуцсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой гомдлыг дээд шатны албан тушаалтанд, дээд албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны байгууллага болох Зам тээвэр, хөгжлийн яаманд гомдол гаргах эрхтэй.


http://www.e-khutuch.mn/guide/print/50/450/faq