ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хууль зүйн мэдээлэл, туслалцаа Өмгөөлөгчийн тухай

“Өмгөөлөгч” гэж хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчийг хэлнэ.

Асуулт 1. Хаанаас сайн өмгөөллийн үйлчилгээ, туслалцаа авах боломжтой вэ? /өмгөөлөгчөө сонгох/

Хууль зүйн туслалцаа хүсэгч нь өмгөөлөгчид шууд хандаж хэлцэл хийх, эсвэл Хуульчдын холбоонд хүсэлт гарган тус холбоон дахь өмгөөлөгчдийн болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаанаас сонголт хийх замаар өмгөөллийн үйлчилгээ туслалцаа авах боломжтой.

Иргэн, хуулийн этгээдийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг хангахын тулд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь өмгөөлөгч болон өмгөөллийн хуулийн этгээдийн нэр, хаягийн лавлагаа өгч болно.

Хууль зүйн туслалцаа хүсэгч нь эрүүл мэнд, төлбөрийн чадвар болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар өмгөөлөгчөө сонгон авч чадаагүй тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч нь энэ тухай Хуульчдын холбоонд мэдэгдэн өмгөөлөгч томилуулах арга хэмжээ авна.

Хуульчдын холбоо өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг нийтэд нээлттэй болгож, хэвлэн нийтэлнэ.

Асуулт 2. Өмгөөллийн үйлчилгээний хөлс ямар үнэтэй байх ёстой вэ?

Өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно.

Өмгөөлөгч үйлчлүүлэгчийнхээ эд хөрөнгийн болон бусад байдлыг нь харгалзан түүнийг өмгөөллийн үйлчилгээний хөлснөөс чөлөөлж болно.

 


http://www.e-khutuch.mn/guide/print/5/108/faq