ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хууль зүйн мэдээлэл, туслалцаа Өмгөөлөгчийн тухай

“Өмгөөлөгч” гэж хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэсэн, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгчийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Хуульч нь шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох бол Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, 30 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд төлөөлөх эрхээ нээлгэж, өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээр өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх эрхтэй болно.

Өмгөөллийн үйлчилгээний төрөл

Өмгөөлөгч нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар:

  • хууль зүйн асуудлаар амаар болон бичгээр лавлагаа, зөвлөгөө өгөх;
  • хууль зүйн ач холбогдол бүхий баримт бичгийн эх боловсруулах, хянах, батлах;
  • иргэн, хуулийн этгээдийн хүсэлтээр хууль тогтоомжид заасан хууль зүйн туслалцаа үзүүлэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зохих байгууллагад төлөөлөх;
  • нэхэмжлэл, хүсэлтийг шийдвэрлэх, хохирол барагдуулахад чиглэсэн аливаа зөвшилцөх, эвлэрүүлэх үйл ажиллагаа явуулах;
  • шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох зэрэг үйл ажиллагаа явуулна.

Шүүхэд хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах хэлбэрийн үйлчилгээг үзүүлдэг. Үүнд:

  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх;
  • иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийг төлөөлөх, өмгөөлөгчөөр оролцох;
  • эрүүгийн байцаан шийтгэх болон захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөр оролцох;
  • олон улсын шүүх, арбитрын ажиллагаа болон бусад байгууллагад үйлчлүүлэгчийг төлөөлөх;
  • шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд үйлчлүүлэгчийн төлөөлөгчөөр оролцох;
  • хууль тогтоомжоор хориглоогүй эрх зүйн бусад туслалцаа үзүүлэх.

Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх

Өмгөөллийн үйлчилгээг ганцаарчлан, гэрээгээр хамтарч, түүнчлэн хуулийн этгээд байгуулан үзүүлж болно.

Өмгөөллийн үйлчилгээ хамтран үзүүлэх хуулийн этгээдийн хэлбэр нь нөхөрлөл байх бөгөөд өмгөөллийн хуулийн этгээд нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог.

Өмгөөллийн хуулийн этгээдийн удирдах, төлөөлөх эрх бүхий гишүүд нь заавал өмгөөлөгч байна.

Өмгөөлөгч хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй этгээдтэй хамтарч ашиг хуваах байдлаар өмгөөллийн үйлчилгээ явуулбал түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл хариуцлага хүлээлгэдэг.

Хуульчдын холбоо өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдийн нэрсийн жагсаалтыг нийтэд нээлттэй болгож, хэвлэн нийтэлнэ.


http://www.e-khutuch.mn/guide/print/5/108/decide_order