ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Хууль зүйн мэдээлэл, туслалцаа Шүүгчийн тухай

Шүүгчийн тухай

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Шүүгчид тавих болзол, шаардлага:

  • ял шийтгүүлж байгаагүй;
  • шүүгчид нэр дэвших үед гэмт хэрэгт холбогдоогүй буюу сэжигтэн, яллагдагчаар татагдаагүй, бусдад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй;
  • шүүгчээр ажиллахад харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүй;
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан;
  • мэргэжлийн ёс зүйгээ ухамсарласан, шударга ёсыг эрхэмлэдэг, хүний эрхийг дээдлэх, бусдын нөлөөнд автахгүй, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
  • монгол хэлний ярианы болон бичгийн соёл, чадвартай;
  • мэдээллийн технологийн хэрэглээний программыг ашиглах чадвартай;
  • шүүгчээр ажиллах тухайн дагнасан шүүхийн салбар эрх зүйн мэдлэг, туршлагатай;
  • бусдын саналд хүндэтгэлтэй хандаж, шүүмжлэлийг бодитойгоор хүлээн авч, өөрийн байр суурийг ойлгомжтой тайлбарлах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай зан чанартай байх

Давж заалдах шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага:

  • Давж заалдах шатны шүүхийн шүүгч ШЭЗБТ хуулийн 4.1-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
  • анхан шатны шүүхэд шүүгчээр гурваас доошгүй жил ажилласан, шүүн таслах ажиллагааны туршлагатай;
  • шийдвэрлэсэн хэргийн хүрээнд судалгаа, дүгнэлт хийх чадвартай;
  • мэргэшсэн чиглэлээр хэрэглэгддэг хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал гаргах, хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэх талаар мэргэжлийн хэвлэлд өгүүлэл бичин, нийтлүүлсэн байх.

Хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих болзол, шаардлага:

  • Хяналтын шатны шүүхийн шүүгч буюу Улсын дээд шүүхийн шүүгч ШЭЗБТ хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан нэг буюу түүнээс дээш шаардлагыг хангасан байна:
  • Давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан;
  • Өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил ажилласан;
  • Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд арваас доошгүй жил багшилсан.
  • Улсын дээд шүүхийн шүүгчээр сүүлийн зургаан жилд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, улс төрийн намын дарга, удирдах албан тушаал хашиж байсан хүнийг томилохыг хориглоно.

Ерөнхий шүүгчид тавих шаардлага

Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч энэ хуулийн 4-6 дугаар зүйлд заасан тухайн шатны шүүгчид тавих шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

  • анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй жил ажилласан;
  • давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч нь тухайн шатны шүүхэд гурваас доошгүй жил ажилласан;
  • Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь мэргэжлээрээ болон шүүгчээр арван жил ажилласан;
  • удирдан зохион байгуулах авьяас, манлайлах ур чадвартай байх.

Дээрх болзол, шаардлагыг хангасан гэж үзсэн иргэн шүүгчид нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Сонгон шалгаруулалт зарлах:

Шүүгчийн сул орон тоонд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан зарыг  Шүүхийн ерөнхий зөвлөл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд зарлана.

Шүүгчид тавигдах болзол нөхцөлийг хангасан иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлж Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ.

Бүрдүүлэх материал:

  • Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;
  • мэргэжлийн боловсролын дипломын хуулбар;
  • өөрийн намтар бүхий анкет;
  • нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөр эрхэлж байгааг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбар;
  • шүүгчийн албан тушаалд томилогдоход харшлах өвчин, сэтгэцийн эмгэггүйг нотолсон эрүүл мэндийн тодорхойлолт;
  • байнга оршин суугаа газрын хаяг, ам бүлийн болон эд хөрөнгийн байдал, бусдад хугацаа хэтэрсэн өр зээлгүй тухайгаа бичгээр гаргасан мэдэгдэл
  • ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны тодорхойлолт.
  • хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар.

Шүүгч сонгон шалгаруулах шалгалт:

Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн сул орон тоонд  Шүүгчид тавигдах болзол нөхцөлийг хангасан иргэний материалыг хүлээн авч шүүгчийн сонгон шалгаруулах журмын дагуу шүүгийн сонгон шалгаруулалт явуулна.

Шүүгч сонгон шалгаруулах шалгалт мэдлэг чадварыг 100 хүртэлх оноогоор дараах байдлаар дүгнэнэ:

  • Эрх зүйн тохиолдол шийдвэрлүүлэх 0-50 оноо;
  • Эссэ  бичиж, илтгэх 0-30 оноо;
  • Мэдээллийн технологийн хэрэглээний чадвар 0-20 оноо.

http://www.e-khutuch.mn/guide/print/5/103/decide_order