ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Малчдын эрх Улсын аварга малчин өрх шалгаруулалт

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэх, мал маллагааны уламжлалт аргыг боловсронгуй болгох, малын үүлдэрлэг байдал чанарыг сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлэх, малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамруулах, малчдын нийгэмд оруулж байгаа хувь нэмрийг үнэлж, урамшуулах зорилгоор Улсын аварга малчин өрх шалгаруулдаг.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Улсын аварга малчин өрхөөр шагнуулахаар тодорхойлогдох малчин өрх нь дараахь шаардлагыг хангасан байна.

  • мал сүргээ жилийн дөрвөн улиралд өөрөө малладаг, мал маллагааны туршлагаа залуу малчдад зааж сургаж шавь малчинтай болсон, түр болон байнгын ажлын байрыг бий болгож орон нутагт ядуурлыг бууруулахад бодит хувь нэмэр оруулсан байх;
  • өөрийн эзэмшлийн өвөлжөө, хаваржааны хашаа, худагтай байх, мал аж ахуйн үйлдвэрлэлээс олсон орлогоос доройтсон бэлчээрийг сайжруулах, худаг гаргах, булаг, шандны эхийг хамгаалахад зарцуулсан байх;
  • өвөлжөө, хаваржааныхаа бэлчээрийг гэрээгээр ашигладаг, бэлчээрийн даацад малын тоог тохируулан сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг сэлгэн өнжөөх, отор, нүүдэл хийх зэргээр зохистой ашигладаг, бэлчээрийн хортон мэрэгч, шавжтай энгийн механик болон микробиологийн аргаар тэмцэх ажилд идэвхтэй оролцдог байх;
  • ашиглагдахгүй байгаа алслагдсан бэлчээрийг ашиглан отор нүүдэл хийж, малдаа тарга хүч авахуулсан, сумын тухайн жилийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөөний дагуу бэлчээрийг ашиглаж зөрчил гаргаагүй байх;
  • малаа оторлон тарга хүч авахуулдаг, өвөлжилт, хаваржилтад шаардлагатай өвс, тэжээлийг ойт хээрийн бүсэд хонин толгойд шилжүүлснээр нэг малд 50 кг, өндөр уулын бүсэд 20 кг, тал хээрийн бүсэд 40 кг, говийн бүсэд 5 кг байхаар тооцож жил бүр бэлтгэж нөөцөлдөг байх;
  • тухайн бүс нутагт үржүүлэхийг зөвшөөрсөн төрөл, ашиг шимийн чиглэлийн үүлдэр, омгийн малыг өсгөн үржүүлдэг, малын чанарыг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх чиглэлээр сумын Хөдөө аж ахуйн тасаг, Мал үржүүлэг, технологийн нэгжтэй хамтран ажилладаг, түүнийг баталгаажуулсан мэргэжлийн байгууллагын тодорхойлолттой байх;
  • мал үржүүлэг, технологийн нэгжтэй гэрээ байгуулж, мал сүрэгтээ үзлэг ангилалтыг технологийн хугацаанд жил бүр тогтмол хамруулсан тухай баталгаажуулалтыг Мал үржүүлэг, технологийн нэгж болон сумын Хөдөө аж ахуйн тасгаас авсан байх;
  • нийт малыг дахин давтагдахгүй хувийн дугаараар ялган тэмдэглэж бүртгэлжүүлсэн, үржлийн малын удам гарваль, ашиг шим, үр төлийн чанарын үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн тухай баталгаа, үржлийн удам гарвалын гэрчилгээг сумын Хөдөө аж ахуйн тасгаас авсан байх;
  • бог малын хээлтүүлэгчийг Мал үржүүлэг, технологийн нэгжид ялган төвлөрүүлж, чанар стандартын шаардлага хангасан, удам зүйн үнэлгээнд хамрагдсан хээлтүүлэгчийг мэргэжлийн байгууллага, мэргэжилтний хяналтанд ашигладаг байх;
  • малын чанарыг сайжруулах, сүргийн зохистой бүтцийг бүрдүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах, малын тоог бэлчээрийн даацад тохируулах чиглэлээр сумын хөдөө аж ахуйн болон мал эмнэлгийн тасагтай хамтран ажилласан тухай тодорхойлолттой байх;
  • сүрэгт эзлэх хээлтэгчийн тоо сүүлийн 3 жил дараалан тогтвортой өссөн, хээлтэгч нь бог малд 55, бод малд 40 болон түүнээс дээш хувьд хүрсэн, сүргийн бүтцийг зохистой түвшинд хангасан, бодод шилжүүлснээр 100-аас доошгүй толгой малтай байх;
  • малаа мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд тогтмол, бүрэн хамруулж, малын эрүүл мэндийн дэвтэр хөтөлдөг, сүүлийн 3 жилд мал сүрэгт нь малын гоц халдварт болон халдварт өвчин гараагүй, малын зүй бус хорогдолгүй;
  • малчин өрхийн гишүүд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, малын индексжүүлсэн даатгалд малаа даатгуулсан байх;
  • сүрэгт эзлэх таваарын малаа жил бүр эдийн засгийн эргэлтэд оруулсан байх.
  • Малчин өрхийн малын тоо, зах зээлд нийлүүлсэн бүтээгдэхүүний дүнд бусдаас худалдаж болон бэлгэнд авсан мал, бүтээгдэхүүнийг оруулж тооцохгүй.

 


http://www.e-khutuch.mn/guide/print/47/434/decide_order