ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Даатгалын төрөл ангилал Албан журмын даатгал

Хуульд заасны дагуу иргэд заавал даатгуулбал зохих даатгалын төрөл юм. Үүнд: Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, эрүүл мэндийн даатгал, ажилгүйдлийн даатгал, зорчин явагчдын гэнэтийн ослын даатгал гэх мэт хамаарах ба үүнээс бид жолоочийн хариуцлагын даатгалын тухай танд хүргэж байна.

Асуулт 1. Даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг ямар итгэлцүүрээр тооцох вэ?

  • Тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил;

  • Өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ;

  • Даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага;

  • Даатгалын гэрээний хугацаа;

  • Даатгалын хураамжийн хэмжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл нөхөн төлбөрийг нэмэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх;

  • Тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо;

  • Тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал;

  • Тээврийн хэрэгслийн зориулалт;

  • Чиргүүлтэй эсэх.

Асуулт 2. Даатгалын тохиолдолд хамаарахгүй хохиролд ямар хохирол багтах вэ?

Дараах хохирол даатгалын тохиолдолд үл хамаарна:

  • Сэтгэл санааны хохирол;

  • Хүрээлэн байгаа орчныг бохирдуулснаас үүссэн хохирол;

  • Даатгуулагчийн автотээврийн хэрэгсэл, ачаанд учирсан хохирол;

  • Жолоочийн даатгалын тухай хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол

Асуулт 3. Хохирлын хэмжээг тодорхойлох

Даатгагч, даатгалын хохирол үнэлэгч болон хуульд заасан эрх бүхий этгээд нь хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг дараах журмын дагуу тодорхойлно:

  • Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасны дагуу;

  • Хохирогчийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талууд санал нэгдсэн бол тэдгээрийн харилцан тохиролцсон хэмжээгээр;

  • Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрчсөн бол Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу;

  • Хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээний талаар хохирогч, даатгуулагч, даатгагч талуудын санал зөрчсөн бол Иргэний хуулийн 510 дугаар зүйлд заасны дагуу.

Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна.

Асуулт 4. Жолоочийн хариуцлагын даатгалд хэдэн хүн даатгуулж болох вэ?

Жолоочийн хариуцлагын даатгалд тухайн тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчээс гадна 5 хүртэлх жолоочийг нэр дурьдсан жолоочоор бүртгэн даатгуулах боломжтой.

Асуулт 5. Хэрэв даатгуулагч автомашинаа жилийн дундуур зарсан тохиолдолд даатгалд төлсөн төлбөрөө хэрхэн буцааж авах вэ?

Даатгуулагч даатгалын хугацаа дуусахаас өмнө автомашинаа зарсан тохиолдолд даатгалын гэрээг цуцалж үлдэх хураамжийг өөртөө авч болно.           Даатгал цуцлах үеийн даатгуулагчид үлдэх хураамж нь ашигласан хугацааны хураамж, олгосон нөхөн төлбөрийн дүн, даатгалын компанийн үйл ажиллагааны зардлыг хассан дүн байна.

Асуулт 6. Жолоочийн даатгалын тухай хуулиар иргэн хүн шинэ машин аваад оношлогоонд хамрагдах, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авах болон улсын дугаар авахаас өмнө даатгал хийх шаардлага гарч байна. Харин даатгал хийлгэхийн тулд тээврийн хэрэгслийн гэрчилгээ улсын дугаар шаардагдаж байна. Алийг нь эхэлж авах вэ? Яаж энэ асуудлыг шийдэх вэ?

Жолоочийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасанчлан тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр жолоочийн даатгалд заавал даатгуулж, тээврийн хэрэгслийн өмчлөгч жолоочийн даатгалд даатгуулаагүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг ашиглан замын хөдөлгөөнд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгүүлэхийг хориглосон. Иймээс даатгалын гэрээг эхлээд хийлгэх шаардлагатай бөгөөд шинэ тээврийн хэрэгслийн хувьд даатгагч тээврийн хэрэгслийн арлын дугаараар даатгалыг хийж, техникийн хяналтын үзлэг оношлогоонд орж, улсын дугаар авсны дараагаар даатгуулагч даатгагчид эргэж мэдэгдэн даатгалын гэрээ, мэдээллийн санд мэдээллийг бүрэн хэмжээнд нөхөн оруулах боломжтой.

Асуулт 7. Мэргэшсэн жолооч гэж Монгол улсад мөрдөгдөж байгаа Автотээврийн тухай хууль, холбогдох журамд заахдаа тусгай шалгалт өгч тэнцсэн, мэргэшсэн жолоочийн үнэмлэхтэй хүнийг хэлнэ гэдэг тайлбарыг дагаж мөрдөх үү?

Мэргэшсэн жолооч гэдэгт Автотээврийн тухай хуулийн 3.1.15-д заасныг ойлгоно.

Асуулт 8. Жолоочийн даатгалын хуулийн дагуу даатгалын компаниуд нөхөн төлбөр олгохдоо бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг хэрхэн нотолж олгох вэ? Эрүүл мэндэд хохирол учирснаас үүдэн гарах бусад зардлыг олгох уу?

Хохирогчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг Жолоочийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу тодорхойлж, даатгагч, жолоочийн даатгалын сан даатгалын нөхөн төлбөрийг жолоочийн даатгалын үнэлгээний хэмжээнд багтаан олгоно.

Асуулт 9. Байгууллага аж ахуй нэгжийн хувьд нэг машины төлөө 2 хураамж төлж байгааг юу гэж тайлбарлах вэ? Нөхөн төлбөр авах болохоор 1 хураамжийн төлөө авдаг ямар учиртай болох?

Жолоочийн даатгалд даатгуулах этгээд нь тээврийн хэрэгслийн өмчлөгч бүр байх тул өмчлөгч нь тээврийн хэрэгслийн тооноос үл хамааран тээврийн хэрэгсэл тус бүрээр жолоочийн даатгалд даатгуулна.

Асуулт 10. E ангиллын тээврийн хэрэгслийн хураамж, үнэлгээ хэд вэ?

Жолоочийн даатгалын тухай хуулийн 10.1-д даатгалын суурь хураамжийг заасан. E ангилалд чиргүүл хамаардаг бөгөөд чиргүүл нь дангаараа замын хөдөлгөөнд оролцдоггүй. Хуулийн 11.1-д даатгалын хураамжийн хэмжээг тогтооход  ашиглах итгэлцүүрийг заасан ба чиргүүлтэй байх эсэх нь тухайн даатгуулагчийн төлөх хураамжийг тогтоох нэг үзүүлэлт болно.


http://www.e-khutuch.mn/guide/print/45/413/faq