ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Цэргийн алба Оюутан цэрэг

“Оюутан-цэрэг” гэж цэргийн мэргэжил олгох сургалтад сайн дураар хамрагдаж байгаа их, дээд сургуулийн эрэгтэй оюутан, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн эрэгтэй суралцагчийг ойлгоно.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын 2 дугаар зүйлд зааснаар  уг хөтөлбөрт хамрагдах сонирхолтой оюутан, суралцагч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:

  • иргэний үнэмлэх;
  • оюутны үнэмлэх;
  • эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх);
  • сургуулийн тодорхойлолт (сургуулийн захиргаанаас “Оюутан-цэрэг” сургалтад хамрагдах зөвшөөрлийн хамт);
  • сурлагын дүнгийн хүснэгт;
  • сургалтад хамрагдахыг хүссэн өргөдөл.

Оюутан, суралцагчийг сонгон шалгаруулахдаа тэдний сурлагын голч дүн (2,8-аас дээш), бие бялдрын хөгжлийн түвшин, эрүүл мэндийн байдлыг гол шалгуур үзүүлэлт болгоно.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан, суралцагч нь “Цэргийн ерөнхий бэлтгэл” шатны сургалтын 2 багц цагийн төлбөрийг төлсөн байна.

“Оюутан-цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтын журмын 3 дугаар зүйлд зааснаар “Оюутан-цэрэг”  сургалтыг доорх хүрээнд зохион байгуулна. Үүнд:

  • “Оюутан-цэрэг” сургалт нь цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтаас бүрдэнэ.
  • Цэргийн ерөнхий бэлтгэл, цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг Зэвсэгт хүчний Жанжин штаб болон Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн сургалт хариуцсан нэгж хамтран боловсруулж, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга батална.
  • Цэргийн ерөнхий бэлтгэл шатны сургалт (2 багц цаг буюу 96 цагийн хичээл)-ыг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс Бямба, Ням гарагуудад аймаг, нийслэл, дүүргийн Цэргийн штаб, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, тухайн их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран танхимын сургалтын хэлбэрээр зохион байгуулна.
  • Оюутан-цэрэг нь цэргийн ерөнхий бэлтгэл шатны төгсгөлд шүүлэг өгч тэнцсэн тохиолдолд цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтад хамрагдана.
  • Цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалт (14 багц цаг буюу            560 цагийн хичээл)-ыг 6 дугаар сараас эхлэн 2 сарын хугацаатайгаар цэргийн анги, байгууллагын сургалтын төвийг түшиглэн танхимын болон хээрийн дадлага, сургуулийн хэлбэрээр зохион байгуулна.
  • “Оюутан-цэрэг” сургалтын хөтөлбөрийг бүрэн хангасан оюутан, суралцагч нь цэргийн мэргэжлийн бэлтгэл шатны сургалтын төгсгөлд Цэргийн тангараг өргөнө.

http://www.e-khutuch.mn/guide/print/42/400/decide_order