ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадад зорчих, цагаачлах Монгол Улсын хилээр нэвтрүүлэх хориотой бараа

Хориглосон бараа гэж улс орны аюулгүй байдлыг хангах, ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгын үүднээс олон улсын гэрээ конвенц, тухайн орны хууль тогтоомжийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хэлнэ.

Асуулт 1. Зорчигч ямар тохиолдолд зорчигчийн гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтрэх вэ?

  • Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараатай бол;
  • Гаалийн болон бусад татвар төлөх бараатай бол;
  • Биеэс тусдаа явуулсан ачаатай бол;
  • Гуравдагч этгээдэд дамжуулах бараатай бол;
  • 5000 ам доллараас дээш хэмжээний үндэсний болон гадаадын валюттай бол зорчигчийн гаалийн мэдүүлэг бичиж улаан гарцаар нэвтэрнэ.

Асуулт 2. Хориглосон, хязгаарласан барааг хууль бусаар гаалийн хилээр оруулах, гаргах, дамжин өнгөрүүлэхэд ямар хариуцлага хүлээх вэ?

Хэрэв хориглосон бараа буюу тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар гаалийн хилээр хууль бусаар оруулсан, гаргасан, дамжин өнгөрүүлсэн, эсхүл тийнхүү оруулсан, гаргасан, дамжин өнгөрүүлэхийг завдсан бол иргэнийг 30000-50000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах, эсхүл үнийг гаргуулж улсын төсөвт төвлөрүүлнэ.

Асуулт 3. Улс хоорондын шуудангийн илгээмжээр монгол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг илгээж болох уу?

Дараах бараа, эд зүйлийг улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээхийг хориглоно:

  • Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа;
  • Үндэсний болон гадаад валют, үнэт цаас;
  • ариутгал хийгдээгүй хуучин гутал, хувцас, цагаан хэрэглэл;
  • цацраг идэвхт бодис, химийн хорт болон аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис зэрэг аюултай бараа;
  • амархан муудах, гэмтэх хадгалалтын онцгой нөхцөл шаардсан бараа;
  • хуулиар хориглосон бусад бараа.

Улс хоорондын шуудангийн илгээмжид гаалийн байгууллага гаалийн түргэвчилсан бүрдүүлэлт хийнэ.
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх шуудангийн илгээмжид гаалийн байгууллага хяналт тавих бөгөөд гаалийн бүрдүүлэлт хийхгүй.

Асуулт 4. Гаалийн байгууллагын хяналт, бүрдүүлэлтийн өдөр тутмын үйл ажиллагаанд мөрдөгдөж буй Монгол улсын элсэн орсон ямар олон улсын гэрээ конвенц байх вэ?

  • Түр хугацаагаар оруулах тухай конвенц
  • ТИР конвенц
  • Женевийн конвенц гэх мэт.

Асуулт 5. Хилээр нэвтрүүлэх эд зүйлсийн талаар зорчигч бүрийн мэдвэл зохих зүйлс юу вэ?

Хориглосон бараа: Мансууруулах бодис, тэдгээрийг хэрэглэх, үйлдвэрлэхэд зориулсан багаж хэрэгсэллийг оруулж гаргах, мансууруулах ургамал, судалгаа шинжилгээний зориулалтаас бусад этилийн спиртыг оруулах, Пиво ундааны хаягдал лаазнаас бусад хаягдал хар болон өнгөт төмөрлөг /ширэм, төмөр, ган, зэс, гууль, хөнгөн цагаан, тэдгээрийн хайлш/, цутгамал болон анхдагч бусад хэлбэртэй хар болон өнгөт төмөрлөг, зориулалтын дагуу ашиглагдахгүй байгаа хар болон өнгөт төмөрлөгөөр хийсэн сэлбэг, бүтээгдэхүүнийг гаргахыг хориглоно. Эмчилгээний зориулалтаар хилээр оруулж ирэх мансууруулах бодис, ургамлыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтоор хил нэвтрүүлдэг.

Хязгаарласан бараа: Ураны хүдэр ба түүний баяжмалыг гаргах, онцгой хортой химийн бодис, Зайлшгүй хяналтад байх эмчилгээ, урьдчилан сэргийлэх зориулалттай эд эрхтэн, донорын цус, буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, техник, тэдгээрийн эд анги, тоног хэрэглэл, тэсрэх бодисыг оруулж гаргах, Түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг түр гаргах, Ердийн түүх соёлын зүйл, амьтан, ургамал,эрдэс судлал, анатоми, археологи палеон-тологи, угсаатны зүй болон зоос судлалын чиглэлийн олдвор болон цуглуулга, Үржлийн мал, Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, ан амьтны холбогдолтой судалгааны ажлын сорьц, дээж Мал, амьтны үр хөврөл, бичил биетний өсгөвөрийг гаргах тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг зайлшгүй авах шаардлагатай.


http://www.e-khutuch.mn/guide/print/40/398/faq