ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадад зорчих, цагаачлах Монгол Улсын хилээр нэвтрүүлэх хориотой бараа

Хориглосон бараа гэж улс орны аюулгүй байдлыг хангах, ард түмний түүх соёлын дурсгалт зүйл, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилгын үүднээс олон улсын гэрээ конвенц, тухайн орны хууль тогтоомжийн дагуу улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал
  • Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулахгүй.
  • Улсын хилээр оруулахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрт оруулсан бол нэн даруй буцаан гаргах ба ийнхүү гаргах боломжгүй бол гаалийн хяналтын бүс, эсхүл түр агуулахад 3 хүртэл хоног хадгалах бөгөөд энэ хугацаанд иргэн, хуулийн этгээд бараагаа буцаан гаргаагүй бол гаалийн байгууллага бараа устгах горимын дагуу арга хэмжээг авна. Дээрх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг тухайн иргэн, хуулийн этгээд хариуцна.
  • Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалттай барааг хууль тогтоомж, олон улсын гэрээнд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд гаалийн хилээр нэвтрүүлнэ.
  • Улсын хилээр гаргахыг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээс гаргахгүй.
  • Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон барааг гаалийн нутаг дэвсгэрээр дамжуулан өнгөрүүлэхгүй.
  • Гаалийн удирдах төв байгууллага бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх хилийн боомт, гаалийн байгууллагын байршил, тэдгээрийн ажиллах цагийн хуваарийг болон гаалийн хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан барааны тухай нийтэд мэдээлнэ.

http://www.e-khutuch.mn/guide/print/40/398/decide_order