ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадад зорчих, цагаачлах Гадаад оронд ажиллах, хөдөлмөрлөх

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ажиллах хүч гадаадад гаргах үйл ажиллагааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлнэ.

Асуулт 1. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй байгаа юмаа. Хэрхэн яаж бүртгүүлэх вэ?

ХХҮЕГ-аас бүртгэлийн товыг олон нийтэд мэдээлдэг байгаа. Жилд 1-2 удаа бүртгэл явагдах тул зарласан хугацаанд бүртгүүлэх боломжтой.

Асуулт 2. Хөдөө орон нутагт амьдардаг иргэн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах ажилтнуудын бүртгэлд хэрхэн хамрагдах вэ?

ХХҮЕГ-аас зарласан хугацаанд тухайн аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

Асуулт 3. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлэхэд ямар нэг төлбөр хураамж төлдөг үү?

Бүртгэлийн хураамж 24 доллар төлнө.

Асуулт 4. БНСУ-д гэрээгээр ажиллах иргэдийн бүртгэлд бүртгүүлэхэд ямар нэг тавигдах шаардлага байдаг уу?

Байдаг. 18-аас 39 настай байх (1979 оны 3-р сарын 14-нээс 2001 оны 3-р сарын 13-ний өдрийн хооронд төрсөн байх), хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх, солонгосоос албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх, Монгол улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх, өнгө ялгах чадвартай байх (нурууны дисктэй, гарын хуруу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.), мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5-аас дээш жил ажиллаагүй байх.

Асуулт 5. Сайн байна уу. Өмнө нь Солонгост ажиллаж байсан тодорхойлолтоо хаанаас авах вэ?

ХХҮЕГ-т хандаж БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг байсан тодорхойлолтоо авах боломжтой.

Асуулт 6. Сайн байна уу? Виз даруулчихсан паспортаа гэмтээчихсэн одоо яах вэ?

Та шинээр паспорт захиална.

Асуулт 7. Сайн байцгаана уу? Гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн ар гэр үр хүүхдийг нь гаргаж болдог уу? Гаргахгүйгээс болоод салалт их болж байна. Хэрвээ гаргадаг болгочихвол хүмүүс тогтвор суурьшилтай ажил төрлөө сайн хийж харлахгүй.  Гэрээний хугацаа дуусахаар ирдэг болох байх.

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамтай байгуулсан “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ТОГТОЛЦОО” -ны дагуу “БНСУ-д гэрээт ажилтан илгээх тухай  харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд Монгол Улсаас гэрээт ажилчдыг илгээсээр байна. Монголын талаас санамж бичгийн өөрчлөлтөд “Гэрээт ажилчид гэр бүлийн гишүүдээ жилд 1 удаа урих эрхээр хангах, гэр бүлийнх нь хамт ажиллуулах” гэсэн саналыг удаа дараа тавьдаг боловч солонгосын талаас татгалзсан хариуг өгсөөр байна. Мөн өндөр дээд хэмжээний уулзалт, айлчлалын үеэр хөдөлмөрийн гэрээт ажилчдад тулгамдаж буй асуудлыг тавьсаар байна. 2017 оны байдлаар БНСУ-д гэрээт ажилчин илгээж буй 15 улсын нийт 270 мянга гаруй гэрээт ажилчид тус улсад ажиллаж амьдарч байна.  Дээрх иргэдийн гэр бүлийн гишүүд нэмэгдвэл энэ тоо 2 дахин өсөж, цаашлаад хууль бусаар ажиллаж, амьдрах иргэдийн тоо өсөх магадлалтай юм. Энэ нь өнөөгийн эдийн засгийн хямралтай, ажилгүйдлийн төвшин өндөр байгаа Солонгос Улсад хүндээр тусах тул солонгосын талаас болгоомжилсоор байна.

Асуулт 8. Визний материал бүрдүүлэх гэсэн юм юу юу шаардлагатай вэ?

Визтэй холбоотой асуудлаар Монгол Улсад суугаа БНСУ-ын ЭСЯ-ны 7007-1030 эсвэл БНСУ-н Виз мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагад хандан мэдээлэл авна уу.


http://www.e-khutuch.mn/guide/print/40/397/faq