ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Гадаадад зорчих, цагаачлах Гадаад оронд ажиллах, хөдөлмөрлөх

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар ажиллах хүч гадаадад гаргах үйл ажиллагааг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон Монгол Улсын иргэдийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэн эрхэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

1.БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэд нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхөөр бүртгүүлэх шаардлагатай

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг хаана, хэзээ, ямар журмаар бүртгэх талаарх мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас /hudulmur-halamj.gov.mn/ болон зарлалын самбараар, мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлнэ.

2. Бүртгүүлсэн иргэд нь солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэдийн шалгалтад орох хуваарийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон БНСУ-ын Ажил, үйлчилгээ, хөдөлмөр, нийгмийн газрын төлөөлөгчийн газрын цахим хуудсууд /hudulmur-halamj.gov.mn, www.monkor.net/ болон зарын самбар дээр гарна.

Иргэд шалгалтад холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, өөрийн биеэр тогтсон хугацаанд орно. Шалгалтаас хоцорсон тохиолдолд дахин орох боломжгүй. Мөн бүртгэлийн хураамж буцаан олгохгүй болохыг анхаарна уу. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хүчинтэй хугацаа шалгалтын хариу гарсан өдрөөс хойш 2 жил байна.

Шалгалтанд дараах шаардлага хангасан иргэд бүртгүүлэх боломжтой. Үүнд:

  • Монгол Улсын иргэн, 18-39 настай; (Бүртгүүлэх өдөр 18 нас хүрсэн болон 39 нас хүрээгүй байх)
  • Хорих ял эдэлж байгаагүй;
  • Солонгосоос албадан гаргагдаагүй буюу хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

3. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах

Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч тэнцсэн иргэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргасан хуваарийн дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах ба хаана, хэзээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдах талаарх мэдээлэл, хуваарь нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас /hudulmur-halamj.gov.mn/ болон зарын самбар дээр гарна.

Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдсан иргэд үзлэгт орсноос хойш 2 хоногийн дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр өөрийн биеэр ирж тэнцсэн эсэх хариуг авах бөгөөд тэнцсэн иргэд Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар нэр байршуулах бүртгэл хийлгэнэ. Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрагдаагүй болон тэнцээгүй иргэдийг Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар бүртгэх боломжгүй.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээг “Улаанбаатар мед нэгдсэн” эмнэлгийн 1-р давхарт амбулаторийн хүлээн авах тасагт бичиг баримтын тулгалт, бүртгэл, касс, нарийн мэргэжлийн эмч нарын баг үзлэг шинжилгээг нэг доор хийнэ.

ЭМҮШ БОЛОН ЭМДҮШ-НД ХАМРАГДАХ ЭМНЭЛГИЙН ХАЯГ:

Эмнэлгийн нэр

Байршил

Цагийн хуваарь

Улаанбаатар мед нэгдсэн эмнэлэг

Утас:76110055

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо 4-р хороолол Хасбаатарын гудамж 46-р байр Улаанбаатар мед нэгдсэн эмнэлэг

Даваа-Баасан

08:30-14:00

Шинжилгээнд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  • Гадаад пасспорт эсвэл иргэний үнэмлэх
  • Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтын бүртгэлийн тасалбар
  • Ажил хайгчийн бүртгэл хийлгэж байгаа бол эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хураамж 100,300 төгрөгийг тус эмнэлгийн кассанд бэлнээр тушаана. (Ажлын санал авч, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан иргэн БНСУ руу явахын өмнөх эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээний хураамж 33,000 төгрөг байна
  • Цээж зураг 1 хувь (Сүүлийн 3-6 сард авахуулсан 3*4 хэмжээтэй )

Дээрх бичиг баримтыг авчраагүй иргэнийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээнд хамруулах боломжгүй.

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд анхаарах зүйлс. Үүнд:

  • Өлөн байх
  • Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр спиртийн төрлийн ундаа, хэт чихэрлэг болон өөх тостой хоол, хүнс хэрэглэхгүй байх
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээнд зөвхөн Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтад тэнцсэн нэр бүхий иргэд батлагдсан хуваарийн дагуу товлосон хугацаанд хоцролгүй хамрагдана. Иргэд өөрийн хуваарийг нягтлан шалгах үүрэгтэй.
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээний хариуг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 1 хоногийн дараа өөрийн биеэр ирж авна.
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээний хариуг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 1 хоногийн дараа өөрийн биеэр ирж авна.
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээнд хамрагдахдаа хуурч мэхлэх, зүй бус үйлдэл гаргахыг хориглоно. Өөрийн оронд хүн оруулахыг оролдсон тохиолдолд тэнцээгүйд тооцно.
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээнд тэнцээгүй бол Солонгосын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших боломжгүй
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээнд тэнцээгүй бол Солонгосын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших боломжгүй бөгөөд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээний хураамж буцаан олгогдохгүй.
  • Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ болон эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээний хуваариас хоцорсон иргэд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон Солонгос хэлний түвшин тогтоох тусгай шалгалтын онооны 2 жилийн хүчинтэй хугацаандаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт өргөдөл гарган хамрагдах боломжтой.

4.  Солонгосын хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар нэр байршуулах бүртгэл хийлгэх

БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байршуулах бүртгэл хийлгэсэн иргэдийн материалыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсээс БНСУ-ын хүлээн авагч байгууллагад програмаар илгээх ба солонгосын тал шалгалтанд тэнцсэн эсэх, бичиг баримт бүрэн эсэхийг шалгаж ажил хайгчаар байршуулна. Байршсан иргэдийн мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудас /hudulmur-halamj.gov.mn/-аар мэдээлнэ. Мөн БНСУ-ын Ажил, үйлчилгээ, хөдөлмөр, нийгмийн газрын /www.monkor.net/ цахим хуудсаар бүртгүүлэн шалгаж болно. Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байрших нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүйг анхаарна уу.

Солонгосын хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчийн бүртгэл хийлгэх

Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ болон эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд тэнцсэн иргэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт өөрийн биеэр ирж Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар нэр байршуулах бүртгэл хийлгэнэ. Уг бүртгэлийг хийлгэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Ажил хайгчийн анкет бөглөх (Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын сайтаас татаж авах)
  2. Эрүүл мэндийн үзлэг шинжилгээ болон эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээний  тэнцсэн хариу авсан байх
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар ( ТҮЦ машинаас авсан лавлагаа байж болно)
  4. Гадаад паспорт (ажил хайгчаар бүртгүүлэх тухайн өдрөөс тоолон гадаад паспортын дуусах хугацаа 1 жилээс доошгүй байх)
  5. Гадаад паспортын хуулбар
  6. Цээж зураг 3.5*4.5 (1 хувь)
  7. Оршин суугаа газрын тодорхойлолт (Түр оршин суугчийн тодорхойлолт болно)
  8. Гэрлэлтийн лавлагаа (ТҮЦ машинаас авсан тодорхойлолт байж болно)
  9. Сүүлд эзэмшсэн боловсролын гэрчилгээний хуулбар
  10. Өмнө ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт (заавал шаардахгүй)
  11. Мэргэжлийн үнэмлэхний хуулбар
  12. Өөрийн нэр дээрх банкны дансны тодорхойлолт

5. Ажлын санал буюу хөдөлмөрийн гэрээтэй танилцах

Солонгосын талын ажил олгогч нь монгол ажилтан авах хүсэлт гаргасан тохиолдолд Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр нэр нь байршсан ажил хайгчдаас сонгодог бөгөөд тухайн ажил хайгч иргэнд зөвхөн ажлын санал буюу хөдөлмөрийн стандарт гэрээ ирнэ.

Ажлын санал ирсэн үед Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсээс тухайн иргэнд утсаар мэдэгдэхийн зэрэгцээ цахим хуудсанд тавина. Ажлын санал ирсэн бол гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дээр ирж Хөдөлмөрийн гэрээтэйгээ танилцан хариугаа 7 хоногийн дотор өгөх ёстой. 14 хоногт хариу өгөөгүй тохиолдолд ажлын саналыг хүчингүйд тооцдог. Хөдөлмөрийн гэрээний нөхцөл таалагдаагүйн улмаас уг ажлын саналаас 1 удаа татгалзах эрхтэй ба энэ тохиолдолд Хөдөлмөрийн биржид буцаж байршиж дараагийн ажлын санал иртэл хүлээнэ. Бусад хувийн шалтгаанаар татгалзвал байрших эрх 1 жилээр хаагдаж, жилийн дараа өөрийн биеэр ирж дахин байршиж болно. Дахин байршихын тулд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын оноо хүчинтэй байх ёстой. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын хүчинтэй хугацаа шалгалтын хариу гарсан өдрөөс хойш 2 жил байна.

Зуучлагч байгууллага нь ажиллах хүч гаргахдаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллах тухайн улсын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамруулах талаар гэрээндээ тусгасан байхын зэрэгцээ иргэн өөрөө хүсвэл Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу даатгалд хамруулж, нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулна.

Монгол Улсын иргэн гадаадад гэрээгээр ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас амь алдсан, тахир дутуу болсон нөхцөлд зуучлах зөвшөөрөл авсан байгууллага холбогдох хохирлыг барагдуулах бөгөөд ар гэрийнхэн нь хүсэлт гаргасан тохиолдолд амь алдсан иргэний цогцсыг Монгол Улсад авчрах зардлыг хариуцна.

6. БНСУ-ын визийн цахим зөвшөөрөл ирэх

Ажлын санал хүлээн авч Хөдөлмөрийн гэрээг зөвшөөрсөн тохиолдолд БНСУ-ын Хууль зүйн яам, цагаачлалын албанаас визийн цахим зөвшөөрөл ирэхийг хүлээнэ. Хөдөлмөрийн гэрээг зөвшөөрч гарын үсэг зурснаас хойш 14-90 хоногийн дотор багтаж визийн зөвшөөрөл ирэх ба ирсэн даруйд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсээс тухайн иргэнд утсаар болон цахим хуудсаар мэдээлнэ. Ажил хайгч иргэн болон солонгосын талын ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн гэрээгээ цуцлуулах хүсэлт тавьснаар визийн зөвшөөрөл олгохоос татгалзах ба энэ тохиолдолд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах боломжгүй болно.

7. Визийн цахим зөвшөөрөл олгогдсон иргэд эрүүл мэндийн давтан үзлэг, шинжилгээнд хамрагдах

Визийн цахим зөвшөөрөл олгогдсон иргэдийг эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамрагдахыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тухайн иргэнд утсаар мэдэгдэнэ. Эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд цаг хугацаандаа хоцролгүй орох шаардлагатай. Давтан үзлэгт орсон иргэд 1-2 хоногийн дараа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсээс ирж тэнцсэн эсэх хариугаа авна. Эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хоцорсон болон тэнцээгүй иргэд Солонгос улс руу Хөдөлмөрийн гэрээгээр явах боломжгүй болж ажил хайгчийн бүртгэлээс хасагдана.

8. Явахын өмнөх албан ёсны сургалтад хамрагдах

Эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд тэнцсэн иргэд явахын өмнөх сургалтанд хамрагдаж солонгос хэл, солонгосын түүх соёл, Солонгос улсад банкны үйлчилгээ хэрхэн авах, даатгалд хамрагдах зэрэг мэдээлэл авна. Сургалт хаана, хэзээ хамрагдах талаарх мэдээллийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас утсаар мэдээлнэ.

9. БНСУ-ын элчин сайдын яаманд виз мэдүүлэх

Визийн цахим зөвшөөрөл олгогдож эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд тэнцсэн иргэдийн гадаад паспортыг БНСУ-ын Элчин сайдын яаманд Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтсийн мэргэжилтэн материал бүрдүүлж холбогдох виз мэдүүлнэ. Виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтыг тухайн иргэн бүрдүүлж өгөх үүрэгтэй. Виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтыг тухайн иргэн бүрдүүлж өгөх үүрэгтэй. Мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өгсөн мэдээллийн дагуу тухайн ажил хайгч иргэн тушаавал зохих төлбөрүүдийг хийж тооцоо дуусгана. Үүнтэй зэрэгцэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-ын хил нэвтрэх өдрийн товыг тухайн иргэнд утсаар мэдэгдэнэ.

10. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явах

Виз олгогдсон, бэлтгэл дуусгасан иргэд өөрөөс шалтгаалах хувийн бэлтгэлээ базааж, явах өдрөө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас зарласан хугацаанд нисэх онгоцны буудалд очиж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын нэгдсэн зохион байгуулалтын дор БНСУ руу зорчино.

БНСУ-руу Хөдөлмөрийн гэрээгээр явж буй иргэнээс гарах нийт төлбөр хураамж

Үйлчилгээний хураамжийн төрөл

Төлбөрийн хэмжээ

Төлбөр хүлээн авах байгууллага

1

СХТТШ-ын бүртгэлийн хураамж

24 ам.доллар

Хүлээн авагч тал болон Илгээгч байгууллага хооронд байгуулсан “Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт болон ур чадварын шалгалт зохион байгуулах, үйлчилгээ үзүүлэх ажил үүргийн гэрээ”-нд заасны дагуу шалгалтын хураамж болох 24 ам.доллар Илгээгч байгууллагын дансанд тушаагдана.

2

ЭМҮШ, ЭМДҮШ-ний нийт төлбөр

133.300 төг

Гэрээт байгууллагын холбогдох дансанд тушаана.

3

Визийн хураамж

60 ам.доллар

БНСУ-ын ЭСЯ-ны холбогдох дансанд тушаана. (Оршин суух хугацаа 90-ээс дээш хоногийн нэг удаагийн виз:60 ам.доллар)

4

Явахын өмнөх сургалт

33.000 төг

Гэрээт байгууллагын холбогдох дансанд тушаана.

5

Онгоцны тийзийн үнэ

700.000 төг

Гэрээт байгууллагын холбогдох дансанд тушаана. (Тийзний үнэ хэлбэлздэг бөгөөд тухайн өдрийн Монгол банкнаас зарласан ам. Долларын албан ханшаар нэг талын тийз бичигдэнэ.)

6

Жигдрүүлэх хувцас / малгай, хантааз, мандат/

55.000

Гэрээт байгууллагын холбогдох дансанд тушаана.

7

Илгээгч байгууллагын үйл ажиллагааны зардал /ХХҮЕГ /

87.500 төг

Илгээгч байгууллагын дансанд тушаана. (ХХҮЕГ)

 

 

Нийт

84 ам.доллар

Нийт ам.доллараар гарах төлбөр хураамж

1.005.800 төг

Монгол төгрөгөөр гарах төлбөр хураамж


http://www.e-khutuch.mn/guide/print/40/397/decide_order