ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн даатгал Цэргийн албан хаагчийн тэтгэвэр

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр гэдэг нь 10-аас доошгүй жил цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад алба хаасан цэргийн албан хаагч ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж болзол, нөхцөлийг хангасан тохиолдолд даатгалын сангаас амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Цэргийн албан хаагч нь доорх дурдсан тэтгэврийн төрөлтэй байна.

  • Цэргийн алба хаасны тэтгэвэр
  • Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр
  • Тэжээгчээ алдсаны тэтгэвэр

Цэргийн алба хаасны тэтгэвэр авах эрх

  • 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй;
  • 20-оос доошгүй жил алба хаасан эмэгтэй;
  •  Байлдааны нисдэг тэрэгний нисгэгчээр 23-аас доошгүй жил цэргийн алба хаасан;
  • Байлдааны тийрэлтэт сөнөөгч онгоцны жинхэнэ нисгэгчээр 20-оос доошгүй жил цэргийн алба хаасан.

Цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрх

10-аас доошгүй жил цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагад алба хаасан цэргийн албан хаагч дор дурдсан шалтгаанаар халагдсан бол цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрээд цэргийн алба хаасны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авах эрхтэй.

  • Орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлтөөр
  • Биеийн эрүүл мэндээр
  • Цэргийн алба хаах нас хэтэрч

Цэргийн алба хаасны тэтгэврийн хэмжээ, нэмэгдэл

Цэргийн алба хаасны тэтгэврийг тэтгэвэр тогтоолгогчийн сарын дундаж цалин, хөлсний 80 хувиар тогтооно. Хуульд заасан хугацаанаас илүү алба хаасан жил тутамд тэтгэвэр тогтоолгосон дундаж цалин, хөлснөөс 1.5 хувиар бодож нэмэгдэл олгоно

Цэргийн албан хаагчийн ажилласан хугацааг тооцох баримт бичиг

  • Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн дэвтэр
  • Цэргийн алба хаасан тухай цэргийн архивын лавлагаа
  • Хугацаат цэргийн алба хаасан бол цэргийн батлах
  • Цэргийн албанаас чөлөөлсөн тухай тушаал

Цэргийн албан хаагчийн тахир дутуугийн тэтгэвэр авах эрх

Дор дурдсан шалтгаанаар тахир дутуу болсон цэргийн албан хаагч тахир дутуугийн тэтгэвэр авах эрхтэй.

  • Байлдааны болон энхийг сахиулах үүрэг гүйцэтгэх, байлдааны онгоцоор нислэг үйлдэх, байлдааны галт хэрэгслэлээр буудлага хийх, тэсэрч, дэлбэрэх хорт бодистой үүргийнхээ дагуу харьцах үед гарсан ослын, түүнчлэн улсын хил хамгаалах, тагнуул, цагдаа, галын болон хорих ял эдлүүлэх байгууллагын албан үүрэг гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртсөний болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас
  • Бусад албан үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон ослын улмаас
  • Албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдолгүй осол, ердийн өвчний улмаас
  • Цэргийн үүрэгтэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байхдаа, мөн цэргийн жинхэнэ албанаас халагдсан байлдагч, түрүүч орон нутагтаа хүргэгдэх үед тахир дутуу болсон бол энэ хуульд заасны дагуу тахир дутуугийн тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.

Цэргийн албан хаагчийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх

Цэргийн албан хаагч, мөн түүнчлэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн нас барахад түүний асрамжид байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

Бүрдүүлэх материал

  • Цэргийн байгууллагад 1995 оноос өмнө буюу хойно ажилласан хугацааны архивын лавлагаа;
  • Цэргийн тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлсөн тухай цэргийн анги, байгууллагын тушаал, шийдвэр.

 

 


http://www.e-khutuch.mn/guide/print/4/13/decide_order