ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрүүл мэндийн даатгал Шимтгэл, хувь хэмжээ

“Эрүүл мэндийн даатгал” гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах үйл ажиллагааг хэлнэ.

Асуулт 1: Эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь ямар ач холбогдолтой вэ?

Эрүүл мэндийн даатгалд хамрагдснаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг тогтоосон хэмжээгээр төлүүлэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдээ хуваалцах боломжтой.

Асуулт 2: Эрүүл мэндийн даатгалаа хэрхэн шилжүүлэн тооцуулдаг вэ? 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д заасны дагуу шимтгэлээ өөрөө төлдөг даатгуулагч тухайн жилийн дээд хязгаараас давсан тохиолдолд гэр бүлийн өөр нэг даатгуулагч гишүүний зөвшөөрснөөр, түүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцуулахаар хуульчилсан байдаг.

Асуулт 3: Эрүүл мэндийн даатгалын дэвтэрийг үрэгдүүлсэн тохиолдолд хаана хандах вэ?

Та эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ үрэгдүүлсэн тохиолдолд өөрийнхөө оршин суугаа газрын харьяа Нийгмийн даатгалын хэлтэст хандан авах боломжтой юм.

Асуулт 4: Гадаадад эмчилгээ хийлгэсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн олговор олгодог уу?

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.4 дэх хэсэгт Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагаас сонгон шалгаруулж гэрээ байгуулан ажиллахаар хуульчилсан байдаг. Тиймээс гэрээт байгууллагаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад хамаарах үйлчилгээ, эмийн хөнгөлөлт авч байгаа тохиолдолд л эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сан болон даатгуулагч хамтран хариуцан төлнө.

Асуулт 5: Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд ямар ямар үйлчилгээ хамаарах вэ?

  • хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ;
  • амбулаторийн үзлэг, хяналт, оношилгоо, шинжилгээ, эмчилгээ;
  • өдрийн эмчилгээ, үйлчилгээ;
  • хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ;
  • уламжлалт, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээ;
  • өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл;
  • өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт;
  • зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийгдэх протез, ортопедийн хэрэгсэл;
  • өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах үйлчилгээ, гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээ, өдрийн эмчилгээ, оношилгоо, шинжилгээ;
  • хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ;
  • жирэмсний 37 долоо хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ.
  • магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх үйлчилгээ.

 


http://www.e-khutuch.mn/guide/print/38/387/faq