ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Эрх зүйн маргааныг арбитрын журмаар шийдвэрлэх ажиллагаа Арбитрын журмаар маргаан шийдвэрлэх

Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ. Арбитрын журмаар шийдвэрлэх эрх зүйн маргаанд гэрээний буюу гэрээний бус харилцаанаас үүссэн бүхий л харилцаа хамаарна. Маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх боломж нь талуудын гэрээний үндсэн зарчим, чөлөөт байдал, итгэл үнэмшлийг хамгаалах тохиролцооны дагуу хэрэг хянан шийдвэрлэгдэнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Арбитрын төрөл Арбитр нь байнгын, эсхүл түр байж болно. Монгол Улсад байнгын арбитрыг худалдаа аж үйлдвэрийн танхим, худалдаа үйлдвэрлэгчийн болон хэрэглэгчийн зэрэг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын дэргэд байгуулж болно. Байнгын арбитр нь арбитрын ажиллагааг явуулах байр, хүний нөөцтэй байна. Түр арбитрыг талуудын харилцан тохиролцсон журмын дагуу байгуулна.

Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт хандахын тулд Талууд бизнесийн гэрээнээс үүссэн маргаанаа Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитраар шийдвэрлүүлье гэвэл арбитрын загвар заалт буюу арбитрын хэлэлцээрийг гэрээндээ заавал тусгасан байх шаардлагатай юм. Иймээс гадаад, дотоодын байгууллага, компани, хувь хүмүүстэй худалдаа, эдийн засгийн гэрээ хэлэлцээр байгуулахдаа арбитрын талаар дараах заалтыг гэрээндээ тусгах нь зүйтэй юм. Энэхүү арбитрын заалтыг та бүхэн гэрээндээ шууд хуулбарлан тусгаж болно.

Арбитрын загвар заалт: "Энэхүү гэрээнээс үүссэн болон холбогдон гарсан түүнчлэн уг гэрээг зөрчих, цуцлах, хүчингүй болгохтой холбоотой бүх маргааныг Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитрт түүний Арбитрын Хэрэг Хянан Шийдвэрлэх Дүрмийн дагуу Монгол Улсад эцэслэн шийдвэрлэнэ".

Арбитрын хэлэлцээр, түүний хэлбэр: Арбитрын хэлэлцээр гэж гэрээний үндсэн дээр үүссэн эсэхээс үл хамааран бий болсон эрх зүйн харилцаатай холбоотойгоор талуудын хооронд үүссэн, эсхүл үүсч болох аливаа маргаан, эсхүл түүний тодорхой хэсгийг арбитрын журмаар шийдвэрлүүлэх тухай талуудын тохиролцоог хэлнэ. Арбитрын хэлэлцээр нь гэрээний нэг хэсэг, эсхүл бие даасан гэрээ байж болно. Арбитрын хэлэлцээрийг бичгээр хийнэ.

Арбитрын хэлэлцээрийг амаар, бодит үйлдлээр, эсхүл бусад арга хэрэгслээр хийснээс үл хамааран түүний агуулгыг ямар нэг хэлбэрээр баримтжуулсан бол бичгээр байгуулсан гэж үзнэ.

Цахим харилцаа холбоонд агуулагдсан мэдээлэлд нэвтэрч, түүнийг ашиглах боломжтой бол Арбитрын тухай хуулийн 8.3-т заасан шаардлагыг мэдээллийн өгөгдөл солилцох хэлбэрээр хангасанд тооцно.

Цахим харилцаа холбоо гэдэгт талууд хоорондоо мэдээллийн өгөгдөл ашигласан аливаа харилцааг ойлгоно.

Мэдээллийн өгөгдөл гэдэгт цахим, соронзон, гэрлийн болон бусад ижил төстэй арга хэлбэрээр бий болгосон, илгээсэн, хүлээн авсан, эсхүл хадгалсан мэдээлэл, цахим өгөгдөл солилцоо, цахим шуудан, цахилгаан, телексийг ойлгоно.

Нэхэмжлэл болон хариу тайлбарт арбитрын хэлэлцээр байгаа талаар тусгаж, нөгөө тал нь түүнийг үгүйсгээгүй бол арбитрын хэлэлцээрийг бичгээр үйлдсэн гэж үзнэ.

Арбитрын тухай заалт бүхий ямар нэг баримт бичгийг талуудын хооронд байгуулсан гэрээнд эш татсан бөгөөд энэ нь тухайн гэрээний хэсэг болохыг гэрээнд тусгайлан заасан бол үүнийг арбитрын хэлэлцээр гэж үзнэ.

Талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээ хүчин төгөлдөр эсэх, аль нэг тал нь гэрээнээс татгалзсан, эсхүл үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон эсэхээс үл хамааран түүний хэсэг болох арбитрын хэлэлцээр хүчинтэй байна.

Хэрэглэгчийн эрхтэй холбоотой маргааны тухайд арбитрын хэлэлцээрийг гагцхүү маргаан үүссэний дараа талууд бичгээр тусад нь байгуулах бөгөөд арбитрын ажиллагааны харьяаллыг заасан байна.

Арбитрын ажиллагаа: гэдэгт байнгын, эсхүл түр арбитраас явуулж байгаа арбитрын маргаан шийдвэрлэх ажиллагааг ойлгоно.

Олон улсын арбитрын ажиллагаанд дараах арбитрын ажиллагаа хамаарна:

  • арбитрын хэлэлцээр байгуулах үед уг хэлэлцээрийн талууд өөр өөр улсад үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;
  • арбитрын хэлэлцээрт заасан, эсхүл түүнд тодорхойлсон арбитрын ажиллагааны харьяалал нь талуудын үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;
  • арилжааны харилцаанаас үүсэх үүргийн ихэнхийг гүйцэтгэх газар, эсхүл маргааны зүйлтэй илүү холбоотой газар нь талуудын үйл ажиллагаа явуулж байгаа газраас өөр тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа;
  • арбитрын хэлэлцээрээс үүсэх харилцаа нэгээс олон улсад хамаарна гэдгийг талууд тодорхой тохиролцсон тохиолдолд хийгдэх арбитрын ажиллагаа.

Дээр заасныг тодорхойлохдоо:

  • аль нэг тал үйл ажиллагаагаа хэд хэдэн газар явуулдаг бол арбитрын хэлэлцээрт илүү холбоотойг нь үйл ажиллагаа явуулж байгаа газар гэж үзнэ;
  • аль нэг тал үйл ажиллагаа явуулдаг газаргүй бол түүний байнгын оршин байгаа газрыг үйл ажиллагаа явуулж байгаа газар гэж үзнэ.

Дотоодын арбитрын ажиллагаа гэж олон улсын арбитрын ажиллагаанаас бусад арбитрын ажиллагааг ойлгоно.

Арбитрын ажиллагаанд талууд тэгш эрхтэй оролцох ба талууд өөрийн байр суурийг илэрхийлэх боломжоор бүрэн хангагдана. Талууд өөрөөр тохиролцоогүй бол тухайн маргааныг арбитрын журмаар шийдвэрлүүлэх тухай нэхэмжлэлийг хариуцагч хүлээн авсан өдрөөс арбитрын ажиллагаа эхэлнэ.

Талууд арбитрын ажиллагаа явуулах нэг, эсхүл хэд хэдэн хэлийг тохиролцон тогтоох эрхтэй.

Арбитрын ажиллагаа явуулах хэлийг талууд тохиролцон тогтоогоогүй бол арбитрын бүрэлдэхүүн тодорхойлно.

Тохиролцох буюу тодорхойлохдоо өөрөөр заагаагүй бол талуудын тохиролцсон, эсхүл арбитраас тодорхойлсон хэл нь талуудын бичгээр үйлдсэн нэхэмжлэл, тайлбар, арбитрын хуралдаан, тогтоол, шийдвэр, үндсэн шийдвэр зэрэг арбитрын бүх ажиллагаанд хамаарна.

Арбитрын бүрэлдэхүүн аливаа бичмэл нотлох баримтыг талуудын тохиролцсон, эсхүл арбитрын бүрэлдэхүүнээс тодорхойлсон хэлээр орчуулан хавсаргахыг талуудаас шаардаж болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар:

Талууд өөрөөр тохиролцоогүй бол нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох үйл баримт, тайлбарыг, хариуцагч нь тэдгээртэй холбоотой тайлбараа зохих бүрдүүлбэрийн хамт талуудын тохиролцсон, эсхүл арбитрын бүрэлдэхүүнээс тогтоосон хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.

Талууд нэхэмжлэл, эсхүл тайлбартаа хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн нотлох баримтыг хавсаргах, эсхүл цаашид нэмж гаргаж өгөх баримт бичиг, бусад нотлох баримтын талаар дурдана.

Талууд өөрөөр тохиролцоогүй бөгөөд хүсэлтийг хугацаа хожимдуулж гаргасны улмаас хангах боломжгүй гэж арбитрын бүрэлдэхүүн үзсэнээс бусад тохиолдолд арбитрын ажиллагааны аль ч шатанд талууд нэхэмжлэл, эсхүл тайлбараа өөрчлөх, нэмэлт оруулах эрхтэй.

Биечлэн оролцох арбитрын хуралдаан ба нотлох баримтад үндэслэн явуулах арбитрын ажиллагаа:

Талуудын тохиролцоог зөрчихөөргүй бол арбитрын бүрэлдэхүүн нотлох баримтыг танилцуулах, мэтгэлцэхэд талуудыг биечлэн оролцуулж хуралдах, эсхүл арбитрын ажиллагааг цугларсан баримт бичиг, бусад баримт сэлтийг үндэслэн явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

Биечлэн оролцох хуралдаан хийхгүй байхаар талууд тохиролцсоноос бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн аль нэг талын хүсэлтээр арбитрын ажиллагааны зохих шатанд биечлэн оролцох хуралдаан явуулах үүрэгтэй.

Бараа, бусад хөрөнгө, баримт бичгийг шинжлэн судлах зорилгоор хийх биечлэн оролцох хуралдаан, эсхүл арбитрын бүрэлдэхүүний уулзалтын талаархи мэдэгдлийг талуудад хангалттай хугацааны өмнө хүргүүлсэн байна.

Нэг талаас арбитрын бүрэлдэхүүнд ирүүлсэн тайлбар, баримт бичиг, бусад мэдээллийг нөгөө талд заавал хүргүүлнэ.

Арбитрын бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа үндэслэл болгож болох шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтыг талуудад мөн адил хүргүүлнэ.

Талууд үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар: Талууд өөрөөр тохиролцоогүй бөгөөд тэдгээрийн үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж арбитрын бүрэлдэхүүн үзвэл дараахь арга хэмжээ авч болно:

  • нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээ Арбитрын тухай хуулийн 35.1-д заасан шаардлагад нийцүүлэн дэмжээгүй бол арбитрын ажиллагааг дуусгавар болгох;
  • хариуцагч хариу тайлбараа Арбитрын тухай хуулийн 35.1-д заасан шаардлагад нийцүүлэн ирүүлээгүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй бөгөөд арбитрын бүрэлдэхүүн маргаан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх;
  • аль нэг тал арбитрын хуралдаанд оролцоогүй, эсхүл шаардлагатай нотлох баримтыг ирүүлээгүй бол арбитрын ажиллагааг үргэлжлүүлж, цугларсан нотлох баримтад үндэслэн арбитрын шийдвэр гаргах.

Арбитрын ажиллагаанд шинжээч оролцуулах: Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн дараахь ажиллагааг явуулж болно:

  • арбитрын бүрэлдэхүүний тодорхойлсон асуудлаар дүгнэлт гаргуулахаар нэг, эсхүл хэд хэдэн шинжээч томилох;
  • тухайн маргаанд холбогдох мэдээллийг шинжээчид өгөх буюу бэлтгэж өгөх, холбогдох баримт бичиг, бараа бүтээгдэхүүн, бусад эд хөрөнгөд үзлэг шалгалт хийх боломжийг шинжээчид олгохыг аль нэг талаас шаардах.

Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзсэн, эсхүл аль нэг талын хүсэлтээр шинжээч арбитрын хуралдаанд оролцож, гаргасан дүгнэлтийнхээ талаар тайлбар хийж, талуудын асуултад хариулт өгөх үүрэгтэй.

Нотлох баримт бүрдүүлэхэд шүүх туслалцаа үзүүлэх:

Арбитрын бүрэлдэхүүн, эсхүл түүний зөвшөөрснөөр талууд нотлох баримт гаргуулахад туслалцаа үзүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болох бөгөөд шүүх уг хүсэлтийг эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан нотлох баримт гаргуулах журмын дагуу шийдвэрлэнэ.

Арбитрын үндсэн шийдвэр гаргах, арбитрын ажиллагаа дуусгавар болох: Маргаан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээ:

Маргаан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг талууд харилцан тохиролцох бөгөөд арбитрын бүрэлдэхүүн талуудын тохиролцсон эрх зүйн хэм хэмжээг хэрэглэн тухайн маргааныг шийдвэрлэнэ.

Маргаан шийдвэрлэхэд хэрэглэх эрх зүйн хэм хэмжээг талууд харилцан тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн тухайн маргааныг шийдвэрлэхэд аль тохиромжтой гэж үзсэн материаллаг эрх зүйн хэм хэмжээг хэрэглэнэ.

Арбитрын зардал: Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын зардлын хэмжээ, төлөх этгээд, төлбөрийн журмыг арбитрын бүрэлдэхүүн тогтооно.

Арбитрын зардалд дараахь зардал хамаарна:

  • арбитрчийн хөлс, зардал;
  • байнгын арбитрын хувьд түүний дүрэмд заасан тухайн арбитрт төлөх үйлчилгээний хөлс;
  • гэрч, шинжээч оролцуулах, хууль зүйн туслалцаа авах, шинжилгээ хийлгэх зэрэг арбитрын бусад ажиллагаа явуулахад гарсан хөлс, зардал.

Арбитрын бүрэлдэхүүн шийдвэр гаргах:

Арбитрын бүрэлдэхүүнд нэгээс илүү арбитрч оролцож байгаа тохиолдолд талууд өөрөөр тохиролцоогүй бол шийдвэрээ олонхийн саналаар гаргана.

Талууд, эсхүл арбитрын бүрэлдэхүүн санал нэгтэй зөвшөөрсөн бол арбитрын ажиллагааны явцад гарах горимын шинжтэй асуудлыг арбитрын хуралдаан даргалагч дангаараа шийдвэрлэж болно.

Талууд эвлэрэх:

Арбитрын ажиллагааны явцад талууд эвлэрсэн бол арбитрын бүрэлдэхүүн ажиллагааг дуусгавар болгох ба талууд ийнхүү хүсэлт гаргасныг арбитрын бүрэлдэхүүн татгалзаагүй бол эвлэрлийн нөхцөлийг арбитрын үндсэн шийдвэрт тусгаж баталгаажуулна.

Талууд эвлэрсэн тухай арбитрын үндсэн шийдвэр дараах үндсэн шийдвэрийн хэлбэр, агуулгыг хангасан байх ба арбитрын үндсэн шийдвэр мөн болохыг уг шийдвэрт тусгайлан заана. Уг шийдвэр нь арбитрын үндсэн шийдвэрийн адил хүчин төгөлдөр хэрэгжинэ.

Арбитрын үндсэн шийдвэрийн хэлбэр, агуулга:

Арбитрын үндсэн шийдвэрийг бичгээр үйлдэж, арбитрын бүрэлдэхүүн гарын үсэг зурна. Нэгээс илүү арбитрч оролцсон арбитрын бүрэлдэхүүний гаргасан шийдвэрт тэдгээрийн олонхи гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох ба аль нэг арбитрч гарын үсэг зураагүй бол шалтгааныг нь заана.

Талууд үндсэн шийдвэрийн үндэслэлийг заах шаардлагагүй гэж тохиролцсон, эсхүл энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаар эвлэрснээс бусад тохиолдолд арбитрын үндсэн шийдвэрт түүнийг гаргах болсон үндэслэлийг тодорхой заана.

Арбитрын үндсэн шийдвэрт маргаан шийдвэрлэсэн огноо болон энэ хуулийн 32.1-д зааснаар тодорхойлсон арбитрын ажиллагааны харьяаллыг заах бөгөөд үндсэн шийдвэрийг уг харьяаллын дагуу гаргасан гэж үзнэ.

Арбитрын үндсэн шийдвэр гарсны дараа гарын үсэг зурсан хуулбарыг талуудад хүргүүлнэ.

Арбитрын ажиллагаа дуусгавар болох:

Арбитрын үндсэн шийдвэр, эсхүл дараах тогтоол гарснаар арбитрын ажиллагаа дуусгавар болно.

Арбитрын бүрэлдэхүүн дараахь тохиолдолд арбитрын ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол гаргана:

  • нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан. Ийнхүү татгалзсаныг хариуцагч зөвшөөрөөгүй бөгөөд арбитрын бүрэлдэхүүн маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрсөн бол энэ заалт хамаарахгүй;
  • талууд арбитрын ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцсон;
  • арбитрын бүрэлдэхүүн дээр дурдсанаас бусад шалтгаанаар маргаан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй, эсхүл шаардлагагүй болсон гэж үзсэн.

Арбитрын үндсэн шийдвэрт засвар оруулах, тайлбарлах, нэмэлт шийдвэр гаргах:

Талууд өөр хугацаа тогтоогоогүй бол арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор нэг тал нь нөгөө талдаа мэдэгдсэнээр арбитрын үндсэн шийдвэрийн үг үсэг, тооцоо, хэвлэлийн болон тэдгээртэй адилтгах бусад алдааг засуулах тухай арбитрын бүрэлдэхүүнд хүсэлт гаргаж болно.

Талууд тохиролцож нэг тал нь нөгөө талдаа мэдэгдсэнээр арбитрын үндсэн шийдвэрийн тодорхой хэсэг, зүйлийг тайлбарлуулах тухай хүсэлтийг талууд өөр хугацаа тогтоогоогүй бол арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор арбитрын бүрэлдэхүүнд гаргаж болно.

Арбитрын бүрэлдэхүүн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор арбитрын үндсэн шийдвэрт зохих засвар оруулах, эсхүл холбогдох тайлбар хийнэ. Тайлбар нь арбитрын үндсэн шийдвэрийн бүрэлдэхүүн хэсэг байна.

Арбитрын бүрэлдэхүүн алдааг үндсэн шийдвэр гарснаас хойш 30 хоногийн дотор өөрийн санаачилгаар засч болно.

Талууд өөрөөр тохиролцоогүй бол аль нэг тал нь нөгөө талдаа мэдэгдэж, арбитрын ажиллагааны явцад хэлэлцсэн боловч арбитрын үндсэн шийдвэрт тусгаагүй орхисон нэхэмжлэлийн шаардлагын талаар нэмэлт шийдвэр гаргахыг үндсэн шийдвэрийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шаардаж болно. Арбитрын бүрэлдэхүүн хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл 60 хоногийн дотор нэмэлт шийдвэр гаргана.

Арбитрын бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл засвар оруулах, тайлбарлах, нэмэлт шийдвэр гаргах хугацааг сунгахаар шийдвэрлэж болно.

Арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдөл гаргах: Талууд арбитрын үндсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл дараах үндэслэл, журмын дагуу арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдлөө шүүхэд гаргана. Шүүх нь арбитрын үндсэн шийдвэрийг зөвхөн дараах үндэслэлээр хүчингүй болгоно:

Өргөдөл гаргагч тал дараахь аль нэг нөхцөл байдлыг нотолсон:

  • энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан арбитрын хэлэлцээрийн аль нэг тал эрх зүйн чадамжгүй, эсхүл арбитрын хэлэлцээр нь талуудын тохиролцон сонгосон улсын хуульд зааснаар, эсхүл тийнхүү тохиролцон сонгоогүй бол Монгол Улсын хуульд зааснаар хүчин төгөлдөр бус;
  • өргөдөл гаргагч талд арбитрч томилох, арбитрын ажиллагааны тухай зохих ёсоор мэдэгдээгүйн улмаас арбитрын ажиллагаанд зохих ёсоор оролцох боломжгүй байсан;
  • арбитрын бүрэлдэхүүн нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй, хамааралгүй маргааны талаар үндсэн шийдвэр гаргасан. Хэрэв нэхэмжлэлийн шаардлагад тусгаагүй, хамааралгүй асуудлаар гаргасан арбитрын үндсэн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлагад тусгасан асуудлаар гаргасан шийдвэрээс салгах боломжтой бол холбогдох хэсгийг хүчингүй болгоно;
  • талуудын тохиролцоо нь энэ хуулийн заавал дагаж мөрдөх заалтыг зөрчсөнөөс бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа талуудын тохиролцоонд нийцээгүй, эсхүл тийнхүү тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн, арбитрын ажиллагаа нь энэ хуульд нийцээгүй.

Шүүх дараахь нөхцөл, байдлыг тогтоосон бол:

  • Монгол Улсын хуулиар уг маргаан арбитрын харьяаллын маргаан биш;
  • арбитрын үндсэн шийдвэр Монгол Улсын нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн.

Аль нэг тал хүсэлт гаргасан бөгөөд арбитрын үндсэн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай өргөдөл хүлээн авсан шүүх боломжтой гэж үзсэн бол арбитрын ажиллагааг сэргээж, арбитрын шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг арилгах боломжийг арбитрын бүрэлдэхүүнд олгох зорилгоор арбитрын шийдвэрийг хүчингүй болгох тухай өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагааг тодорхой хугацаа тогтоон түдгэлзүүлж болно.

Арбитрын шийдвэрийг хүчингүй болгуулах тухай буюу Арбитрын тухай хуулийн 11.1, 13.4, 13.5, 15.3, 16.1, 18.7, 39.1 дэх хэсэгт заасан шүүхийн чиг үүргийг  арбитрын ажиллагаа явагдсан газрын иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, харин олон улсын арбитрын ажиллагааны хувьд нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэрэгжүүлнэ. Шүүхэд гаргах бөгөөд уг өргөдлийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна.


http://www.e-khutuch.mn/guide/print/37/303/decide_order