ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ гэж асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхдийг байрлуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилахуйн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг нь хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдахаар заасан иргэд хүсэлтээ сум, хорооны халамжийн ажилтанд гаргана. Тухайн иргэний холбогдох материалыг сум, хорооны нийгмийн ажилтан иргэнтэй хамтран бүрдүүлж халамжийн ажилтанд өгнө.

Бүрдүүлэх бичиг баримт

  • Асрамжийн газарт асруулахыг хүссэн өргөдөл
  • Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх
  • Асруулагчийн хувийн мэдээллийн багтаасан анкет
  • Тэтгэвэрийн дэвтэр болон нийгмийн халамжийн бусад үйлчилгээн хамрагддаг болохыг нотлох баримт
  • Эрүүл мэндийн даатгалын дэвтэр
  • Эрүүл мэндийн дэвтэр
  • Сум, хорооны өрхийн эмч болон аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийн эрүүл мэндийн үнэлгээний хуудас / арьс өнгө, сүрьеэ, сэтгэл мэдрэл, архинд донтох өвчингүй байх/
  • Хурц, архаг халдварт өвчингүй гэдгийг баталсан лабораторийн шинжилгээнүүд дүгнэлтийн хамт
  • Сум, хорооны нийгмийн ажилтны үнэлгээний хуудас
  • Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газар болон аймаг, дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтсийн албан тоот
  • Аймаг, дүүргийн Засаг даргын захирамж
  • Цээж зураг 2-4 хувь
  • Асруулагчийн үр хүүхэд, ах дүү, төрөл төрөгсөдгүй болохыг нотлох улсын бүртгэлийн архивын лавлагаа

Сум, хорооны халамжийн ажилтан тухайн хүсэлтийг холбогдох бичиг баримтын хамтаар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст уламжилна.

Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс санал, холбогдох бичиг баримтыг аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргад хүргүүлж шийдвэрлүүлнэ.

 Асрамжийн газарт асруулахаар шийдвэрлэсэн иргэнийг тухайн аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэс,  сум, хорооны нийгмийн ажилтан асрамжийн газарт хүргэж өгнө.

Тухайн иргэнийг холбогдох баримт бичиг хувийн хэргийн хамтаар асрамжийн газрын нийгмийн ажилтан, эрүүл мэндийн ажилтан нар хүлээн авна.

Эцэг эх нь хүсэлт гаргавал ихэр хүүхдийг 4 настай болтол аймаг, хотын хүүхэд асрах газарт төрийн зардлаар асрамжлан өсгөж хүмүүжүүлнэ. Тухайн орон нутагт нь асран халамжлан, өсгөж хүмүүжүүлэх боломжгүй бол нийслэлийн хүүхэд асрах газарт эхтэй нь хамт шилжүүлэн асарч болно. Тухайн байгууллагын холбогдох дүрэм, журамд заасан  бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

Ихэр хүүхдийг 4 настай болтол эмнэлгийн байгууллагын хяналтанд байлгах ба үүнтэй холбогдон гарах зардлыг эмчилгээ, үйлчилгээ үзүүлсэн тухайн эмнэлгийн байгууллага хариуцна.


http://www.e-khutuch.mn/guide/print/35/420/decide_order