ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээ гэж асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл, садангүй бөгөөд бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардагдах ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнчлэн хүнд нөхцөлд байгаа хүүхдийг байрлуулан хоол, хувцас, эмнэлэг, соёл, ахуй, сэтгэл зүй, асаргаа сувилахуйн үйлчилгээ үзүүлэх, тэдний амьдралын хэвийн нөхцөлийг бүрдүүлэх, хууль ёсны эрх ашгийг нь хууль тогтоомжид заасны дагуу хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.

Нийгмийн халамжийн үйлчилгээг энэ хуулийн зорилтот бүлгийн иргэдээс бусад өрх, иргэний хүсэлтийн дагуу төлбөртэй үзүүлж болох бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийн хэмжээг үйлчлүүлэгчтэй хэлэлцэн тогтооно.

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаж байгаа нийгмийн даатгалын болон халамжийн тэтгэвэр авагч ахмад настан, 18 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй иргэний тогтоогдсон тэтгэврийнх нь 70 хувийг асруулж байгаа иргэнд, 30 хувийг тухайн асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагад журмын дагуу олгоно.

Асрамжийн газар асруулагчийн хувийн хэрэг нээж, мэдээллийн сан бүрдүүлнэ.

Асруулагчийн хувийн хэргийг асрамжийн газрын тухайн үйлчлүүлэгчийг хариуцсан нийгмийн ажилтны өрөөнд байрлуулсан тусгай зориулалтын, хамгаалалт бүхий сейфэнд хадгална. Хувийн хэргийг асруулагч өөрөө болон тухайн асруулагчтай харилцдаг нийгмийн ажилтнаас бусад хүн зөвшөөрөлгүйгээр авч үзэх боломжгүй байх нөхцөлийг хангасан байна.

Асруулагчийг  насны байдал, тусгай хэрэгцээ, нөхцөл, асруулах хэлбэр, чиглэлээр нь төрөлжсөн асрамжийн газруудад төрөлжүүлэн шилжүүлж болно.

Төрөлжсөн асрамжийн газрын нийгмийн ажилтан нь шинээр нйигмийн халамжийн тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн иргэний баримт бичгийг журмын дагуу бүрдүүлж тухайн асрамжийн газрын харъяалагдаж байгаа сум, хорооны нийгмийн ажилтанд өгч, шийдвэрлүүлнэ.

Асрамжийн газарт асруулж байгаа асруулагч нь гэмт хэрэг үйлдэх, ёс суртахууны доголдол гаргах, архи уух, чөлөөний хугацааг хэтрүүлэх, чөлөөгүй явах зэрэг асрамжийн газрын дотоод журмыг зөрчвөл хүмүүжлийн болон захиргааны арга хэмжээ авна. Үүнд

  • Дутагдал, доголдлыг асруулагчид хэлж анхааруулах
  • Захиргааны болон асруулагчдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж сануулах
  • Асрамжаас гаргахыг сануулах
  • Асрамжийн газрын даргын тушаалаар асрамжаас гаргах.

Асрамжийн газарт ирж үйлчилгээ авч байгаа асруулагч нийгэм хамт олны дунд буцаж очих асуудлыг түүнтэй анх байгуулсан 3 талт гэрээгээр зохицуулах ба өөрийн хүсэлтээр гэрээг цуцлан нийгэм хамт олны дунд амьдрахаар буцаж болно.

Асруулагчийг дараах нөхцөлд асрамжаас гаргана.

  • Биеийн байдал нь сайжирч хөдөлмөрлөх чадвартай болсныг нотолсон Эмнэлэг, хөдөлмөр магадлах комиссын шийдвэр
  • Асруулагчийн тэжээн тэтгэх хүүхэд, төрөл, садан нь илэрч, улмаар тэжээн тэтгэхийг хүссэн, эсвэл хууль ёсоор тэдгээрт өгч асруулах үндэслэл бүрдсэн.
  • Асруулагчийг ямар нэг аж ахуйн нэгж, компани ивээлдээ авч асрахыг хүссэн.
  • Асруулагчийн хүүхэд нь насанд хүрч сургуулиа төгссөн буюу цэргээс халагдаж, ажил хөдөлмөр эрхэлдэг болсон.
  • Богино хугацаагаар үйлчилгээ аваад гэрээний хугацаа дууссан
  • Тухайн асруулагч өөр үйлчилгээ сонгосон
  • Асрамжийн газарт ирээд асруулагч тодорхой хөтөлбөрүүдэд хамрагдан чадваржсан, цаашид бие даан амьдарч чадна гэдгээ илэрхийлсэн тохиолдолд асрамжийн үйлчилгээг  дуусгавар болгоно.

Асрамжийн газраас гарч байгаа иргэнд түүний хэрэглэж байсан хувцас, хэрэглэлийг өгч аймаг, нйислэл, сум хүртэлх унааны зардлыг олгоно.

Асруулагчийн буцаж очих орон нутгийн Засаг захиргаа болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй байнгын холбоо тогтоож, асруулагч нийгэм хамт олон дунд очоод хэрхэн амьдрах эхний шатны хөгжлийн төлөвлөгөөг хамтран боловсруулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж хамтран ажиллана.


http://www.e-khutuch.mn/guide/print/35/420/advice