ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Хүүхдийн мөнгөн тэтгэмж

Хүүхдийн мөнгөн тэтгэмж гэдэг нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд, эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий МУ-н иргэнд олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх дараалал

Нэг. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь хүүхдийн мөнгө олгох ажлыг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах бөгөөд хүүхдийн мөнгө олгох хүүхдийн жагсаалтыг Нийгмийн халамжийн тухай хуулийн 29.1-д заасан өрхийн мэдээллийн нэгдсэн сан (цаашид "мэдээллийн нэгдсэн сан" гэх)-ийн мэдээлэл, энэ журмын 1.2-т заасан босго шугам болон хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд тус тус үндэслэн жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны өдрийн дотор гаргана.

Хоёр. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага төрөлжсөн асрамжийн газар амьдарч байгаа хүүхдийн овог, нэр, регистрийн дугаар, арилжааны банкан дахь данс, шилжилт хөдөлгөөний мэдээллийг хянаж, сар бүрийн 05-ны өдрийн дотор нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Гурав. Хүүхдийн мөнгө олгох эсэх мэдээллийг халамжийн нэгдсэн систем "ehalamj", эсхүл төрийн үйлчилгээний нэгдсэн систем "Е-Моngolia"-д хандан цахим хэлбэрээр шалгах бөгөөд хүсвэл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан биечлэн шалгуулж болно. Сум, хорооны нийгмийн ажилтан мэдээллийг халамжийн нэгдсэн систем "ehalamj"-ээс мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу шалгаж өгнө.

Дөрөв. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэд төрсөн болон мэдээллийн нэгдсэн сан дахь өрхийн мэдээлэлд нь өөрчлөлт орсон, мэдээлэл зөрүүтэй тохиолдолд хүүхдийн мөнгө авах хүсэлтийг дараах хэлбэрээр гаргана:

  • халамжийн нэгдсэн систем "ehalamj", эсхүл төрийн үйлчилгээний нэгдсэн систем "Е-Моngolia"-д хандан цахимаар;
  • сум, хорооны нийгмийн ажилтанд хандан өөрийн биеэр

Тав. Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдээллийн нэгдсэн сан дахь мэдээлэлтэй тулган нягталж, мэдээлэл нь шинэчлэгдсэн тохиолдолд ажлын 5 өдрийн дотор өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлон хүүхдийн мөнгө олгох эсэхийг хянаж, баталгаажуулна. Ийнхүү хяналт, баталгаажуулалтаар хүүхдийн мөнгө авах эрх үүссэн тохиолдолд хүсэлт гаргасан сараас тооцож хүүхдийн мөнгийг олгоно.

Мэдээллийн эзэн мэдээллийн нэгдсэн сан дахь өрхийн талаарх мэдээллээ зөрүүтэй гэж хүсэлт гаргасан тохиолдолд уг хүсэлт гаргаснаас хойш ажлын 10 өдрийн дотор зөрүүтэй мэдээллээ шинэчлүүлэх хүсэлтээ холбогдох төрийн байгууллагад гаргаж, мэдээллээ шинэчлүүлнэ.

Өрхийн амьжиргааны түвшинг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтэд үндэслэн жилд дахин нэг удаа үнэлж болно.


http://www.e-khutuch.mn/guide/print/35/347/decide_order