ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Нийгмийн халамж үйлчилгээ Хүүхдийн мөнгөн тэтгэмж

Хүүхдийн мөнгөн тэтгэмж гэдэг нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд, эсхүл түүнийг төлөөлөх хууль ёсны эрх бүхий МУ-н иргэнд олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХУРИИМТЛУУЛАХ

Хүүхдийн ирээдүйн боловсролд хөрөнгө оруулах зорилгоор 2025 оноос хүүхдийн мөнгөний 10 хувь, 2026 оноос 20 хувь, 2027 он ба түүнээс хойш жил бүр 30 хувийг хадгаламж хэлбэрээр хуримтлуулна.

Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээд, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрөө хүсвэл дээрх хэмжээнээс илүү хувиар хуримтлуулж болно.

Төрөлжсөн асрамжийн газарт амьдарч байгаа хүүхдийн мөнгийг асрамжийн газар нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгэж, банканд бүрэн хадгалуулна. Хадгаламжийн дэвтрийг тухайн асрамжийн газар байрлах орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага хадгалж, хүүхдийг 16 нас хүрсний дараа өөрт нь, хэрэв хүүхэд нас барсан тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу түүний өв залгамжлагчид нь хүлээлгэн өгнө.

ХҮҮХДИЙН МӨНГӨ ОЛГОХЫГ ЗОГСООХ, ТҮДГЭЛЗҮҮЛЭХ 

Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг зогсоох шийдвэр гаргана:

  • хүүхэд 18 нас хүрсэн;
  • хүүхэд нас барсан;
  • Монгол Улсын харьяатаас гарсан;
  • эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн этгээдийн, эсхүл 16 насанд хүрсэн бол хүүхэд өөрийн хүсэлтээр хүүхдийн мөнгө авахаас татгалзсан;
  • хуурамч баримт бичиг бүрдүүлэн хүүхдийн мөнгө авсан нь хяналт, шалгалтаар тогтоогдсон;
  • амьжиргааны түвшин нь журамд заасан босго шугамаас дээш гарсан.

Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараахь тохиолдолд хүүхдийн мөнгө олгохыг түдгэлзүүлэх шийдвэр гаргана:

  • мэдээллийн зөрүүтэй нөхцөлөөс шалтгаалж хүүхдийн мөнгө илүү олгогдсон;
  • эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
  • эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, эсхүл эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрхийг зөрчсөн талаар хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

 


http://www.e-khutuch.mn/guide/print/35/347/advice