ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ

Боловсролын үйлчилгээ Багшийн ёс зүй

Багш мэргэжлийн ёс зүйн асуудлыг багшийн зан төлөв, мэргэжлийн мэдлэг чадвар, нийгмийн өмнө хүлээх үүрэгтэй холбож авч үздэг. Сурган хүмүүжүүлэх ёс суртахуун гэдэг нь сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны хүрээнд багшийн зан үйлийг зохицуулдаг зарчим, дагаж мөрдөх хэм хэмжээ, үнэлгээний түүхэн ёсоор уламжлагдаж ирсэн систем юм. Багшийн ёс зүй нь мэргэжилдээ хайртай байх, хөдөлмөрийнхөө чанарын төлөө өндөр хариуцлага, ёс суртахууны мэдрэмжийг төлөвшүүлэх, үйл ажиллагааны үр дүн, өгөөжийг дээшлүүлэх хэрэгсэл юм. "Багшийн мэргэжлийн ёс зүй" гэж багшийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой нийтээр хүлээн зөвшөөрсөн итгэл үнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны үйлдэл, эс үйлдлийг хэлнэ.

Асуудлыг шийдвэрлэх байгууллага

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг,  албан бус, насан туршийн боловсролын төвийн удирдлага болон аймаг, нийслэлийн засаг даргын дэргэд “Зөвлөл” ажиллана.  Ёс зүйн зөвлөл нь “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, албан бус, насан туршийн боловсролын төвийн багш, удирдах болон бусад ажилтны ёс зүйн дүрэм”-ийн хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчил гаргасан талаарх асуудлыг шалгаж, хариуцлага хүлээлгэх үндэстэй эсэх талаар дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байгууллага юм. Зөвлөл нь цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, нутгийн захиргааны болон орон нутгийн хүүхэд хамгаалал, боловсролын байгууллагын төлөөлөл бүхий 7-9 хүний бүрэлдэхүүнтэй байна.

Багш болон бусад ажилтны ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг тухайн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, удирдах ажилтан ёс зүйн зөрчил гаргасан тухай гомдлыг тухайн аймаг, нийслэлийн Зөвлөлийн дарга тус тус “Гомдол, хүсэлт гаргах маягт”(Хавсралт 3)-ын дагуу хүлээн авна. Амаар гаргасан гомдлыг гомдол гаргагчаас маягтаар баримтжуулж авна.


http://www.e-khutuch.mn/guide/print/34/427/decide_org